Орчин үеийн "Монгол айл"-ыг уран бүтээлчид урлав

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Орчин үеийн "Монгол айл"-ыг уран бүтээлчид урлав

Орчин үеийн "Монгол айл"-ыг уран бүтээлчид урлав

Энгийн модон хээтэй орыг хээ угалзтай, хээнцэр давуун дэр, хурганы арьс тэргүүтнээр чимжээ. Саарал өнгөний сонголт өвөрмөц. Орны өмнө байрлуулсан алхан хээтэй ширээ, шаазан домбо, цайны эдлэлүүд тансаг шийдэлтэй юм.  

Араг дотор тавьсан цэцгийн ваар, “Үүлэн чөлөөний нар” гэж нэрлэсэн ширээний гэрэл гээд монгол үндэсний хээ угалзыг орчин цагийн интерьер дизайнтай хослуулсан өвөрмөц дэглэлттэй “Interior Accessories-2018” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн арт галерейд үүдээ нээгээд байна. 

Нам гүмхэн танхимын голд байрлуулсан эрээн авдрыг уран бүтээлч Б.Мөнхцэцэг “Дархан хүн бурхан ухаантай” гэх инстоляци бүтээлээрээ дүрсэлжээ. Тэр нууцлаг авдрын цоож нүүдэлчин түмний соёл, монгол дархны ур ухаан нэвт шингэсэн байдаг гэдгийг өгүүлэх мэт. 

Уран бүтээлч Б.Мөнхцэцэг “Дархан хүн бурхан ухаантай” инстоляци бүтээл

Танхимын нэгээхэн хэсэгт “Ццэнхэр өрөө” тохижуулж, керамикийг эсгий болон модтой хослуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татна. Өрөөний голд тааран хөшиг татаж, керамикаар урласан “Алтан өндөг’-тэй гоёмсон шилэн ширээ байрлуулсан нь уран бүтээлч Д.Отгонбаярын шийдэл ажээ. Энэ мэт шинэлэг, содон, дахин давтагдашгүй цор ганц шийдлүүдийг уран бүтээлчид өөрсдийн ертөнцөөрөө дамжуулан илэрхийлэв. 

Уран бүтээлч Д.Отгонбаярын "Цэнхэр өрөө" шийдэл

Олны хүртээл болоод хоёр хонож буй уг үзэсгэлэнг анх 2011 онд 13 уран бүтээлч хамтран дэлгэн тавьж байжээ. Өдгөө долоон жилийн дараа 18 уран бүтээлч хамтарч, уран зураг, баримал, керамик, гар урлал, тавилгын дизайн, видео арт, өрөг урлагийн төрлөөр хамтран ийм нэгэн тансаг орчинг бүрдүүлээд байна. 

Зураач Д.Бадам

Үзэсгэлэнд “Архангайн нутаг” монгол зургаар оролцож буй зураач Д.Бадам “Монголчууд цаг үеэ дагаад орчин үеийн амьдралын хэв маягт уусч байна. Үүнийгээ дагаад ажил, амьдралын орчноо өөрт таатай, тохилог байдлаар бүрдүүлэхийг эрхэмлэдэг болжээ. Тиймээс ч энэ удаагийн үзэсгэлэнгээрээ хүмүүсийн хэвшмэл хэв маягаас аль болох татгалзаж, уран бүтээлчийн өөрийн санаа шийдлээр бүтээсэн өвөрмөц ертөнцөөр аялах боломжийг олгож байгаа юм. Миний хувьд монгол хэв маяг болох монгол авдар, эмээлтэй хослох монгол зургийн бүтээлээ дэлгэн тавьсан” гэв.

Монгол үндэсний хэв маягийг заавал хээ угалз гэхгүйгээр өөр олон элементийг ашиглан, аль болох завсрын, саарал ч юм уу, эсгий, тааран материал ашиглан, донжийг олж хослуулсан нь сайхан шийдэл болжээ. 

Та гэр, байр, орчноо тохижуулахдаа монгол ахуйтай хослуулахыг хүсдэг бол энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх өвөрмөц үзэсгэлэнг зориорой. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж