Интернэтээр алдаршсан “од” жаалууд

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Интернэтээр алдаршсан “од” жаалууд

Интернэтээр алдаршсан “од” жаалууд

Цахим сүлжээнд тавигдсан санамсаргүй нэг бичлэг, нэг агшин хүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн өч төчнөөн жишээг бид мэднэ. Алдартай дуучин, жүжигчид ч ийм замналаар алдрын оргилд хүрсэн нь бий. Тэдний адилаар интернэтээр алдаршиж, олонд танигдсан, олон хүний хайрыг татсан “од” жаалууд тухайн цаг үедээ цахим ертөнцийн тренд болж байсан юм.


МЕССИГИЙН ФЕН “УУТАН ӨМСГӨЛТЭЙ ЖААЛ”

Муртаза Ахмади гэх афган жаал хөлбөмбөгч Лионель Мессигийн өмсгөлийг дуурайлган гялгар уутаар хийсэн хувцастайгаа сошиал сүлжээнд алдаршсан юм. Зургаан настай жаал хүүгийн цагаан, цэнхэр судал бүхий гялгар уутыг өмсгөл болгон углаж, дээр нь “Месси 10” хэмээн бичсэн зураг 2016 оны нэгдүгээр сард анх сошиал ертөнцөд цацагдсан. Хүүгийн зураг Мессигийн хөгжөөн дэмжигчдийн албан ёсны хуудсанд тавигдсанаар тэр дэлхийн танил болж, Афганистаны нийслэл Кабул хотоос зургаан настай хүүг олох аян өрнөсөн юм. Улмаар Австралид амьдардаг хүүгийн нагац ах Азим Ахмади ВВС-д энэ тухай мэдээлснээр хүүг олжээ.

Хөлбөмбөгт дуртай бяцхан хүүгийн алдартай өмсгөлийг ах нь “урлаж” өгсөн гэнэ. Жинхэнэ өмсгөл худалдаж авах боломжгүй тул тийнхүү дуурайлган хийжээ.

Тэр цагаас хойш 11 сарын дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард Муртаза хүү баатартайгаа анх удаа нүүр тулан уулзсан билээ. Месси тэргүүтэй “Барселона” клубынхэн тэр үед Саудын Арабын “Аль Ахли” клубтэй үзүүлэх тоглолт хийхээр Катарын нийслэл Доха хотноо очих үед Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах комиссынхан афган хүүг Месситэй уулзуулах арга хэмжээг зохион байгуулжээ.

5:3 харьцаатай Испанийн багийн ялалтаар өндөрлөсөн тэр тоглолтын өмнө Муртаза хүү талбай дээр “Барса”-чуудтай хамт зургаа авхуулж, тоглолтын нэгэн маскотын дүрээр талбай дээр өнжсөн юм.

Үүнээс өмнө Муртаза хүүгийн сошиалд тарсан зургийн дараа Мессигийн гарын үсэг бүхий өмсгөл, бөмбөгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд түүнд тусгайлан бэлэглэж байв. Тэр мөч амьдралынх нь хамгийн жаргалтай үе байсан тухай хүүгийн аав Ариф Ахмади ярьсан байдаг.

Гэвч хүүгийн баяр баясгалангийн цаана хүнд хэцүү асуудал ч тулгарчээ. Дэлхийн танил болж, НҮБ-ын Хүүхдийн сангаас түүнд бэлэг илгээсний дараа Муртазагийн гэр бүлийнхэн байнгын заналхийлэл, сүрдүүлэгт автах болсон гэнэ. Хүүхдэдээ Коран судрыг номлож, заахын оронд хөлбөмбөг зааж буйг нь буруушаасан хэдэн арван дуудлага ирдэг байсан тухай Ариф хожим CNN-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Аюул заналхийллээс эмээхдээ тэд 2016 оны тавдугаар сард Афганистаныг орхиж, Пакистан рүү дүрвэсэн байна.

—————————————————–

“ЧАРЛИ ДАХИАД Л ХУРУУГ МИНЬ ХАЗЧИХЛАА”

YouTube сүлжээнд бүх цаг үеийн хамгийн өндөр хандалттай видеоны жагсаалтад хөгжмийн бус ганц бичлэг байдаг нь “Charlie Bit My Finger – Again!”.

“Чарли дахиад л хурууг минь хазчихлаа” хэмээн уйлан дуулан хэлдэг гурван настай Харри хүүгийн бичлэг 2007 онд YouTube-д тавигдсан юм. Өнөөдрийг хүртэл 857,729,484 хүн тэрхүү бичлэгийг үзжээ.

Нэг настай дүү Чарли нь ахынхаа хурууг хазсан тэр бичлэгийг хөвгүүдийн аав Ховард Дэвис-Карр анх интернэтэд байршуулсан байна. Зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд үзүүлэх гэж оруулсан бичлэг нь маш хурдан тархаж, олон сая хүнд хүрсэн юм.

Бяцхан хүү Чарли ахынхаа гарыг хазсанаас хойш 10 гаруй жил өнгөрчээ. Харри одоо 13 настай, харин Чарли 11-тэй. Тэд аав, ээжийнхээ хамт Букингемшайэрт амьдардаг хэвээрээ. Тэд YouTube-д алдаршсан бичлэгийнхээ шанд нэг сая орчим фунт стерлингтэй болсон ч байр сууцаа томруулж, үнэтэй тансаг хороолол руу нүүгээгүй гэнэ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн, Харри, Чарли нар хоёр дүүтэй болжээ. Хоёулаа хүү. Жаспет есөн настай, Руперт зургаан настай.

Хөвгүүдийн ээж Шелли Дэвис-Карр, аав Ховард нар нь хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн мөнгө зарцуулдаг гэнэ. Тансаг байр, үнэтэй машинаас илүү мэдлэг, боловсрол тэдний ирээдүйд чухал гэж үзжээ.

—————————————————–

РОБЕРТ КЕЛЛИГИЙН “ДАЙСНЫ ЦЭРГҮҮД”

Аавыгаа олон улсын нэр хүндтэй сувгаар онлайнаар шууд ярилцлага өгч байхад нь өрөөнд орж ирж, ажлыг нь баллаж орхисон бяцхан “дайсны цэргүүд” өнгөрсөн жилийн сошиал одод байсан билээ.

Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг АНУ-ын судлаач, профессор Роберт Келли Skype ашиглан, BBC телевизэд гэрийнхээ ажлын өрөөнөөс шууд ярилцлага өгч байх үед хүүхдүүд нь хаалга онгойлгон орж ирж, удалгүй ээж нь яаран сандран орж ирээд хүүхдүүдийг авч гараад, хаалга хааж буй бичлэг YouTube-д хэдийн 26 сая хандалт авчээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулсан асуудлаар ид ярилцаж байх зуур Келлигийн дөрвөн настай охин нь хаалга онгойлгон, том том, маасагнан алхсаар, араас нь хөлд оруулагч дээрээ суусан найман сартай дүү нь өрөөнд ороод ирсэн юм. BBC-гийн нэвтрүүлэгч, Роберт Келли гээд хэн хэн нь тэрхэн зуур учраа олохгүй, сандрах зуур Келлигийн эхнэр Ким Жун-а ёстой л “чавхдаж” орж ирээд, хүүхдүүдээ аваад гарсан.

Келли өөрөө болсон явдлыг хаалгаа түгжихээ мартсанаас болсон гэж тайлбарлажээ. “Миний жижиг алдаа гэр бүлийнхнийг минь YouTube-ийн од болгочихлоо. Ёстой хөгтэй явдал болсон” хэмээн тэрбээр “Wall Street Journal”-д ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

Харин түүний гэргий Ким Жун-А “Хаалга түгжээтэй байвал хүүхдүүд маань буцаад хүрээд ирдэг юм. Гэтэл байдаггүй. Харсан чинь хаалга онгорхой байсан. Би ч сандраад л явчихсан” гэж ярьжээ.

Шууд нэвтрүүлгийн үеэр “факталсан” Келли дахиад BBC-гийн нэвтрүүлэгт орохоосоо өнгөрсөн гэж бодсон гэнэ. Тэрбээр BBC-д хандан уучлал хүссэн захидал илгээсний хариуд тус сувгийн удирдлагууд тэрхүү видео бичлэгийг интернэтэд байршуулах зөвшөөрөл хүсчээ. Келли эхлээд шууд татгалзсан ч эцэстээ зөвшөөрсөн байна.

Ингээд бичлэг интернэтэд тавигдаж, түүний утас зогсоо зайгүй хангинаж эхэлсэн гэнэ. Тэгээд сүлжээг нь хаахаас өөр аргагүй байдалд хүрсэн тухайгаа тэр ярьжээ. Үүний төлөө тэд хүүхдүүдээ зэмлээгүй, учир нь Келли хүүхдүүд нь хэзээ ч хамаагүй аав дээрээ ирэхэд дургүйцэх зүйл байх ёсгүй хэмээсэн байна.

YouTube-ын од болсон гэнэн томоогүй хүүхдүүдээс сэдэвлэн кино зохиолч Лорен Мартин “Мина, Жек хоёрын адал явдал” нэртэй цуврал энимейшн кино бүтээсэн юм. Одоогоор киноны эхний хоёр цуврал анги цацагдаад байна.

—————————————————–

ЦАГДАА БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ “МӨСӨН ЖААЛ”

Хятадын зайдуу тосгонд ядуу зүдүү амьдралтай ч сурах чин хүсэл эрмэлзэлтэй найман настай хүүгийн нүүр ам, толгой битүү цантсан зураг нийгмийн сүлжээгээд тарж, хүү олон хүний хайрыг татсан нь саяхан. Хүү 100 онооны шалгалтад 99 оноо авсан нь бүр ч сайхан мэдээ байлаа. Тэрбээр Юньань мужийн Жаотун тосгоны бага сургуульд суралцдаг гэнэ.

Ирээдүйд том хотын завгүй цагдаа болох мөрөөдөлтэй Ван хүүгийн ээж багад нь орхиод явсан, аав нь хотод ажилладаг учир хүү хөдөөгийн ядуу тосгонд эмээ, үеэл эгчтэйгээ амьдардаг гэнэ.

Интернэт орчинд олны танил болсон цагаас хойш “Мөсөн жаал” хочтой болсон Ван Фүмань хүүд олон хүн, байгууллагууд хандив өгсөөр байна. Орон нутгийн Коммунист залуучуудын байгууллагаас 100,000 юань буюу 15,000 ам.доллартай тэнцэх мөнгө хандивласныг орон нутгийн удирдлагууд сургууль дээр нь аваачиж өгсөн юм.

Мөн нэгэн компани хүүд болон хүүгийн ангийн сурагчдад бүгдэд нь өвлийн хувцас бэлэглэснээс гадна сургуульд нь халаалтын төхөөрөмж хандивласан байна. Тус компани мөн хүүгийн аавд ажил санал болгосон тул алдарт "мөсөн жаал" цаашид аавтайгаа хамт байх боломжтой болжээ.

Саяхан орон нутгийн телевиз хүүгийн тухай нэвтрүүлэг бэлтгэсэн нь олон хүнд таалагдсан бөгөөд хүү телевизээр үг хэлэхдээ “Хүмүүс надад зөндөө бэлэг, гоё зүйл өгсөн” хэмээн ярьжээ.

Аав нь хол ажиллахаар явахдаа хүүдээ халаасандаа байсан таван юанийг үлдээжээ. Хүү тэр мөнгийг одоо болтол үрээгүй бөгөөд "Аавыгаа өвчин тусах үед эмчлэхээр хадгалж байгаа" гэж ярьсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж