УИХ-ын гишүүн О.Баасанхүү оны өмнө намын Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулж, намын даргаар сонгогдсон. Улмаар тэрбээр МАХН-ын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Намын удирдлагатай холбоотой энэ асуудлыг шийдэх хурал нэгдүгээр сарын 5-нд товлогдсон ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хойшлуулах санал гаргаснаар хурал болоогүй.
Долоо хоногоор хойшилсон Шүүх хурлын хугацаа өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдрөөр дуусч байна. Хэрэв шүүх хурал болж, МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэвэл МАХН шинэ удирдлагатай болно. Харин түүний зохион байгуулсан хурал МАХН-ын удирдлагуудын хэлж буй шиг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус бол МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвээр үлдэх юм.
Сануулахад, МАХН-ын удирдлагуудын зүгээс намын албан ёсны их хурал хоёрдугаар сард болж, энэ хурлаар намын удирдлагад хариуцлага тооцох эсэх асуудлыг шийднэ гэж мэдэгдэж байгаа.
Ш.ЧИМЭГ