О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаараа сонгосон шийдвэр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцсэн эсэхийг асуудлыг Улсын Дээд шүүх өнөөдөр /2018.01.19/ хэлэлцсэн юм.

Шүүх Төрийн ордонд 2017 оны арванхоёрдугаар сард болсон МАХН-ын II чуулганыг тойрсон асуудлыг намын дотоод асуудал гэж үзжээ. Тиймээс О.Баасанхүүг намын дотоод асуудлаа Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн, намын даргаар бүртгэхээс татгалзжээ.

Шүүх хуралд О.Баасанхүү гишүүн, нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн нар оролцов.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хуралд ирээгүй бөгөөд түүнийг төлөөлж МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан болон намын гишүүн Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж нар ирсэн. 

Шүүх хурлын шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн танилцуулахаас өмнө О.Баасанхүү гишүүн шүүх танхимыг орхин гарсан юм. 

МАХН-ын II их чуулганаар намын даргын албан тушаалаас Н.Энхбаярыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилох шийдвэр гаргасан бол тус намын зарим удирдлага чуулганыг хууль бус гэж үзэн, хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн билээ.

МАХН-ын II их чуулганы дараа О.Баасанхүү дүрмийн өөрчлөлт болон намын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан юм. Түүнийг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг шийдэх хурлыг Улсын Дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр товлосон ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хойшлуулах санал тавьсан тул өнөөдөр шүүх хурал болов.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж