Гашуунсухайт, Ганцмод боомтын гацаа

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт, Ганцмод боомтын гацаа

Гашуунсухайт, Ганцмод боомтын гацаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтын замыг өчигдөр өглөө /2018.01.18/ нээлээ.

Хэдийгээр Гашуунсухайт, Ганцмод боомтоор дамжин Монгол, Хятадын хилээр орж, гарах асуудал ийн шийдэгдсэн ч Ганцмодны боомт хаалттай байх арав хоногийн хугацаанд Монгол Улс 65 сая ам.долларын экспорт хийх боломжоо алджээ. Монгол Улс Гашуунсухайтын боомтоор өдөрт 2.5 сая ам.долларын үнэ бүхий зэсийн баяжмал, 4 сая ам.долларын үнэ бүхийн нүүрс экспортолдог ба энэ хугацаанд дээрх нийлүүлэлт зогсонги байдалд орсон. 

Үүнээс гадна, ‘Оюутолгой’ компани зэсийн баяжмалаа худалдан авагчдадаа нийлүүлж чадахгүй байдалд хүрсэн тухайгаа албан ёсны хэвлэлийн мэдээндээ дурдав. Хэрвээ Ганцмодны боомт нээгдэхгүй удсан бол ‘Оюутолгой’ компани худалдан авагчидтайгаа хийсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас их хэмжээний төлбөрт унаж мэдэхээр байлаа. 

Ганцмодны боомтын замыг нээхийн тулд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хойш Монгол Улсын Гадаад харилцааны яам Хятадын талтай хэлэлцээ хийж, өчигдөр боомтыг нээх шийдэлд хүрэв. Асуудал нэг талд шийдэгдсэн ч Монгол, Хятадын боомт тойрсон асуудал анхаарал хандуулах цэг болсныг энэ удаагийн үйл явдал харууллаа. 

Цаашид ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд Гадаад харилцааны яамнаас урьдчилан сэргийлж, анхаарч ажиллах болно гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. 

Боомтын замыг нээснээс хойш нэг өдрийн дотор Гашуунсухайт боомтоор 83 тээврийн хэрэгслээр 5395 тонн нүүрс тээвэрлэн Хятадын хилээр нэвтэрсэн бол Хятадаас Монгол руу 445 ачаагүй тээврийн хэрэгсэл орж иржээ. Мөн 20 тээврийн хэрэгслээр 560 тонн зэсийн баяжмал тээвэрлэн гарч, ачаагүй хоосон 60 тээврийн хэрэгсэл орж ирсэн юм. 

-Ганцмод боомтыг хаах шалтгаан юу байв- 

2017 оны төгсгөлд Гашуунсухайтын боомтоор нүүрсний тээвэр хийж байгаа ачааны машины цуваа 100 гаруй км-т хүрч, жолооч нар олон хоногийн дараа хил гарч байсан нь дотоодын төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан үйл явдал байв. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр 320 дугаар тогтоол батлан гаргаж, тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд доорх арга хэмжээг авсан. Тодруулбал, тээвэрлэлтийн уртын урт дарааллыг зогсоохын тулд дараах чиглэлийг тогтоосон. 

  • Нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлэлт зохион байгуулах
  • Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрлэлт зохион байгуулах
  • Хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт хийх
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлт хийх 

Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй хийсэн гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомжийг ханган ажиллаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгсэлд улс хоорондын тээвэр хийх С ангиллыг бичгийг олгожээ. 

Засгийн газрын 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, нүүрсний тээвэрлэлт хийж буй Хятадын хөрөнгө оруулаллтай аж ахуйн нэгжүүдийн жолооч нарт эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн байх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шаардлага тавьсан нь Хятадын талтай үл ойлголцол үүсэхэд хүргэсэн гол асуудал юм. 

Тогтоолын хүрээнд Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрс тээвэрлэгч авто машины урт цуваа арилж, Монгол Улсын хууль тогтоомж мөрдөгдөж эхэлсэн ч Хятадын тал Ганцмод боомтоо хаан, Монголын талд эсрэгцүүлэн шаардлага тавьсан. 

2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Ганцмод боомтын нүүрсний тээврийн БНХАУ-ын "Чалко", "Винсвэй" компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд Баяннуур хот болон Ганцмод боомтын удирдлагуудад хандан, дараах 4 гол агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн юм. Энэ нь, 

  • Уртын урт тээврийг хуучнаар явуулах
  • Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх
  • Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх
  • Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн шаардлага байсан юм.

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж