Их Британи "Ганцаардлын яам"-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Их Британи "Ганцаардлын яам"-тай боллоо

Их Британи "Ганцаардлын яам"-тай боллоо

Их Британи нийгмийн үзэгдэл болоод буй Ганцаардлын асуудлыг хариуцсан яам байгуулжээ. Тус улсын ерөнхий сайд Тереза Мэй ганцаардлын яамны сайдаар парламентын гишүүн Траси Краучыг томилохдоо энэ асуудал орчин үеийн нийгмийн бодит үзэгдэл болсон хэмээн мэдэгдсэн байна.

2017 онд Их Британид явуулсан судалгаагаар есөн сая гаруй иргэн ганцаардалд шаналж буй нь тогтоогдсон гэнэ. Хэт их ганцаардал нь өвчин эмгэг үүсгэх аюултай гэж британичууд үзэж байна. 

Их  Британийн ерөнхий сайд Тереза Мэй Ганцаардлын яамны сайдыг томилохдоо  “Бид нийгмийнхээ хүндрэл бэрхшээлтэй нүүр тулгарч, хайртай хүнээ алдсан, зүрх сэтгэлээ уудлан, санаа бодлоо солилцох хүнгүй ганцаардаж буй тэдгээр хүмүүсийн өмнөөс яаралтай арга хэмжээ авахыг хүсч байна” гэжээ.

Нийгэмд тахал шиг тархаж буй ганцаардал нийгмийн болон хувь хүний сэтгэлзүйд тун аюултай нөлөө үзүүлж эхэлсэн талаар сэтгэлзүйчид эртнээс анхааруулж ирсэн. Энэ нь цаашлаад зүрхний өвчин, чихрийн шижин, хавдар үүсэх шалтгаан болж буйг судлаачид хэлж байна.

Их Британийн томоохон төрийн бус байгууллагын тэргүүн Марк Робинсон “Ганцаардах нь өдөрт 15 ширхэг тамхи татсанаас ч илүү эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь батлагдсан” гэжээ. Тэрбээр өндөр настнуудыг асрах газарт судалгаа хийхээр олон жилийг зарцуулжээ. 

Их Британийн Засгийн газраас явуулсан нэгэн судалгаагаас харахад тус улсад харж асрах үр хүүхэд, ах дүү, хамаатан садан байхгүй, ярьж хөөрөлдөх найз нөхөдгүй 200,000 орчим өндөр настан байдаг гэнэ.

Их Британийн парламентын гишүүн Жо Кокс 2016 онд ганцаардлын асуудлыг хариуцсан комисс байгуулж, засгийн газраас энэ асуудалд анхаарал хандуулж, яам байгуулахыг уриалсан юм. Гэвч энэ явдлаас хойш удалгүй Жо Коксын амь насыг хөнөөсөн юм.

Аз жаргалын эрэлд

Аз жаргалын яам байгуулсан хамгийн анхны улс бол Гималайн нурууны өвөрт оршдог Бутан улс. 1970-аад онд Бутан амьжиргааны түвшинг заагч ДНБ-ний хэмжүүртэй төстэй “Үндэсний нийт аз жаргалын индекс” гэгчийг бий болгосон. Иргэдийн хэр аз жаргалтай байгааг хэмжихдээ амьдралд сэтгэл хангалуун байдал, байгаль орчин экологийн тэнцвэрт байдал, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, соёл, амьжиргааны стандарт, цаг ашиглалт, нийгмийн тулгамдсан асуудал болон сайн засаглал зэрэг үзүүлэлтэд суурилдаг. Бутан хэдийгээр буурай хөгжилтэй орон боловч иргэдийн аз жаргалтай амьдрахад энэ нь саад болдоггүй аж. Жил бүр хүн амын тооллого явуулахад иргэн бүрээс “Та аз жаргалтай байна уу?” гэсэн асуулга авдаг.

2015 онд тус улсын Аз жаргалын яамнаас явуулсан судалгаагаар иргэдийнх нь 35 хувь "Туйлын аз жаргалтай", 47.9 хувь нь "Аз жаргалтай амьдарч байна" хэмээн хариулсан бол ердөө 8.8 хувь нь л "Сэтгэл дундуур явдаг" гэжээ. Бутанд дөнгөж 1999 онд анх удаа телевизийн нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн бөгөөд энэ хүртэл телевиз хориотой байжээ. Мөн 2000 онд интернэт сүлжээ ашиглаж эхэлсэн нь Бутаны эзэн хааны иргэдэд барьсан бэлэг байсан гэнэ.

Бутаны жишгээр Аз жаргалын яамтай болсон орон бол Венесуэль юм. Тус улс 2013 онд нийгмийн аз жаргалын төлөөх дэд яамыг байгуулсны дараа Эквадор улс мөн аз жаргалын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга анх удаа томилсон.

Харин 2016 онд Арабын Нэгдсэн Эмират улс Аз жаргалын яам байгуулснаа зарлаж, сайдаар Охуд Халфан эл Румиг томилсон.  Түүнийг энэ тушаалд томилогдоход зарим хүмүүс тохуурхаж байсан боловч ажлаа авснаас хойш нэг жилийн дараа явуулсан олон нийтийн судалгааны дүн иргэд ийм сайдтай болсондоо бас түүний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл хангалуун байгааг харуулсан юм.

Охуд Халфан эл Руми хүмүүсийг аз жаргалтай болгох нь бүхэл бүтэн шинжлэх ухаан хэмээн ярьдаг. Хүмүүс Аз жаргалын сайдад олон гомдол хүсэлт илгээдгээс дийлэнх нь төр засгийн бодлого, шийдвэртэй холбоотой байдаг гэнэ. Гэвч Руми өөрт нь хандсан хүмүүст туслахаас хэзээ ч татгалздаггүй. Руми ажлаа эхлэхдээ эерэг хандлагын 100 хоногийн аян зарлаж, олон нийтэд чиглэсэн олон арга хэмжээ авсан байна. Тэрбээр хүмүүст мөнгөөр туслахын оронд хандлагаа өөрчилж, эерэг бодол, хандлагатай болохыг зөвлөдөг ажээ. Түүнийхээр хүмүүсийн аз жаргал бол баян тансаг амьдрал биш, аз жаргал бол хүний амьдралдаа олж авахыг зорьдог туйлын зорилго ажээ.

2017 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Руми сайн засаглалын тухай илтгэлдээ “Бид шинэ соёлыг бүтээж байна. Энэ бол урт аялал. Үүнд хугацаа шаардлагатай” хэмээн ярьсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж