Орхон аймгийн "Хангарьд" спортын ордонд болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс таван жинд шинэ аварга төрсөн билээ. Тэдний нэг болох эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд түрүүлсэн, “Хүч” спорт хорооны тамирчин А.Чанцалнямаатай ярилцлаа. Тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээсээ хойш 20 жилийн дараа улсын аварга болжээ.
А.Чанцалнямаа анх 1999 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 44 кг-д барилдаж байсан бөгөөд хоёр удаа тэмцээнийг өнжсөн байна.
Хүү, охинтой. Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Нийслэлийн 12 дугаар сургуулийг төгсөж, улмаар МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг дүүргэжээ. Өдгөө тэрбээр Хууль сахиулахын их сургуулийн эчнээ ангид суралцаж байна.
А.Чанцалнямаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс 10 гаруй медаль хүртэхдээ нэг алт, таван мөнгө, есөн хүрэл медалийн эзэн болжээ.
Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Нийтийн хэв журам хамгаалах албаны алба хаагч А.Чанцалнямаагийн ярилцлагыг сонирхоно уу.
-Юуны өмнө улсын аварга болсонд баяр хүргэе. Энэ амжилт таны олон жилийн хөдөлмөр байлаа?
-Баярлалаа. Би энэ жил ажилдаа илүү анхаарна бодож байлаа. Хууль сахиулахын их сургуульд сурч байгаа болохоор хичээлдээ цаг гаргах төлөвлөгөөтэй байсан. Мэдээж энэ бол миний олон жил хүсэж байсан амжилт. Улсын аварга болсон хүнд дараа дараагийн тэмцээн бодогдоод ирдэг юм байна. Сүүлийн жилүүдэд 63, 69 кг-д барилдсан. Энэ жил жингээ хасахгүйгээр 76 кг-д оролцлоо.
-Таны жинд олон шилдэг бөхчүүд байсан. Та эхний барилдаанаа Б.Одончимэгтэй хийсэн шүү дээ?
-Улсын олон удаагийн аварга Б.Одончимэгтэй эхний тойрогт таарсан. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Түүнийг ялсны дараа Г.Наранчимэгтэй барилдаж, аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан. Энэ хоёр маань амаржаад удаагүй, төрснөөсөө хойш дэвжээнд бараг гараагүй байж байгаад улсын аваргадаа орсон байх. Хоёр гол өрсөлдөгчөө ялаад, шигшээд гарч ирсний дараа гэнэт их зүйл бодогдсон шүү.
-Магадгүй та сэтгэл зүйн хувьд давуу байдалтай байсан байх?
-Г.Ариунжаргал их бяртай хүүхэд юм билээ. Түүнтэй өмнө нь барилдаж байгаагүй. Барилдааны өмнө багийнхан маань хэлж байсан. Та хоёр хүчтэй бөхийг ялсан юм чинь гайгүй байх гэж. Барилдаан эхлэх үеэр бяртай гэдгийг нь мэдсэн.
-Улсын аваргад түрүүлсэн мөчид хэрхэн баярласнаа санаж байна уу?
-Сайхан байсан. Миний энэ амжилтыг Д.Оюунболд багш маань харсан бол (Хоолой нь зангирав) гэж бодогдож байлаа. Үнэхээр сайхан мөч.
-Та цагдаагийн байгууллагад ажилладаг. Ажлын заваараа бэлтгэлээ хийдэг гэсэн. Ажил, бэлтгэлийг хэрхэн зохицуулж байв?
-Би арваад жил цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Анхандаа 24, 48 цагаар ажилладаг байсан. Тэр үед амралттай үедээ бэлтгэлээ хийнэ. Аль болох улсын аварга шалгаруулах тэмцээнээ өнжихгүй байхыг хичээдэг. Тэмцээн дөхөөд ирэхээр бүр их догдолж, бэлтгэлээ эрчимжүүлнэ. Байгууллагаас тэмцээний өмнө 14 хоногийн цалинтай чөлөө өгдөг. Тэр үед эрчимжүүлсэн бэлтгэлээ хийнэ. Цагдаагийн байгууллагын олон тэмцээн болдог болохоор байнгын бэлтгэлтэй байдаг гэж болно доо. Өнгөрсөн онд гэхэд марш тактикийн бэлтгэлд сар гаруйн хугацаанд явсан. Бэлтгэл тасална гэж байхгүй. Аль болох зав гаргана даа.
-Анх чөлөөт бөхөд ирж байсан түүхээ хуваалцахгүй юу?
-1998 оны аравдугаар сард Д.Оюунболд багшийн шавь болж, Спортын төв ордны зааланд бэлтгэл хийж эхэлсэн. Тухайн үед ээж намайг спортын хүн болгоно гэж багш дээр дагуулж ирж байсан. Би ч тэр үед бөхөд сонирхолтой хүүхэд байлаа. Тэгээд самбо, жүдо бөхийг алгасаад, чөлөөт бөх рүү орсон. Тухайн үед Д.Оюунболд багш чөлөөтийн эмэгтэй багийг дасгалжуулж байсан. Жаахан охин эгч нарыгаа дагаад бэлтгэл хийдэг байлаа. Ингэж л чөлөөт бөхтэй холбогдсон.
-Анхны хүүхдээ гаргасны дараа бэлтгэлдээ эргэж ороход хэцүү байсан уу?
-Их сургууль төгсдөг жилээ охиноо гаргасан. Хүүхэд төрүүлчихээд дэвжээнд ирэхэд тийм ч амар байгаагүй ээ. Тамирчид ч арай өөрөөр хандана. Гэхдээ амаргүй байсан ч гэлээ би дуртай учраас элдвийн зүйлийг умартаад, дэвжээндээ гарсан. Хоёр дахь хүүхдээ төрүүлдэг жилээ улсын аваргыг өнжсөн. Одоо охин 10 настай, хүү 5 нас хүрч байна. Хүн дуртай зүйлээ хийх сайхан шүү дээ. Цагдаагийн алба бас их ажилтай. Гэхдээ л аль алийг нь зохицуулаад явна даа.
-Одоо бэлтгэлээ хаана төвлөрч хийж байна вэ?
-Би Т.Сүхбаатар багш гээд олон дасгалжуулагч дээр бэлтгэл хийж байсан. Сүүлийн гурван жил “Хасу Мегастарс” клубын Ц.Баярсайхан багшийн удирдлагад бэлтгэлтэй байсан. Энэ жилийн УАШТ-ий өмнө ч Баяраа багштай бэлтгэлээ хийсэн. Мэдээж байнга тусалж дэмждэг Цагдаагийн нийт албан хаагч болон удирдлагууд, багш нартаа талархаж байдгаа энэ дашрамд хэлмээр байна.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ