Жирэмслэлтээс хамгаалах "72 цагийн эм"-ийн цаадах аюул

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Жирэмслэлтээс хамгаалах "72 цагийн эм"-ийн цаадах аюул

Жирэмслэлтээс хамгаалах "72 цагийн эм"-ийн цаадах аюул

Үдшийн 22.00 цагийн үед хотын төвийн хөдөлгөөн эрс багассан байв. Баар, ресторанаас өөр газрууд бараг бүгд хаалттай байдаг энэ үест 24 цагийн эмийн сангууд үйлчлүүлэгч олонтой байх нь бий. Шөнө оройн цагаар яарч, сандарсан, гэнэт өвдөж зовсон янз бүрийн л хүн эмийн сан руу очиж байгаа. Гэхдээ хэд хэдэн тохиолдлоор өсвөр насны хүүхдүүд жирэмснээс хамгаалах эм худалдаж авахтай таарсан маань анхаарал татав. 

"Улаанбаатар" их дэлгүүртэй зэрэгцээ байрлах 24 цагийн эмийн сангаар 15-16 орчим настай болов уу гэмээр охин, хүү хоёр бишүүрхэж, санаа зовсон байдалтай үйлчлүүллээ. 

Хүү нь хажуугийн хүмүүсээс нуугдах маягтайгаар эмийн санчаас "72 цагийн эм байна уу, хэдэн төгрөг вэ" гэж асуулаа. Эмийн санч хариуд нь 5800 төгрөг гэж хариулав. Хүү, охин хоёр эмийн санчаас хэрэглэх заавар, гаж нөлөөг нь асуугаад, ‘Сарын тэмдэг алдагдахаас өөр нөлөөгүй’ гэсэн хариулт сонссоныхоо дараа өнөөх эмнээс авлаа. 

Жирэмслэлтээс хамгаалдаг гэх гурван ч төрлийн эмийг Монголын эмийн сангуудад борлуулдаг бөгөөд хүмүүс тэдгээрийг "72 цагийн эм" гэж ярьдаг. Хамгийн аюултай нь, эмчийн жороор олгох ёстой энэ эмийг жоргүйгээр, дээрээс нь өсвөр насны хүүхдүүдэд хяналтгүй худалдаж байгаа нь анхаарах асуудал болоод байна. 

Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эмний худалдаа, хэрэглээ аль аль нь замбараагүй, хяналтгүй болсон дүр зураг энэ мэт жишээгээр нэг бус удаа харагддаг.

Өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн амьдрал хэт залуужсаныг жирэмснээс хамгаалах эм авахаар дугаарлаж байгаа хүүхдүүдийн насны байдлаар харж болно. Дээрх эм нь үнийн хувьд 5000-6800 төгрөг байдаг тул худалдаж авахад өртгийн хувьд асуудалгүй байдаг бололтой. 
 

Сүхбаатар дүүргийн 11-р хороололд байрлах эмийн сангаар орж, уг эмийг худалдан авч байгаа хүмүүсийн талаар бүртгэл хөтөлдөг, эсэхийг лавлахад эмийн санч Д “Тийм зүйл байхгүй. Хүмүүс өөрсдөө л сураглаж ирдэг. Постинор, Прегнон эмийн борлуулалт ер нь боломжийн сайн байдаг. Эдгээр эм нь эр, эм бэлгийн эсийн зигот үүсэх явцыг саатуулдаг. Гаж нөлөө нь гайгүй. Эмийн бэлдмэлд хэт харшилтай хүмүүст дотор муухайрч, толгой эргэх шинж тэмдэг илэрч болно. Худалдан авч буй хүмүүсийн дийлэнх нь өсвөр насныхан байдаг. Бас оюутнууд их авна. Заримдаа эрэгтэй хүмүүс асуудаг. Зааврыг нь хэлээд  л явуулдаг” гэв.

Прегнон: Өндгөвчнөөс өндгөн эс гарахыг дарангуйлна. Үр тогтсон өндгөн эсийн умайн хананд бэхлэгдэх чадварыг бууруулах замаар үр тогтолтоос сэргийлнэ. Энэ бэлдмэл нь хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсноос хойш ууж хэрэглэдэг. Түүнийг жирэмслэлтийг таслан зогсоох зорилгоор хэзээ ч хэрэглэдэггүй. Мөн бэлгийн замын халдвараас сэргийлэхгүй. Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалж чадахгүй.

Постинор: Постинорыг бэлгийн харилцаанд орсноос хойш 72 цагийн дотор ууж хэрэглэнэ. Хэрэв Постинорыг хэрэглэсний дараа жирэмсэлвэл умайн гадуурх жирэмслэлт тохиолдох магадлалтай. Зөвхөн яаралтай үед хэрэглэнэ. Уг эм нь жирэмслэлтээс хамгаалах тогтмол үйлдэл үзүүлдэггүй. Сарын мөчлөгийн хэмнэлийг алдагдуулдаг.

Тунг хэтрүүлбэл эм биш хор болох эрсдэлтэй

Ш.Энхзаяа эм зүйн ухааны доктор, эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн

-Манай улсад жирэмснээс хамгаалах эмийг хэчнээн төрлөөр худалдаалдаг вэ?

Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм гэж эмэгтэйчүүд яриад байдаг юм. Хэд хэдэн төрлийн нэршлээр оруулж ирдэг л дээ. Үүнд Прегнон, Постинор, Мадонна гэсэн эмнүүд багтаж байна. Эдгээр эмийг эмчийн хяналт дор, зааврын дагуу хэрэглэх ёстой. Ямар үед хэрэглэх вэ гэхээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсны дараа 72 цагийн дотор хэрэглэнэ. Энэ эмийг жирэмснээс хамгаалах байнгын арга гэж ойлгож болохгүй. Тун хэтрүүлбэл эм биш хор болох эрсдэлтэй.

-Эмчийн жороор авч хэрэглэх ёстой юу?

Заавал эмчийн хяналт дор, зааврыг сайн уншиж танилцсаны дараа хэрэглэх хэрэгтэй. Заавар дээр нарийн сайн тайлбарласан байгаа. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн бүх эмийн хэрэглэх заавар нь монгол хэлээр баталгаажсан байдаг. Эрүүл мэндийн яамны дэргэд Эм зүйн салбар зөвлөл гэж байдаг. Эм зүйн салбар зөвлөлөөр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн импортын бүх эмний хэрэглэх зааврыг хянаж, баталгаажуулаад программд оруулдаг. Иргэд программыг ашиглаж болно. Тухайн эмийг аль улсад үйлдвэрлэсэн, хэзээ бүртгүүлсэн, ямар хугацаанд хүчинтэй байдаг зэрэг бүх мэдээлэл бий. 

-Сүүлийн үед эмэгтэйчүүд дээрх эмнүүдийг түлхүү хэрэглэх болжээ. Ямар гаж нөлөөтэй вэ?

-Эдгээр эмийг элэгний архаг үрэвсэлтэй хүн хэрэглэж болохгүй. Ямар нэгэн бэлгийн замын цус алдалтын үед хэрэглэж болохгүй. Жишээлбэл, Прегнон эмийн тухайд дотор муухайрах, бөөлжих, бэлгийн замаас цус алдах зэрэг нөлөө үзүүлдэг. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндийг хохироохгүйн тулд эмийн тунг хэтрүүлэхгүй байх нь чухал.

-Танай байгууллагад эдгээр эмийн хэрэглээ, худалдааны судалгаа байдаг болов уу?

-Зөвхөн жирэмснээс хамгаалах эм бус импортоор оруулж ирж байгаа бүх эмэнд манай байгууллагаас лиценз олгодог. Жилийн эцэст компаниуд импортоор оруулж ирсэн эмийн тайлангаа өгдөг.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагынхан нас насны төлөөлөл болох 500 эмэгтэйн дунд жирэмслэлтээс хамгаалах ямар арга хэрэглэдэг талаар судалгаа явуулжээ. Уг судалгаанд оролцсон 16-26 насныхны эмэгтэйчүүдийн 49 хувь нь жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм хэрэглэдэг гэж хариулсан байна. 

ДЭМБ-ын зөвлөснөөр постинор эмийг
зургаан сард нэг удаа уух заавартай

 

 “Хатагтай” эмнэлгийн эх барих  эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч О.Алтанзул

-Та жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглэх зааврын талаар тайлбарлаж өгөхгүй юу?

Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эмийг 24 цагийн дотор уувал илүү үр дүнтэй. Гэхдээ жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга гэж ойлгож болохгүй. Хайрцагтаа хоёр шахмал хэлбэрээр байдаг. Гадны орнуудад ганцхан ширхэгтэй ч бий. Эхний шахмалыг 24 цагийн дотор уувал 90-98 хувь хамгаалах боломжтой гэж үздэг. Хэрвээ 48 цагийн дотор уувал 80 хувь хамгаалах магадлалтай. Гурав дах өдөр буюу 72 цагийн дотор хэрэглэвэл 60-70 хувийн хамгаалах магадлалтай. Тиймээс аль болох цаг алдалгүй уух хэрэгтэй. Хамгаалалтгүй бэлгийн харилцааны дараа сонгож, хэрэглэдэг. 

-Ямар давтамжтайгаар хэрэглэх заавартай байдаг вэ? Жилд дунджаар хэдэн удаа хэрэглэх заалттай вэ?

-Ер нь 2-3 сарын зайтай уух ёстой. Хамгийн багадаа 30-40 хоногийн зайтай байж болно.

-Эмэгтэйчүүдэд нөлөөлдөг гаж нөлөө хэр ажиглагддаг вэ?

-Тухайн бодист харшилтай хүмүүс уувал дотор муухайрах, толгой эргэх, сарын тэмдэг алдагдах, толгой эргэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Хэрэв тун хэтрүүлбэл сөрөг нөлөөтэй. Энэ эм чинь гормон байхгүй юу. Тийм учраас сарын тэмдэг алдагдах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, мөчлөг өөрчлөгдөх гэх мэт өөрчлөлтүүд гарна.

-Хэрвээ жирэмсэн болсны дараа хэрэглэвэл яах вэ?

-Ураг зарим тохиолдолд зулбахыг үгүйсгэхгүй. Жирэмсэн гэдгээ мэдсэн бол хэрэглэж болохгүй. Гормоны эмийг тамхи татдаг, даралт ихтэй, цус өтгөрөлттэй, эсвэл элэгний өвчлөлтэй хүмүүс хэрэглэж болохгүй. Бусад жирэмснээс хамгаалах эмүүдээс харьцангуй өндөр тунтай. Гэхдээ сарын тэмдгийн аль ч үед ууж болно.

-Үргүйдэлд хүргэх сөрөг үр дагавартай юу?

-Тийм зүйл байхгүй. Жирэмсэн болох үйл явцад нөлөөлөхгүй гэж ойлгож болно.

-Бусад орнуудад эмчийн жороор заавал олгодог гэж сонссон. Манай улсад ийм зүйл байдаг уу?

-Гаднын орнуудад гормоны эмийг эмчийн жороор олгодог. Ганцхан Монгол улсад замбараагүй, хэн дуртайд нь худалддаг. ДЭМБ-ын зөвлөснөөр бол Постинор эмийг зургаан сард нэг удаа л уух заавартай. Гэтэл эмийн сангуудад хэн дуртайд нь худалддагаас болоод охид, эмэгтэйчүүдийн дунд замбараагүй хэрэглээ бий болгочихсон байна. Гэвч манай бүсгүйчүүд үл ойшоосоор л байгаа. 

Хан-Уул дүүргийн иргэн Г.Анударь

Миний бодлоор эдгээр эмүүд сөрөг нөлөө ихтэй санагддаг. Түүний оронд бэлгэвч, спиралийг арай дээр гэж боддог. Ер нь эмийг хэтрүүлж хэрэглэвэл хортой шүү дээ. Манай үеийнхэн дунд жирэмснээс хамгаалах эмийн талаар мэдээлэл муутай санагддаг” гэв. 

Гэрэл зургийг Н.Батмөнх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж