Ребята, давайте жить дружно

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Ребята, давайте жить дружно

Ребята, давайте жить дружно

Ерээд оны дэлгүүрийн лангуун дээр давс, гоймон хоёроос өөр юмгүй байсан үед Герман Германдаа бүр баруун Герман Монголоос цагаан зээрийн мах авахаар боллоо. Дойч марктай болох нь гэж дээр дооргүй л их баярлав. Ингээд тохирсон ёсоор махны дээж явуултал “Уучлаарай, танай махнаас олон улсад хориглосон химийн пестицид болох DDT гарсан учир танайхаас мах авах боломжгүй боллоо” гэсэн хариу ирлээ.

ДДТ (дихлордифенилтрихлорэтан) буюу англиар дааст гэж дуудагддаг dust буюу тоос гэсэн үг оросоор дамжин бид дүүст гэх болсон энэхүү химийн пестицидийг Австрийн химич Отмар Цейдлер 1873 онд анх гаргасан боловч хожим  Швейцарийн химич Паул Мюллер шавьж устгах нөлөөг нь илрүүлэн 1939 онд амьдралд нэвтрүүлснээр 1948 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн түүхтэй. Түүний нэвтрүүлсэн энэ хорны нөлөөгөөр хумхаагаар үхэх хүний тоо эрс багасч тариалангийн ургац мэдэгдэхүйц өсч бүр “Ногоон хувьсгал” боллоо гэгдэж байв. 1962 он гэхэд үйлдвэрлэхэд хялбар энэхүү хорыг дэлхий  жилд 82 сая кг-ыг үйлдвэрлэж 80 саяыг нь хэрэглэж байлаа. 1899 онд төрж амьддаа нэр хүндийн оргилд хүрсэн Паул Мюллер гэх энэ эрдэмтэн 66 насандаа хорвоог орхилгүй 1968-1970 он хүртэл амьдарсан бол амьдаараа шатаалгасантай адилтгам их хараал зүхэл хүртэх байсныг зөвхөн бурхан л мэдэх байх. Учир нь, АНУ-ын зохиолч эмэгтэй Рейчил Карсоны “Аниргүй хавар” ном гарснаар ДДТ ямар гэгч аюултай хор болохыг хүн төрөлхтөн мэдэж авсан хэрэг. Аюул нь ДДТ ямар ч гэрэлд, ямар ч өндөр температурт, ямар ч гадны ферментийн нөлөөнд автаж задардаггүй аж. Өөрөөр хэлбэл, мөнхийн хор гэсэн үг. Хамгийн аюултай нь энэ хор идэш тэжээлийн гинжинд орохоор шат болгонд 10 дахин өсдөг байна. Энэ нь усны ёроолын лаг шаварт ганц хувь байсан ДДТ, замаг гэх мэт усны ургамалд 1000, даафни, циклооп гэх мэт загасны тэжээл болдог планктоон амьтдад 10 мянга харин эдгээрийг иддэг жижиг загасанд 100 000, эдгээр загасыг иддэг том загасанд нэг сая болж хуримтлагддаг аж. Эцэст нь эдгээр том загасыг иддэг шувуу болон  хүнд арван сая болж хуримтлагддаг байна. Хуурай газарт ч гэсэн энэ шатлал хөрснөөс ургамалд, ургамлаас амьтанд, амьтнаас хүнд гэх мэтээр яг адил давтагдах боловч энэ бодисоор хордсон эд болон усыг өнгөөр нь төдийгүй үнэрлэж, амталж мэдэх ямар ч боломжгүй байдаг аж. Амьтан болон хүний биед орсон ДДТ эд эрхтэнд хуримтлан  гадагшлахгүй  байсаар хорт хавдар үүсгэх суурь болох төдийгүй, генийн бүтцэд нөлөөлж үр удмыг нь ч хордуулдаг аюултай. Ингээд 1968 онд Европт, 1970 онд ЗХУ-д ДДТ хэрэглэхийг хориглолоо. Нэгэнт үйлдвэрлэчихсэн тэгээд бас задардаггүй хорыг яах вэ? Би үхэхээр чи үх. Монголд малаа паразитаас арилга  гээд өгчихсөн хэрэг. Бид “Ган бат найрамдалаа тэнгэрт нартай,  газарт галтай мандуулав” гээд байдаг. Нөгөө “Ган бат найрамдал”-ын  байж байгаа  цаад царай нь энэ. Таарсан таар, шуудайнууд.

Тэр үед энэ асуудлыг олон улсад тавилаа гэхэд ОХУ нөхөн төлбөрийн чадваргүй байснаас гадна хамгийн гол нь хойд хөршөө ядарч байхад нь олон улсад нэр хүндийг нь навс унагачих гээд байв. Нөгөө талаас нэгэнт манай улсын хөрсөнд орчихсон 15-20 жилийн дараа дөнгөж хагас задралд ордог энэ хор 40 жилийн дараа л задрах, задардаггүй юм гэхэд усанд уусан буцаад Орос руугаа урсаад дуусахаар тооцоо гарлаа. Бас нэг аюул нь энэ асуудлыг сөхвөл манай махыг төдийгүй, малын арьс, ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг бусад улс авахгүй болчих магадлал өндөр байв. Иймээс Монголын биологичид хэрэг хуучрахгүй гэж үзээд 20 жил таг дуугүй  хүлээхээр болов. Борисын үед Байгал нуурын далайн хаванд ДДТ илэрсэн тухай шуугиан Оросын парламентын гишүүдийн дунд гарснаа болохгүй сэдэв хөндөж буйгаа мэдсэн юм байлгүй удалгүй таг  болчихлоо. Ингээд 2000 он гартал оросууд манай Ерөнхийлөгчид  Байгал нуурын ёроолыг үзүүллээ. Оросууд сайндаа энэ нуурын ёроолыг судлаад эхэлсэн юм биш. ДДТ нуурын ёроолд тунан хуримтлагддаг болохоор л судалдаг болсон хэрэг. Оросууд манай удирдагчдыг заавал үндэсний баяраар нь бууддаг байсан шиг Ерөнхийлөгчөөр нь дамжуулан монголчуудыг доромжилж байна гэж зарим биологич үзсэн учраас ДДТ-гийн асуудлыг сөх хэмээн шаардаж эхлэв. Ингээд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн П.Цогтсайхантай очиж уулзацгаалаа. Үр дүн нь тогтмол устай нуурын загасыг олзворлож экспортлох зөвшөөрөл яам гаргаж нууруудаа ДДТ хорноос цэвэрлэхээр тохиролцов. Харин асуудлыг босгож тавь гээд байсан биологичдодоо энэ учрыг хэлж  “Та нар хорин жил тэссэн юм чинь дахиад хэдэн жил тэсчих” гэж гуйлаа.

Гэтэл өнөөдөр оросууд манайхыг эрчим хүчний хараат байлгахыг хүсэж, Эгийн голын усан цахилгаан станц барих төсөлд мөнгө өгөх гэсэн хятадуудыг хяхаж, бас болоогүй бүр өөрсдийн ТББ-ыг татан оролцуулан энэ ажилд элдвээр саад хийх болсон тул ДДТ-ийн асуудал дахин сөхөгдөж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, оросууд Байгаль нуурыг дэлхийн цэвэр усны нэг номерийн нөөц гээд байдаг нь домог болон үлдэж, Монголын Хөвсгөл нуур дэлхийд цэвэр усны нөөцөөр тэргүүлэх болж магадгүй боллоо гэсэн үг.

Монголчуудад хорт хавдар ялангуяа элэгний хорт хавдар ихэссэнийг  мэдээж оросын дүүсттэй холбож болно. Гэхдээ үүнийг батлахад маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулагдана. Өнөөгийн нөхцөлд бараг боломжгүй. Харин дэлхий нийтээр хориглосон задардаггүй хорыг манай улсад өгч Монголын байгалийн экосистемд нөхөж баршгүй хохирол учруулсан гэж ОХУ-ыг олон улсын шүүхэд өгвөл маш их мөнгөний нөхөн төлбөрийн асуудал босч ирнэ. Учир нь, ДДТ экосистемд нөхөж баршгүй хохирол учруулдгийг шинжлэх ухаан нэгэнт баталчихсан учраас энэ хорыг цөлжилттэй холбосон ч бид заргаа аваад л гарна.

Манай мэргэжлийн хүмүүст сануулахад бид цахилгаан станц барихдаа мод, бут, хар, хүрэн шороон хөрсийг нь хуулж авалгүй ус дүүргэснээс хэдэн жилийн дараа ялзрал үүсэн иргэдээ хортой усаар хангах болсон оросуудын гашуун туршлагыг давтаж болохгүйг хатуу анхаарах ёстой. Мөн далан барихдаа ёроолын усыг байнга гадагшлуулахаар хийх ёстойг мартаж болохгүй.

Усанд маш амархан уусдаг тэгээд бас задардаггүй, дэлхий нийтээр хорьчихсон хорыг өөрсдөөсөө өндөрт байгаа газарт аваачиж “асгадаг” Оёо толгойг ёстой чевоо ч гэхэв. Монголчууд үүнийг “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг. Оросууд “Восток тонкое дело” гэдэг байх аа.

Өнөөдөр АНУ болон Европын Холбооны голлох улсуудад оросуудын нэр хүнд ямар байгаа билээ. Монголын ТББ-ууд ДДТ-ийн асуудлыг олон улсад гаргавал тэд шүүрээд л авна. Гэвч бид үүнийг хүсэхгүй байна. Учир нь, монголд “Саахалт айлын санаа нэг”, Хятадад “Хөршийн хүн холын хамаатнаас дээр” гэсэн зүйр цэцэн үг бий. Харин оросоор бол “Ребята, давайте жить дружно” юм даа.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОН БАЙГАЛЬ

ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Г.АМАРСАНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж