Улаан асрын зүүд (26-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (26-р бүлэг)

Улаан асрын зүүд (26-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Хорин зургадугаар бүлэг

ФӨН ЯО ГҮҮРЭНД ҮГС СИЙЛЭН, БОДОЛ САНААГАА НЭВТРҮҮЛЖ, ШЯО ШЯН ХОРООНД ХАВАР НОЙРМОГЛОН ДАЛД СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

Өгүүлэх нь: Бао Юй гучин гурав хоног сувилуулаад бие нь эрүүл саруул болсноор барахгүй хацрын нь сорви ч арилаад, угийнхаа хэвээр их үзэсгэлэнт хүрээлэндээ буцсаныг үл өгүүлэн өгүүлэх нь: Бао Юйг өвчилснөөс хойш Жя Юнь гэрийн бага зарцаа дагуулж ирээд өдөржин шөнөжин ээлжлэн сахив. Шяо Хун бас шивэгчдийн хамт энд Бао Юйг сахиж байснаар сүүлдээ ижил дасал болцгоов. Жя Юний барьж байсан нэг алчуурыг харвал, дээр хаясан алчууртай нь адилхан санагдаад асууя гээд аргаа олохгүй байсанд, санамсаргүй өнөөх хуушаан, бумба нар ирээд явсны дараа энд бүстэйчүүл байх шаардлагагүй болсон учир Жя Юнь мод тарих ажил руугаа буцлаа. Энэ хэргийг нэг тийш болгоё гэхээр болгож чадахгүй, асуухаар очъё гэхээр хүнд сэжиг төрүүлэхээс эмээж, эг маг хийж, сэтгэл улам тогтворгүй болж байтал гэнэт цонхны цаанаас: “Эгч гэртээ байна уу” гэж асуух сонсогдов. Шяо Хун цонхны завсраар гадагш харвал, тус хүрээний нэг бяцхан шивэгчин Жя Хуй байсанд: “Байна, ороод ир” гэж хэлэв. Охин орж ирээд, орон дээр суунгуут:

-Миний аз таарчээ. Сая би хүрээнд юм угааж байтал Ши Рэнь эгч Бао Юй, Линь авхай хоёрт цай хүргэж өг гээд цай аваад ортол Лао тайтай бас Линь авхайд зоос хүргэж өг гэв. Хүргэж очтол, авхай шивэгчдэдээ зоос түгээгээд намайг ч ялгасангүй, надад хоёр атга зоос өглөө. Хэчнээнийг мэдэхгүй. Чи үүнийг хадгалж бай гээд алчуураа задлан зоос гаргаад өгөв. Шяо Хун нэг бүрчлэн тоолоод далд хийв. Жя Хэүй:

-Энэ хоёр өдөр чиний дотор чухам ямар байв? Чи гэртээ харьж эмч залж үзүүлээд хэд хонооч. Эм уувал сайн болно гэсэнд Шяо Хун:

-Юү гэж байгаа юм. Зүгээр байж гэртээ харьж яах юм гэвэл цаадах нь:

-Би саналаа, Линь авхайн бие тааруу учраас дандаа эм уудаг. Чи түүнээс баахныг авчирч уувал мөн адил сайн болно гэв. Шяо Хун:

-Дэмий үг. Эмийг хамаагүй ууж болохгүй гэсэнд, Жя Хуй:

-Энэ ч бас сайн арга биш. Идэх ч үгүй, уух ч үгүй. Сүүлдээ яах юм бэ гэсэнд Шяо Хун:

-Айх юү билээ. Эртхэн үхвэл харин ч амар бишүү гэв.

-Зүв зүгээр байж байгаад ийм үг хэлж яана гэсэнд цаадах нь:

-Чи миний бодлыг бүрэн мэдэхгүй гэв. Жя Хуй, толгой дохиж баахан бодлогошроод:

-Чамайг буруутгах аргагүй юм. Угаасаа энэ газар чинь хүн тогтоход бэрх болж байна. Өөр юү гэх вэ. Өчигдөр Лао тайтай: “Энэ хугацаанд Бао Юйг асарч сувилсан хүмүүс баахан ядарлаа. Одоо тэр нэгэнт эрүүл болсон хойно, газар бүхэнд хүж шатаан, сүжгээ гүйцээж, дагасан хүн бүгдийг дэс дэсээр шагна” гэжээ. Мань мэт бол нас бага, дэс зэрэгт орохгүй тул гомдох юмгүй. Гэтэл чам мэтийг юунд тоонд оруулахгүй байна вэ. Би дотроо зөвшөөрөхгүй. Ши Рэнь хамгийн ихийг авлаа ч түүнд атаархах учиргүй. Угаасаа тэр авах ёстой юм. Үнэнийг хэлбэл, түүнтэй хэнийг адилтгаж болох вэ. Тэр бол ерөөсөө шаргуу хичээнгүй байдгийг хэлэх байтугай, тийм биш байсан ч атаархаж болохгүй. Ганцхан тэр Чин Вэнь, Чи Сань нарыг дээд зэрэгт оруулсанд л эгдүү хүрнэ. Бао Юй тэднийг дотночилдог тул цаадуул нь бас тэднийг дээш өргөнө. Чи хэлэл дээ, уур хүрэхгүй байж болох уу гэж асуув. Шяо Хун:

-Тэдэнд уурлах хэрэггүй. Хуучин үгэнд “Мянган газар цацар майхан босгосон ч үл тархах хурим үгүй” гэдэгчлэн, хэн энд насаараа сууна. Тав гурван жилээс хэтрэхгүй хувь хувиа хөөгөөд явах учир тэр цагт хэн нь хэнээ хамаарна вэ гэсэнд, Жя Хуй сэтгэл уярч нүдээ жартайлган байснаа зүв зүгээр байгаад уйлалтай нь биш гэж бодоод инээмсэглэн:

-Чиний үг зөв байна. Өчигдөрхөн Бао Юй бас “Маргааш яаж гэр цэвэрлэн, яаж хувцас хийнэ” гэж байсан нь бас хэдэн зуун жил амьдрах маягтай гэж хэлэв. Шяо Хун, хүйтнээр инээгээд нэг юм хэлэх гэтэл, гэнэт тав гэзэгтэй бяцхан шивэгчин, баахан хээ угалзны үлгэр, хоёр хэсэг цаас барин орж ирээд:

-Чамайг энэ хоёр үлгэрийг хуулж аль гэж байна гээд Шяо Хунд хаяж өгөөд гүйн гарав. Хойноос нь:

-Хөөе, хэн хэлж байгаа юм бэ. Үгийн солиогүй эргээд гүйдэг чинь. “Хэн мах шараад чамайг хүлээж байгаа юм бэ” гэсэнд бяцхан шивэгчин гарсан хойноо цонхны цаанаас “Чи Сань эгчийн юмаа” гээд алга болов. Шяо Хун, өнөөх үлгэр загварыг нэг тийш тавиад, шургуулганаас бийр эрж үзэхэд цөм элэгдсэн байсанд уцаарлан, нэг бүтэн байсан юмсан хаана тавьчихав аа гэж үглэн алмайрч байснаа гэнэт санав бололтой: “Тийм шүү дээ, уржигдар Ин Эр аваад явсан л даа” гээд Жя Хуй зүг: “Чи очоод аваад ир” гэсэнд цаадах нь:

-Ши Рэнь эгч намайг зарах гээд хүлээж байгаа. Надаар авдар авчруулна гэсэн юм. Чи өөрөө явж үз гэв.

-Өө муу зальт өлөгчин, тэр чамайг хүлээж байхад чи энд үг дэлгээд сууж чадах уу. Би чамайг авчир гээгүй бол тэр бас “Хүлээхгүй биз” гээд өөрөө явах болов. Шууд Бао Чайн хашаа руу явав. Чинь Бан танхимын дэргэд хүртэл цаанаас нь Бао Юйн хөхүүл эх Ли мөөмөө хүрч ирэв. Түүнийг хараад зогсож “Ли найнай та хаа хүрээд хаа хүрэх гэж явна даа” гэж инээн асуусанд, Ли мөөмөө алгаа ташин,

-Чи хэлээч, зүв зүгээрхэн байгаад юунай бас тэр Юнь агь, Юй агь гэгчийг яриад унав. Одоо бас надаар түүнийг дуудуулах гэнээ. Дараа дээд гэр сонсвол бас муу минийх болно доо гэв. Шяо Хун инээж:

-Настан та, үнэхээр түүний үгийг итгээд дуудахаар очих нуу гэж асуусанд Ли мөөмөө: “Тэгэлгүй яахав” гэв.

-Тэр хүн, сайн мууг мэддэг бол орж ирэхгүй нь зүй болой гэсэнд, Ли мөөмөө:

-Тэнэг бишээ тэр чинь. Юунд ирэхгүй байхав гэв. Шяо Хун:

-Үнэхээр орж ирэхгүй бол настан та түүнтэй хамт ирэхгүй бол сайн шүү. Түүнийг ганцаар төөрүүлж, чухам яадгийг нь үзээч гэсэнд Ли Мөөмөө,

-Над хаанаас түүнтэй хамт явах чөлөө байхав. Ганц түүнд хэлчихээд, ирэхэд нь нэг бяцхан шивэгчин юм уу, эмгэнд захиж дагуулбал боллоо гэсээр таягаа тулсаар шууд явчихав. Шяо Хун эмгэний үгийг сонссоноос хойш бийр авахаар явахаа болиод алмайран зогсов.

Төдөлгүй нэг бяцхан шивэгчин гүйж ирээд ойролцоохон зогсмоор болсноо ойртож ирээд: “Линь эгчээ, чи энд юу хийж байгаа юм бэ” гэж асуув. Тэр нь Жүй Эр байв. Түүнээс хаана очихыг асуувал, “Намайг Юнь Эрег дагуулж ир гэсээн” гээд цааш гүйчихэв. Шяо Хун Фөн Яо гүүрний тэнд хүртэл тэртээгээс мөнөөх охин, Жя Юнийг дагуулан айсуй харагдав. Жя Юнь түүнийг нэг ширвэж харахад нь Шяо Хун, цуг яваа шивэгчинтэй нь ярих маяг үзүүлбэл тэдний дөрвөн нүд эгц таарчихав. Энэ үед Шяо Хуний царай улсхийснээ, цааш эргэн Хөн Ү Юань зүг явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Юнь, Жүй Эрийг дагаж тойрон эргэцэн явсаар Ү Хун Юньд хүрээд шивэгчин цааш орсоноо тэр дороо эргэж ирээд Жя Юнийг дагуулан дотогш оров. Жя Юний нүдэнд хэд хэдэн газар хад чулуу овоолж гадаль тарьсан харагдана. Тэртээх нарсны доор хоёр цагаан тогоруу өдөө засаж байна. Байшин тойрсон хонгилын саравчны дор элдэв өнгийн чингэлэг өлгөж ховор сонин шувуудыг түүнд хорьж тэжээж байв. Гол дундах таван тасалгаа, урагш сунгаж барьсан бяцхан асрыг цөм нэг өнгийн шинэ сонин, угалз сийлсэн халхавчаар тасалж, дээд талд нь “Хурц улаан, түргэн ногоон” хэмээх том үсэгтэй илэрхийллийг өлгөжээ. Жя Юнь хараад: “Илэрхийлэл дээр энэ дөрвөн үсэг байснаар сая “Ү Хун Юань” гэсэн юм байна хэмээн бодож байтал гэнэт цонхны цаанаас түргэн орж ирэгтүн. Би яагаад чамайг хоёр гурван сар мартаж орхив” гэж хөхрөн өгүүлэх сонсогдсонд Бао Юйн дууг таниад яаран оров. Алтан хаш гялтганан өнгө будаг алаглаад харин Бао Юй харагдахгүй байв. Баруун гарын том толины цаанаас арван тав зургаан насны хоёр шивэгчин охин гарч ирээд: “Эр Еэ дотогш морилтугай” гэв. Жя Юнь тэдний өөдөөс эгцлэн харж ч чадалгүй за гээд л урагш алхан номин шалтай өрөөнд орвол, нэг бяцхан шармал орны дээр алтаар хатгасан цацмал хуартай гал улаан хөшиг өлгөжээ. Гэр зуурын хувцас өмсөж, ор түшин бичиг шагайж байсан Бао Юй түүний орж ирэхийг үзмэгц инээд алдан босов. Жя Юнь яаран дөхөж амар эртэл Бао Юй суудал өгөв. Тэрбээр даруй доор мөрийн нэг сандал дээр суулаа. Бао Юй:

-Тэр үед бид хоёр уулзаад, чамайг бичгийн гэрт дуудсанаас хойш, удаа дараа олон үйл явдал тохиолдсоноос болоод чамайг мартжээ гэсэнд Жя Юнь:

-Юу ч болсон миний буян мөхөсдсөн бизээ. Бас авга ах таны бие аягүйрсэн ч таарсан. Авгын бие одоо бүрэн эдгэсэн биз ээ гэсэнд Бао Юй:

-Сайн болсоон. Би чамайг нилээд өдөр зүдрээсэн гэж дуулсаан гэв. Жя Юнь:

-Зүдрээх нь бол зүйн хэрэг. Авгын бие зүгээр болсон нь бол манай нэгэн гэр бүлийн жаргал мөн гэж хэлэв.

Энэ зуур нэг шивэгчин цай авчирч өгсөнд, Жя Юнь ам нь цай уувч нүд нь мөнөөх шивэгчинд тусаж байв. Ягаан улаан цэгдэг дээр хар торгон уужмаг дарж өмсөөд уран нарийн хуниастай, цагаан торгон хормойвч бүсэлсэн гууналзсан нарийхан биетэй гоо сайхан хүүхэн өмнө нь зогсож байлаа. Жя Юнь, Бао Юйг өвдсөнөөс хойш дотор орж олон өдөр хутгалдсанаар цуу чимээтэй хүмүүсийн олонхийг нь таньж авсан бөгөөд энэ шивэгчинг үзмэгц даруй Бао Юйн гар дор хэн хүнтэй адилгүй явдаг нь Ши Рэнь болохыг мэдээд сая биеэр цай барьсны дээр Бао Юйн хажууд сууж байх тул яаран босож зогсон инээгээд: “Эгч юунд надад цай барив. Би авга ахын дэргэд ирсэн хүн болохоос зочин ч биш учраас өөрөө цай хийж авъя” гэв. Бао Юй: “Чи зүгээр сууж бай. Шивэгчний өмнө ингэж яана” гэлээ. Жя Юнь инээж: “Хэдий тийм боловч авгын дэргэдэх эгч нарын өмнө яалаа гэж ёс бусын юм хийж болох вэ” гэсээр сууж цайгаа уув.

Бао Юй түүнтэй хэний цэцэрлэг үзэмжтэй, хэний дуучин сайн, хэний шивэгчин гоё сайхан, хэний хурим баялаг, хэнийд хачин сонин эдлэл хэрэгсэл бий вэ, хэний эд бараа элбэг вэ гэх мэтийн дэл сул яриа ярихад нь Жя Юнь сонирхсон царай гаргаад л аяыг нь дагуулж суув. Нилээд ярилцсаны дараа Бао Юй алжаасан байдалтай болсонд Жя Юнь босож салах ёс хийв. Бао Юй түүнийг хүчлэн загнасангүй. Харин “Чөлөөтэй үедээ эрээлэлгүй ирж бай” гээд мөнөөх бяцхан шивэгчин Жүй Эрээр хүргүүлэв. Жя Юнь, хүрээлэнгээс гарч дөрвөн зүг харвал, хүн амьтан ч үгүй тул алгуурхан алхалж элдэв үг сүвэгчлэн шивэгчинтэй энэ тэрхэнийг ярихын хамт амьдралын аар саар олон юм асуув. Ухаан нь, чи хэдэн настай вэ, нэр чинь хэн бэ, эцэг эх чинь хаана вэ, ажил хийдэг үү. Бао авгынд ирээд хэдэн жил болов. Сард хичнээн зоос олох вэ, түүний гар дор хичнээн шивэгчин байдаг вэ гэхчилэн асуусанд цаадах нь нэгэд нэгэнгүй хариулав. Жя Юнь:

-Түрүүнд биднийг ирж явахад замд таараад чамтай юм ярьсан тэр охин Шяо Хун гэдэг мөн үү гэсэнд шивэгчин:

-Мөн мөн гээд, чи түүнийг асууж яах нь вэ гэв. Жя Юнь:

-Тэр чамаас юун алчуур малчуур асуусан бэ. Би нэг алчуур олсон юм, тэр биш байгаадаа гэсэнд Жүй Эр инээж:

-Миний алчуурыг олсон хүн байна уу гэж тэр надаас аль хэдийн асууж байсан юмаа. Надад түүний алчуурыг сураглаж явах чөлөө хаанаас байхав. Өнөөдөр бас л асууж хэлэлтэй биш. Түрүүнд түүний хэлж байхыг та сонссон байх нь ээ. Та үнэхээр олсон юм бол надад өгчих. Би аваачиж өгөөд яаж талархахыг нь үзье гэв.

Жя Юнь түрүү сард, хүрээнд ирж мод тарьж байхдаа нэг торгон алчуур олж аваад, энэ л хашааны нэгнийх нь байх гэж бодсон ч чухам хэнийхийг мэдэхгүй учир зарлаж амьтдыг үймүүлээгүй ажээ. Тэр өдөр Шяо Хун энэ шивэгчнээс сурагласныг сонсоод, түүнийх болохыг мэдээд дотроо баярлав. Бас Жүй Эрийн аваачиж өгье гэж гуйсанд яах вэ гэдгийг бодоод өөрийнхөө алчуурыг гарган шивэгчинд “Би чамд өгөх нь өгнө. Чи жоохон ч гэсэн бэлэг өгвөл надаас нууж болохгүй” гээд инээсэнд, Жүй Эр их л бардам алчуурыг нь хүлээн аваад Жя Юнийг мордуулаад Шяо Хунийг эрж явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Юнийг явсны дараа Бао Юй баахан алмайрч орон дээрээ хажуулан нойрмоглож эхлэв. Энэ үед Ши Рэнь дэргэд нь ирж орны ирмэгт суугаад, цааш нь жаахан түлхэж

-Бас унтах нь уу. Гадуур гарч уйтгарлалаа сэргээ гэв. Бао Юй гараас нь бариад инээн:

-Би явна гэхэд чамаас салж төвдөхгүй гэсэнд цаадах нь:

-Чи битгий хэрэггүй үг хэлээрэй гээд түүнийг татаж босгов.

-Би их ядарч байна. Хаана очих юм бэ.

-Чи гадаа гараад л сайн болно. Энэ мэтээр ингээд унжийгээд хэвтээд байвал дотор чинь улам бухимдана.

Тэд ийн ярилцаж байгаад Бао Юй арга буюу аяыг нь дагаж гонсойсон амьтан гадаа гарав. Тэр хоёр гадаах саравчны болжморуудаар жаахан оролдоод хашаанаас гарав. Горхинд очиж алтан загас үзэж байгаад цааш явж байтал тэртээ уулын хөтлөөр хоёр хүн гүйн айсуй. Бао Юй түүнийг сонирхон харж байтал араас нь Жя Лань гартаа нэг жижигхэн хулхавч нум барьсаар хүрч ирэв. Урдаа Бао Юй явж байгааг хараад зог тусан инээж

-Хоёрдугаар авгыг гадаа гарсан юм байх гэж санасан юм. Тэгсэн үгүй юмсанж гэсэнд Бао Юй:

-Чи бас алиалж байна уу. Зүв зүгээр байгаа амьтадыг харваж алах гэж явна уу гэж асуув. Цаадах нь инээж:

-Одоо ном үзэхгүй байхдаа зүгээр суугаад яахав. Харваж намнахыг суръя гэсэнд Бао Юй:

-Чи ч шүдээ л эмтлэхгүй бол харваж намнахаа болихгүй байлгүй гэв.

Тэд ийн ярилцсаар нэгэн хашааны үүдэнд очвол Гардийн сүүл2 үелэн үелэж, луугийн исгэрэл3 жингэнэн, жингэнээд байхыг харвал Шяо Шянгуань байжээ. Бао Юй шууд дотогш орж үзвэл, Шян Лянь орхиул4 газарт хүртэл тавьсан учир гаднах чимээг огт сонсохгүй байжээ. Цонхонд ойртвол сиймхий ногоон хөшигний завсраар хүжийн үнэр ханхлана. Бао Юй нүүрээ цонхонд хүргэн харвал, чихэнд нь “Өдөр барагдтал найрын сэтгэлд мансууран нойрмоглоно”5 гээд уртаар шүүрс алдах сонсогдоно. Энэ зуур Бао Юйн дотор загатнав. Харвал Дай Юй орон дээр суниаж байв. Бао Юй инээд алдаж: “Юунд өдөр барагдтал найрын сэтгэлд мансууран нойрмоглоно вэ” гэсээр орхиулыг сөхөн оров. Дай Юй сэтгэлийн цулбуур алдарснаа мэдэж санамсаргүй царайгаа улайлган ханцуйгаар нүүрээ халхлаад цааш эргэж унтсан маягтай хэвтжээ. Бао Юй татаад босгох гэтэл Дай Юйн хөхүүл эх, хоёр авгайн хамт орж ирээд: “Охин дүү чинь унтаж байна. Сэрсэний нь дараа ирээрэй” гэв. Тэгтэл Дай Юй босож суугаад инээн: “Хэн унтаж байгаа юм бэ” гэсэнд нөгөөх эмгэд: “Бид л авхай унтаж байна гэж санаад тэгж хэлсэн юм” гээд Зы Жюанийг дуудан “сэрлээ. Ирж асрагтүн” гээд гарч одов.

Дай Юй орон дээрээ суусан хэвээр санчиг үсээ засаж янзлаад Бао Юйг харж инээн: “Хүн унтаж байхад чи ирж яана вэ” гээд цолмон нүд нь тормолзож, булбарай хацар нь улбасхийхийг Бао Юй хараад сүр сүлд нь бууж, мухар сандалд хайвсхийн суугаад “Чи сая юү гэвээ” гэж асуугаад инээв. Цаадах нь: “Юү ч гээгүй” гээд хэнэггүй царайлав. Бао Юй:

-Би чамд нэг хурууны бөөр өгч идүүлнэ6. Би чиний хэлснийг цөмийг сонссоон гэв.

Тэр хоёр ийн ярьж байтал Зы Жюань орж ирсэнд Бао Юй: “Чи саяын цайнаасаа нэг аяга уулгаач” гэж гуйв. Зы Жюань:

-Бидэнд хаанаас сайн цай байхав. Сайн цайгаа ууна гэвэл Ши Рэнийг хүлээхээс аргагүй болох нээ гэв. Дай Юй:

-За тэр яадаг юм. Чи урьдаар надад ус авчирч өг гэв.

-Энэ бол зочин учраас урьдаар цай өгөөд дараа нь ус авчирая гэж зарц хэлээд цай авчирахаар явав. Бао Юй:

-Сайн хүүхэн минь, “Үлэмж сэтгэлт эгчтэй чинь, торгон хөшигт хамт орвол, өсвөр чамаар ор хөнжил хураалгаж яахин төвдөнө вэ”7 гэсэнд Дай Юй агшин зуур цухалдаж:

-Чи юү гээд байна гэсэнд цаадах нь:

-Би юү хэлсэн юм бэ гэж эргүүлж асуув. Дай Юй уйлж:

-Одоогийн шинэ ёс, гаднаас бүдүүлэг үг сонсовч над ирж сонсгоно. Бусхи муусайн бичиг үзэвч надаар доог хийнэ. Би гээч харин агь нарын сэтгэлийг сэргээгч тоглоом болжээ гээд босож гадагш гарах гэв. Бао Юй сандарч, араас нь очиж: “Сайн дүү минь ээ, намайг саяхан цаг зуурын үхэл дайрав. Чи ямар ч болсон тэдэнд битгий хэл. Би дахиж ийм үг хэлэхгүй. Хэлбэл хэлэн дээр минь яр гараг. Хэл минь татаг” гэж ам шүд алдав. Энэ үед Ши Рэнь ирээд:

-Хурдан харьж хувцсаа сольж өмс. Лаое чамайг дуудаж байна гэснийг сонсоод Бао Юй аянганд ниргүүлсэн мэт болж сандран, шууд гүйн хариад хувцсаа солив. Хүрээлэнгээс гарвал Бэй Мин хоёрдугаар хаалганы дэргэд хүлээж байв. Бао Юй:

-Лаое намайг юунд дуудаа юм бол чи мэдэв үү гэсэнд цаадах нь:

-Агь чи түргэл. Юу ч болсон очиж уулзахаас хойш түргэн л очъё. Аяндаа мэдэх юм чинь гээд шавдуулав.

Их танхимыг өнгөртөл Бао Юйг дэн дунтай явахад хэрмийн булангаас гэнэтхэн хадганатал хөхрөлдөх чимээ гарсанд эргэж харвал Шюэ Пань алга ташин үсрэн гарч ирээд: “Аав чинь дуудлаа гэхгүй бол чи яаж ийм хурдан гарч ирэх вэ” гэсэнд Бэй Мин бас инээн сөгджээ. Бао Юй удтал бэгтэрээд, сая Шюэ Пань худлаа хэлж авчирсныг мэдэв. Тэгтэл Шюэ Пань буруугаа хүлээж мэхийн

-Хөвгүүнийг битгий буруушаагтүн. Би түүнийг гуйж очуулсан юмаа гэж уучлал гуйхад Бао Юй: “Чи намайг хуурах ч яамай, юунд Лаоегийн нэрийг барина вэ. Би Инянд хэлж, ийм юмыг арилгуулбал болох уу” гэж асуусанд, Шюэ Пань сандарч: “Дүү минь ээ, би бол ганцхан чамайг л хурдан ирүүлэх гэсэн юм. Энэ явдлыг мартчихаа. Хожим намайг хуурахдаа манай аавын нэрийг барьчихаарай” гэв. Бао Юй: “Эвий минь, улам их алдас болно” гээд Бэй Минд: “Урвагч золиг чи бас сөгдөж яах нь вэ” гэсэнд цаадах нь яаран мөргөөд босов.

-Би өөр юманд бол чамайг үймүүлж чадахгүй. Маргааш 5 сарын шинийн гурванд миний төрсөн өдөр болно. Лу Хэү, Лу Цэн нар хаанаас олж ирсэн юм, бүдүүн, урт мөртөө өнгө нь огт хувираагүй их нойтон лянхуа цэцгийн үндэс, бас бурзгар тарвас, Тайланд хүжээр утсан том загас, гахайн мах авчирчээ. Ийм их бэлгийг олоход үнэхээр бэрх. Тэгсэн хэр нь тэр хоёр олоод иржээ. Гахай, загас чинь ховор болоод үнэтэй. Лянхуа цэцэг, тарвас хоёрыг ч яаж тарьсан юм бүү мэд. Би тэдний дээжийг ээждээ өгөөд, Лао тайтай нагац эгчид ч хувь явууллаа. Үлдсэнийгээ би ганцаар иднэ гэвэл буянаа барах биз. Бодоод байвал энэ юмнаас чи л идэх хувьтай юм шиг санагдаад чамайг урьсан юмаа. Бас нэг дуучин хөвгүүн ирж таарсан. Ингээд л би чамтай нэг өдөр наргия гэж бодсон юм. Урьсны уг учир ийм юм гэж ярилцсаар бичгийн гэрт очицгоов. Тэднээс урьтаад Цэн Ришин, Зань Гуань мөнөөх дуучин хүү болон ирэх ёстой хүмүүс цөм ирчихсэн байв.

Тэр хоёрыг орж очиход цөм угтан мэндэлж, золгоод цай барив. Шюэ Пань “Ширээ засагтүн” гэсэнд хөвгүүд ийш тийш гүйлдэж, ширээ засаж дуусаад байр байрандаа сууцгаав. Бао Юй тарвас бусад зүйлийг амталж үзээд, би хувийнхаа бэлгийг ирүүлэхээс өмнө хишиг хүртчихлээ гэсэнд, Шюэ Пань үнэндээ тийм боллоо. Чи маргааш баярт ирэхдээ, ямар сонин юм барих бол гэж бодогдож байна шүү” гэв. Бао Юй:

-Олигтой ч өгчихмөөр юмгүй л санагдана. Мөнгө зоос идэж, өмсөх юм гэвэл үнэндээ миний ч юм биш юмаа. Ганц хоёр хуудас юм бичих, эвхмэл зураг зурах энэ тэр л минийх юмуу даа гэсэнд Шюэ Пань хөхөрч,

-Зураг гэхээр нэг юм хэлмээр санагдлаа. Өчигдөр би айлд нэг дэвтэр хаврын орчлон8 байхыг үзлээ. Үнэн сайхан зурсан бөгөөд дээр нь бас олон үсэг бичжээ. Нарийвчлан үзэж амжсангүй. Харин нэгээхэн бичгийг үзвэл, Гөн Хуан гэгч гэнэ. Тэр зураг бол үгээр хэлэхийн аргагүй сайхан эд юмаа гэв. Бао Юй түүний яриаг сонсоод дотроо: – эрт эдүгээгийн олон ном бичиг үзлээ. Хаанаас бас Гөн Хуан гэгч гараад ирэвээ гэхчилэн бодоод инээд нь хүрэв. Тэгээд бийр авчруулж, алган дээрээ хоёр үсэг бичээд, Шюэ Паниас: “Чи Гөн Хуан гэж сайн харсан биз” гэсэнд цаадах нь: “Харалгүй яахав даа ер” гэв. Бао Юй алгаа дэлгэж үзээд: “Энэ хоёр үсэг мөн үү. Үнэндээ чиний хэлсэн Гөн Хуантай чинь их зөрөөгүй байна уу” гэсэнд, хүмүүс цөмөөрөө үзэцгээвэл, өнөөх нь Тан Инь9 хэмээх хоёр үг байсан тул хөхрөлдөцгөөж: “Бодвол энэ хоёр үг байх. Даяагийн нүд тэр үеэр бүрэлзсэн ч байж мэднэ” гэцгээв. Шюэ Пань эвгүйрхэж: “Тан Инь” ч юм уу. Гуо Инь ч юм уу хэн мэдэх юм10” гэж мэлзэв. Ийн ярилцан шуугилдаж байтал бяцхан зарц ирж: “Пөн даяа ирэв” гэж хэлсэнд даруй цог жавхлант жанжин Пөн Тангийн хүү Фэн Зыин ирсэнийг мэдэв. Шюэ Пань: “Хурдан залж оруул” гэж хэлж дуусаагүй байхад мөнөөх зочин инээсээр орж ирэв. Бүгдээр босоцгоон суудалд урьсанд Пөн Зыин инээж:

-Харин ч сайн. Гадагш гарахаа байж гэртээ ингэж цэнгэл эдлэх нь сайн гэсэнд Бао Юй, Шюэ Пань хоёр:

-Ойрд уулзсангүй. Настан авгын лагшин тунгалаг байна уу гэж асуусанд Зыин:

-Эцэг маань тэнгэрийн хишгээр тэнхлүүн байна. Ойрд эхийн бие баахан тавгүйрхээд, сүүлийн хоёр өдөр бүр хариугүй л байна гэв. Шюэ Пань, түүний хацар бага зэрэг хөхөрсөнийг хараад:

-За хө хацар дээр чинь хэн тэмдэг тавьчихаа вэ гэж асуусанд цаадах нь:

-Эртийд би нэг түшмэлийн хөвгүүнийг занччихсан юм. Тэгээд одоо хэрүүл уруул хийхгүй гэж шийдсэн. Харин энэ хацрынх бол Те Ван шань ууланд ан хийж яваад идлэг11 шонхорын далавчинд цохиулчихсан юм гэв. Бао Юй:

-Энэ чинь хэдийнээ явдал вэ гэсэнд цаадах нь:

-Гурван сарын хорин найманд яваад уржигдар л ирлээ шүү дээ гэсэнд Бао Юй:

-Би шинийн гурван дөрвөнд Шэнь найзынд очиж дайллагад оролцоход чи байгаагүйн учир тэр байж. Чи ганцаараа явсан уу, авга бас яваа юу гэсэнд Пөн Зыин:

-Эцэг явалгүй яахав. Би аргагүйд дагаж явсан. Тэгэхгүй бол би хийх юмгүйдээ солиороод, архи ууж, дуу дуулж жаргахгүй юү дээ. Тэгэхгүй гээд л тэр зовлонгоод явсан хэрэг. Энэ их зовсон ч бас жаргасан гэж болно гэв.

Түүнийг цай уусны дараа “Ширээнд суутугай. Яриагаа тэнд үргэлжлүүлье” гэцгээв. Пөн Зыин босоод:

-Ёсондоо би хамт сууж хэдэн хундага уух байлаа. Гэтэл өнөөдөр маш чухал хэрэг гараад… би гэртээ харьж, эцэгтэй уулзах тул үнэндээ юм хүртэж болохгүй байна гэсэнд Бао Юй, Шюэ Пань хоёр явуулахгүй гэцгээсэнд цаадах нь: “Та нар яасан хачин улс вэ. Өдий жил болоход бид зөндөө л идэж уусан шүү дээ. Энэ удаа л тун болохгүй байна. За яахав, заавал уулгах гээд байгаа юм бол цөгц аваад ир. Би хоёр л цөгц ууя. Тэгээд л болоо” гэв. Энэ саналыг зөвшөөрч, Шюэ Пань хувин барьж, Бао Юй хундага өргөн, хоёр их дугараа сөгнөн барьсанд Пөн Зыин зогсоогоор хүртчихэв. Бао Юй,

-Чи тэр “Зовлонгийн доторх жаргалаа” яриад л яваарай гэсэнд цаадах нь:

-Энэ өдөр хичнээн юм яривч та нарын урмыг хөгжөөж чадахгүй байх. Үүний төлөө би бас нэг найр бэлтгэж, та нарыг залж аваачаад сайхан ярилцъя. Дахиад хэлбэл, хүсэн найдах учир байна гээд явахыг завдав. Шюэ Пань:

-Ингээд л хүний хорхой хөдөлгөчихдөг юм. Чи тэгээд хэзээ биднийг залах юм бэ? Тодорхой хэлбэл бид нэг их бачимдаад байхгүй байлгүй дээ гэсэнд, найз нь:

-За холдоо арав хоног, ойрдоо найм хоног гэсээр үүд рүү явснаа агшин зуурын дотор мориндоо алавхийн мордоод алга болов.

Тэд зочноо явуулчихаад эргэж ороод энэ тэрийг ярьж жаахан шуугилдаад тарав. Бао Юйг хүрээлэндээ очиход нь Ши Рэнь түүнийг Жя Жөн дуудсан нь яах гэснийг мэдээгүйгээ ч хэлэв. Согтуу хөлчүү ирсний нь учрыг асуувал Бао Юй нуусангүй. Ши Рэнь: “Хүн элэг уушигаа таталдтал хүлээж байхад харин цэнгэлдэж явдаг. Ядахдаа, хүн явуулж хэлүүлэхгүй яасан юм” бэ гэсэнд:

-Надад нуусан юм байхгүй. Ганцхан Пөн найз ирээд жаахан шуугилдсанаас болоод мартжээ гэв.

Ингэж байтал Бао Чай орж ирэв. Тэрбээр Бао Юйд:

-Чи ер нь манай гэрийн хамаг сайхан юмыг идэж байгаа шүү гэсэнд цаадах нь:

-Эгчийн гэрийн юм учраас л амжаад иддэг юм шүү дээ гэв. Бао Чай толгой сэгсрээд:

-Өчигдөр ахын тавьсан юмыг би идэлгүй хадгалж байгаад өөр хүнд өгсөн ч яахав гэсэн чинь чи таарчихаж. Миний аман хишиг бага юмыг яая гэхэв дээ гээд цай ууцгааж, энэ тэрхэнийг ярьж суусныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Энэ үед Чин Вэнь, Би Хэнь хоёр муудалцаж байтал Бао Чай ороод ирэв. Чин Вэнь уураа тэр дор нь Бао Чайд шилжүүлж, хэрэгтэй, хэрэггүй хүрч ирээд л шөнө унтуулахгүй юм гэсэнд хариу хэлэх гэтэл хэн нэгэн үүд тогшиход улам уурлан: “Хэн ч байсан яадаг юм. Битгий тавь. Унтлаа, маргааш ир гэж хэл” гэв. Дай Юй энэ шивэгчингүүд хоорондоо дасаад бие биеэ шоглож байхыг мэдэх учир, түүний дууг сонсоогүй болохоор өөр шивэгчин ирлээ гэж бодож байна гэж санаад дуугаа чангалан: “Би байна. Үүдээ онгойлго” гэсэнд Чин Вэнь дууг нь сайн сонсоогүй бололтой бүр ч ааш нь хөдөлж: “Чи хэн ч байсан. Эр Еэ агь хүн оруулж болохгүй гэж захисан” гэв. Ийм үг сонсоод Дай Юй уурлан баахан загная гэж бодсоноо: “Хэдийгээр нагацын гэр өөрийнхтэй адил гэвэл би эднийд ирж л байгаа шүү дээ. Эцэг эх минь үгүй болоод түших тулах хүнгүй болж айлд л сууж байгаа хүн шүү дээ би чинь. Тэгэхээр уурлаад хэрэггүй юмаа” гэж бодоход нулимс ч аяндаа гараад ирэв. Тэгээд буцах уу, байх уу гэж тээнэгэлзэн байтал дотор инээлдэн хөхрөлдөх чимээ гарав. Анхааран чагнавал Бао Юй, Бао Чай хоёрын дуу гарч байв. Дай Юйн уур дүрсхийж, дахин хаалга цохъё гэтэл өглөөний явдал санагдан: “Бао Юй намайг дээшээ хэлсэн гэж бодоод уурласан хэрэг. Би яалаа гэж очиж хэлэх билээ. Надаас асуухгүйгээр уурлаад яах ч юм билээ. Чи өнөөдөр намайг оруулахгүй байж болно. Тэгэхдээ маргааш уулзахгүй байж чадах уу” гэж бодох тусам уяраад шүүдэр буусан шөнийн жавар жихүүнийг ч хайхралгүй гадагш гарч хэрмийн булан дахь цэцгийн шүүдэрт зогсож, энэлэн шаналан уйлав.

Ер нь Дай Юй бол үе тэнгийнхэн дотроо илүү өнгө зүстэй, ховорхон гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг болохоор ийнхүү уйлан хайлан байхыг нь харсан ойр хавийн удын найлзуур, цэцэгсийн чахлуур дээр хоноглон байсан болжморууд ч хараад тэсэж ядахдаа хөөрөн нисэж холдон зайлав. Үнэхээр,

Цэцгийн сүг дохилзон дохилзсоор урам хугаран замхарч

Болжморын зүүд, зэрэглэн жиргэлсээр хэрдхийн сэрж саринана

Бас нэгэн бадаг шүлэгт өгүүлсэн нь,

Чадвар, ухвар ертөнцөд ховор Пинь Эр хүүхэн13

Цэвэрхэн суртлыг ганцаар өвөрлөөд гэр дотроос гарав

Цэцэрхлэн уйлах нэгэн дуун, арайхан тасрахын урьд

Цэцэг зулгарч хөсөр хаягдаад, шувууд үргэн нисэв гэжээ.

Дай Юйг уйлан зогсож байтал гэнэт “шурдхийх” дуун гармагц, хүрээний үүд нээгдэн нэгэн хүн гарч ирэв. Тэр хэн байсан юм бол. Түүнийг мэдье гэвэл дараах бүлгийг уншихтун!

Тайлбар:

1.Ил-Согооны тугал

2.Гардийн сүүл-Эртний хүмүүс хулсны навчийг ийн дүрсэлнэ

3.Лууны исгэрэл-хулсан лимбэ

4.Хэү Ан орхиул-Хулсаар хийсэн орхиул.

5.Өдөр барагдтал мансууран нойрмоглоно-Дуурийн дууны үг

6.Хурууны бөөр-Хатуу хальстай жимс. Хальсыг нь хагалахад, тас няс гэж дуугаран хуруу инчдэж байгаа мэт болдог тул хүний өмнөөс инчдэн тоглохыг хурууны бөөр идүүлэх гэнэ.

7.Энэ бол Ши Шянзы дуурийн үг. Бао Юй энэ үгээр биеэ адилтгаж Зы Жюанийг Хун Ниянгаар үлгэрлэж, хэрэг дээрээ Дай Юйг Цүй Инин болгожээ.

8.Хаврын орчлон-Сүн улсын зургийн хүрээлэнгийн зургийн дэвтэр, бүгд нэрийг “Хаврын орчлон дахь далд цэнгэлийн зураг” гэдэг байжээ. Хожмын хүмүүс үүгээр шалиг самуун зургийг нэрлэх болжээ

9.Тан Ень-Мин улсын үеийн нэрт зураач. Уламжлалаар бол олон арван ганган хээнцэр үлгэрийн зургийг зуржээ. Шюэ Пань түүний нэрийн зарим үсгийг андуурчээ.

10.Тан Инь ч юм уу, Гуо Инь ч юмуу хэн мэдэх юм. Энэ бол Шюэ Пань өөрийн юм мэдэхгүйгээ халхавчилж хятад бичгийн ижил дуудлагатай үсэг олон байдаг онцлогийг ашиглан Тан Инийг чихрийн мөнгө болгож “Чихрийн мөнгө ч юм уу, жимсний мөнгө ч юм уу хэн мэдэх вэ гэж” баширлаж хэлсэн хэрэг.

11.Идлэг-Нэг зүйлийн анч шувуу

12.Дугараа-Их архи барих ёс.

13.Пинь Эр-Бао Юйгээс Дай Юйд өгсөн хоч нэр

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж