Ерөнхийлөгч Оросын сонгуулийн дараа айлчлалаа товлоно

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Оросын сонгуулийн дараа айлчлалаа товлоно

Ерөнхийлөгч Оросын сонгуулийн дараа айлчлалаа товлоно

Монгол Улсын төрийн гурван өндөрлөг түрүүчээсээ энэ оны эхний айлчлалаа эхлүүллээ. 

УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг өчигдөр /2018.01.18/ зорилоо. Тэрбээр нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцох юм. 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцох үеэрээ “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд илтгэл тавих юм. Уулзалтын үеэр  зарим улсын парламентын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалын тов одоогоор гараагүй байна. Сураг ажиг тавихад тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ОХУ, БНХАУ-ын аль нэгийг сонгон айлчлалаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө хойш нэг л удаа хилийн дээс алхсан. Энэ нь өнгөрсөн 2017 оны есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумд оролцсон.

Хэдийгээр түүний анхны албан ёсны айлчлалын тов тодроогүй байгаа ч наана нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын уулзалтад оролцож магадгүй аж. Мөн түүнийг Орост болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус улсын ерөнхийлөгчийн урилгаар үзнэ гэсэн мэдээлэл байгаа. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд оны эхний айлчлалаа нэгдүгээр сарын 15-нд БНСУ-аас эхлүүлэв. Энэ үеэр БНСУ-аас 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл авахаар ярилцаж, тохиров. Зээлийг 2019 он хүртэл хоёр үе шаттай авах аж. Зээлийн эргэн төлөх хугацаа 30 жил, 0,2 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөж байгаа юм. Уг зээлийн 500 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулах бол үлдсэн 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг цахилгаан станц барихад зарцуулахаар төлөвлөжээ. 

Үүнээс гадна БНСУ-д хөдөлмөр эрхлэх квотыг нэмэгдүүлэх талаар ярилцсан байна. 

Ерөнхий сайд айлчлалын төгсгөлд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ Тавантолгойн төслийг Хятадтай хамтарч урагшлуулна гэж мэдэгдсэн нь эдийн засгийг урагшлуулах итгэл төрүүлсэн, таатай мэдээ байлаа. 

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж