Онцгой албан татвар нэмэх асуудлыг эргэж харна

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Онцгой албан татвар нэмэх асуудлыг эргэж харна

Онцгой албан татвар нэмэх асуудлыг эргэж харна

Сүүлийн нэг сарын хугацаанд шатахууны хомсдол үүсч, үнэ нэмэгдэх нь гэсэн асуудал ярианы сэдэв байлаа. Шатахуун түгээс станцууд зарим төрлийн бензинээ борлуулахгүй, зарим төрлийнх нь үнийг нэмсэн зэрэг нь энэ дуулианыг улам дэвэргэж орхисноор сар шинийн баярын өмнө шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд төрсөн. 

Тэгвэл олон өдөр асуудал үүсгэсэн шатахуун тойрсон маргааныг нэг мөр зохицуулах шийдвэр гарчээ. 

Үнийн зөвлөл өчигдөр /2018.01.18/ хуралдаж, өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргалаа.

Харин А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг бууруулахгүй байж болно гэсэн зөвлөмжийг тус зөвлөл гаргасан байна.

Монголчуудын хамгийн их буюу нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь авдаг шатахуун бол А-92, А-80 бензин. 

Тансаг зэрэглэлийн буюу А-95, А-98, Евро 5 стандарт зэрэг шатахууныг нийт хэрэгчлэгчдийн нэг хувь эзэлдэг юм байна.

Тиймээс Үнийн зөвлөл нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

Ерөнхий сайд онцгой албан татварыг ОУВС-тай ярилцана

Ерөнхий сайдыг БНСУ-д айлчилсан хойгуур шатахуун импортлогчид нийслэлийн төв хэсгээрх шатахуун түгээс станцуудаа хааж, засвартай, шатахуун дууссан гэх тайлбарыг өгч байв. Энэ хооронд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон бусад холбогдох албаныхан импортлогчидтой учираа олох гэж албан бусаар хоёр хоног хуралдсан юм. Тэд хуралдаж, тодорхой шийдвэрт хүрч чадаагүй учраас өчигдөр Ерөнхий сайдтай уулзсан байна. Харин Ерөнхий сайдын зүгээс өргөн хэрэглээний буюу хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг шатахууны үнийг нэмэхгүй байх, өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажилласан импортлогчдын татварын асуудлыг нэгдүгээр сарын 25-нд Монголд ажиллах ОУВС-ийн төлөөлөлд танилцуулахаа мэдэгджээ.

Засгийн газар ОУВС-тай тэтгэврийн нэмэгдэл, онцгой албан татварын нэмэгдэл зэрэг асуудлыг эргэж ярилцахаар төлөвлөөд байсан юм. Тиймээс үүнтэй хамт шатахууны онцгой албан татварыг ч мөн хөндөж ярина гэж эх сурвалж мэдээллээ.

“Магнай трейд” ХХК-д торгууль ногдуулна

Шатахууны үнийн зөвлөл нэгдүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, нефть импортлогчид алдагдалтай ажиллаж байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг ажиллаж байх хугацаанд импортлогчдыг үнээ нэмэхгүй байх чиглэл өгсөн бөгөөд тэд өнгөрсөн хугацааны нөхцөл байдалд хийсэн дүгнэлтээ Үнийн зөвлөлд өчигдөр мөн танилцуулсан байна.

Үндсэндээ импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байсан гэдэгтэй Үнийн зөвлөл санал нэгджээ. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн дагуу “Магнай трейд” ХХК-д хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулах нь зүйтэй гэж Үнийн зөвлөл үзсэн байна.

дизель түлшний үнэ нэмэх асуудлыг эргэж харна

Хэдийгээр шатахуун импортлогчид алдагдалтай ажиллаж байгаа ч Үнийн зөвлөлөөс өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэхгүй байхыг сануулж, Засгийн газар татварын бодлогоор зохицуулах чиглэл бүхий зөвлөмж гаргалаа. 

Үнийн зөвлөл гаргасан зөвлөмжөө Засгийн газар, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШӨХТГ зэрэг байгууллагуудад хүргүүлжээ.

Үнийн зөвлөл нефть импортлогчдын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, төрийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй байдаг бөгөөд тус зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав тэргүүлдэг. Хэдийгээр энэ удаа Үнийн зөвлөл үнэ нэмэх асуудлаар зөвлөмж гаргасан ч дизель түлшний үнэ нэмэх эсэх асуудлаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа бөгөөд энэ асуудлыг эргэж ярилцахаар болсон гэх мэдээллийг албаныхан өгч байна. 

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж