Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Цэгмэдийг “Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй” тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Оюутны нууц амраг’, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ. Жүжигчин мэргэжилдээ хэрхэн дахин “дурлаж” кино уран бүтээлд хөл тавих болсон талаар өрнүүлсэн түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.
Өөрийгөө жүжигчин болно гэж бодож явсангүй
-Урлагт хөл тавих болсон маань гэнэтийн явдал байсангүй. Би хүүхэд байхаасаа л урлаг, спортод их сонирхолтой байлаа. Миний хүүхэд нас, өсвөр нас өөрийн эрхгүй урлаг руу жолоодсон доо. Учир нь эмээ, ээж хоёр минь ухаан орсон цагаас л “Саран хөхөөний тууж”-аас эхлэн янз бүрийн домог, үлгэр ярьж өгч, оньсого хүртэл таалгадаг байсан сан. Нэг ёсондоо хүүхэд ахуй цагийн минь багш бол эмээ, ээж хоёр. Тэгээд л арван жилийн сургуулиа төгсөөд, жүжигчин болох гэж зориогүй. Би өөрийгөө жүжигчин болно гэж бодож явсангүй. Ямар ч л байсан дуулж, бүжиглэчихдэг, хөгжим ч тоглочихдог хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Намайг эмээ, ээж хоёр маань “Эмч мэргэжилтэй болоорой” гэдэг байсан. Тэгсэн арван жилээ төгсдөг жил эмч болох хувь заяа минь төөрч, эмчийн хуваарь надад олдооч үгүй. Бас Биеийн тамирын дээд сургуулийн хуваарь олдсон ч тэр хуваариасаа хоцорчихсон.
Тухайн үед анх Ардын жүжигчин Д.Мэндбаяр багшийгаа хараад “Жүжигчин хүн ийм хөөрхөн байдаг юм чинь би лав тэнцэхгүй байх аа. Жүжигчин хүн царайлаг байх ёстой юм байна” гэж бодож байлаа. Тэгсэн манай арван жилийн найз Ж.Дашзэвэг надтай тааралдаад “Драмын театрт жүжигчин шалгаруулж авна гэнэ. Чи шалгуулаад үзээч. Драмын театрт эмэгтэй хүүхэд авна гэж байсан” гэлээ. Тухайн үед 1965 онд одоогийн Ардын жүжигчин Г.Мягмарнаран бид хоёр тэнцэж, тэр үеийн эрэгтэй дагалдан жүжигчид дотор би ганцаараа эмэгтэй дагалдан жүжигчин цалингүй гурван сар явсны эцэст Г.Мягмарнаран бид хоёр нэг өдөр, нэг тушаалаар жүжигчин болж байлаа.
Тайзны анхны дүр “Далан худалч” жүжгийн ядуу хүүгийн дүр
-Ингээд амьдралын тойргоор гурван жил Улсын драмын эрдмийн театртаа ажиллаж байгаад хүний гэргий болсноор миний амьдралын зам 360 хэм эргэсэн. Миний хувьд театрын тайзны анхны дүр бол “Далан худалч” жүжгийн үггүй, зүгээр л нэг ядуу хүүгийн дүр байдаг. Тухайн үед Э.Оюун багш “Чи тэр дунд ард түмэн болоод тоглоорой” гэсэн. Тэгээд би “Эрэгтэй хүүхэд болоод л хэвийн боов зөөгөөд л навсганаад явж байвал зүгээр юм уу” гээд тоглосон. Энэ дүрээ яагаад миний анхны дүр гэж бэлгэшээдэг вэ гэхээр дараагаар нь Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” жүжгийн бага хүү Идэрийн дүр оногдсон. Тиймээс ч би анх ээж болохдоо том хүүхдээ Идэрийн нэрийг өгч, аав нь өөрийн Чулуун гэдэг нэрийг залгаж өгсөн юм. Гэр бүлтэй болсны дараагаар Олон нийтийн радио телевизийн хүүхдийн редакцид ассент найруулагчаар ажиллалаа. Хань маань намайг жүжигчин болгох их дургүй байсан. Намайг дагалдан жүжигчин байхад авч суугаад л ”Чи телевизийн сайхан найруулагч” бол гэдэг байлаа. Тэгсэн би ханийнхаа үгэнд ороод л “Өө тэгье” гээд л найруулагч болчихдог юм бодоод л байж байсан чинь гэнэт 1974 онд Соёл, утга зохиолын сонинд “Жүжигчин элсүүлнэ” гэсэн зар олж хараад хорхой хөдлөөд л эхэлсэн. Одоогийн гавьяат жүжигчин Б.Батзаяа, Т.Карма, Ө.Нарангэрэл тэргүүтэй уран бүтээлчид Улсын филармонийн байранд шалгуулаад л. Тэр үед “Нийт 2000 хүүхдээс хот, хөдөөгийн 13, 13 хүүхэд шалгаруулж авна” гээд тоо заачихсан.
Тэгээд л хотоос тэнцсэн хүүхдүүд дунд багтаж, Багшийн дээдийн кино драмын ангид орох гэсэн нас хэтэрчих вээ. Би чинь 25 нас хүрчихсэн, хоёр хүүхдийн ээж болчихсон байлаа. Одоо миний паспорт дээрх төрсөн он худлаа явдаг юм. Яагаад гэхээр 1947 онд төрснийг зураач П.Банзрагчийг гуйж байгаад “Миний паспорт дээрх 1947 гэдэг тоог 1949 болговол хувь заяа маань өөрөөр эргэж, жүжигчин болох гээд байна” гэж өөрчлүүлж байлаа.
Хүүхэд, залуучуудын театрт ихэвчлэн эрэгтэй хүүхдийн дүрд тоглосон
-Би Багшийн дээдийн кино драмын ангид дөрвөн жил суралцаад, Улсын драмын эрдмийн театртаа очих сонирхол маш их байсан. Тухайн үед театрын уран бүтээлчид төгсөж буй оюутнуудаас өөрийн театртаа ажиллах жүжигчнээ сонгодог байлаа. Би дээд сургуулиа төгсөхдөө гавьяат жүжигчин Б.Батзаяагийн оронд эрэгтэй хүүхдийн дүрээр хамгаалсан юм. Жүжигчин Б.Батзаяа маань киногоор дипломоо хамгаалах гээд кинонд явчихсан байна. Тэгсэн Хүүхэд, залуучуудын театраас Ардын жүжигчин А.Очирбат гуай тэргүүтэй уран бүтээлчид ирж үзээд “Эрэгтэй хүүхдийн дүрээр дипломоо хамгаалсан” гэж театртаа авсан. Миний хувьд Хүүхэд, залуучуудын театр 1990 оны эхээр таран бутрах хүртэл ажиллаж, зах зээлийн давалгаанд Польш улсад 15 жил амьдарсан даа.
Би И.Нямгаваа найруулагчид их баярладаг. Яагаад вэ гэхээр Хүүхэд, залуучуудын театрт ажилладаг байсан С.Сугар, Б.Мушгиа зэрэг олон найруулагчид маань намайг эрэгтэй хүүхдийн дүрд тоглуулдаг байсан. Харин Д.Лхасүрэн найруулагч маань “Хатуу тоглоом” гэдэг жүжигт Чимгээ гэдэг дүр, Г.Доржсамбуу найруулагч Ч.Чимэд гуайн зохиол “Хүний санаа” гэдэг жүжигт инженер Насанхүү гэж эмэгтэйн дүр өгч байсан. Бусад нь дандаа эрэгтэй хүүхдийн дүр байсан даа. Тухайн үед ЗХУ-д эмэгтэй хүн бүх насаараа эрэгтэй хүний дүрд тоглодог байсан. Тэр жишээгээр намайг жүжигчин Н.Мягмартай ээлжлэн эрэгтэй хүүхдийн дүр тоглуулах бодлогоор театрт анх авч байлаа. Гэтэл нэг өдөр И.Нямгаваа найруулагч Дарханаас Хүүхэд, залуучуудын театрт найруулагчаар ирэнгүүтээ “Би энэ театрт байх хугацаандаа эрэгтэй хүүхдийн дүр чамд өгөхгүй” гэсэн үгэндээ хүрч, “Хайрыг хайрла” жүжгийн 10 хүүхдийн ээжийн дүрээс эхлэн “Нэр төр” жүжгийн Пагмын дүрийг өгч, уран бүтээлийн чигийг өөрчилсөн.
“Мартагдсан дууль” киноны анхны дүрээ солиулж байлаа
Би “Өндөр ээж” кинонд анх 18 насандаа тоглож байсан. Дараагаар нь надад “Мартагдсан дууль” кинонд тоглох санал ирж, архи уугаад агсам тавьдаг эмэгтэйн дүр ирсэн. Миний хувьд өрх толгойлсон эмэгтэй. Бас өмнөх уран бүтээлд “Нэр төр” жүжгийн Пагма гээд “хогийн хүүхэн”-ий дүрд тоглосон чинь хүүхдүүд циркийн тэнд явж байсан чинь чулуу шидээд болдоггүй. Тэгээд л “Хамаагүй эсрэг дүрд тогломооргүй юм байна. Хүмүүст чулуугаар шидүүлэх нь энүүхэнд юм байна” гэж бодож байтал агсам тавьдаг эмэгтэйн дүр өгдөг байгаа. Найруулагч Сэлэнгэсүрэн найруулагчдаа хэлтэл “Чи дүрээс татгалздаг яасан том жүжигчин бэ” гэлээ. Тэгэхээр нь би “Тоглохгүй л бол тоглохгүй. За яахав” гэсэн чинь даруу Дэжидийн дүрээр сольж өгч байж билээ.
“Өндөр ээж”-ээс хойш “Ану хатан” киногоор дэлгэцнээ эргэн ирсэн
-Харь оронд олон жил амьдарсны дараа эх орондоо ирээд “Шилдэг өнгө” продакшны шавь сургалттай хүүхдүүдэд ур чадварын хичээл зааж байлаа. Тэгсэн Урлагийн ажилтны холбооны дарга Б.Тунгалаг “Чи ингэж зүгээр давхиад байж болохгүй. Манай урлагийн ажилтны холбооны шугамаар Өвөрмонгол, Хөх хотод очиж багшил” гэсэн. Би тэнд гурван жил хэртэй багшлаад, Монголдоо 2008 онд “Ану хатан” кинонд тоглох хүсэлт хүлээж авсан.
Тэгээд “Ану хатан” киноны пробод очтол жижиг биетэй, шар хүүхэн “Би Дарабалжи хатнаа олчихлоо. Кино проб хийх хэрэггүй. Би хүүхэд байхдаа үзэж байсан “Нэр төр” жүжгийн Пагмын дүрд тоглосон эгчийг олчихлоо” гэж хэлж байсан. Өнөөдрийг хүртэл тасралгүй үргэлжилж буй миний уран бүтээлийн эхлэл нь “Ану хатан” кино. Намайг “Өндөр ээж”, “Мартагдсан дууль” гэх монголын уран сайхны киноноос хойш мартсан үзэгчидтэй минь “Сайн байна уу?” гэж дахин мэндчилэх боломжийг нээж өгсөн. Одоо хүмүүст сайн, муугаараа хэлэгдэж буй залуу уран бүтээлчид намайг ажилтай байлгаж байна. Би анх 2014 онд Хятадын “Нарны хэнгэрэг” кинонд тоглосон. Тэр кино маань Монголд нээлтээ хийнэ гээд хийж чадаагүй. Үүний дараагаар 2015 онд найруулагч Л.Таванбаярын зохиолоор хийсэн “Хүдэн” кинонд тоглож, “Улаанбаатар кино наадам”-д түрүүлсэн. Тэгээд найруулагч Л.Таванбаяр маань “Таны нэрийг Академи авардс наадмын шилдэг туслах дүрд өгсөн” гэсэн. Тэр наадамд очсон чинь олон сайхан уран бүтээлчид номинацид өрсөлдөж, “Би барахгүй юм байна” гэж бодоод сууж байтал миний нэрийг дуудсан. Энэ хүндтэй шагналыг авахын өмнөх өдөр нь над руу “Марка Поло” кинонд тэнцсэн гэсэн мэдээ ирсэн юм. Энэ кинонд тоглосноор гадаадын кино урлагтай танилцаж, нүд маань нээгдсэн.
“Миний амьдралын хуудсууд” номоо хэвлүүлсэн
-Миний хувьд бүх уран бүтээлийнхээ түүхийг нэгтгэн 2017 онд “Миний амьдралын хуудсууд” хэмээх номоо хэвлүүллээ. Мөн энэ сарын сүүлчээр нэг киноны санал ирэх гэж байна. Би “Зохиомж” дээд сургуульд зургаа дахь жилдээ багшилж байна. Одоогоор хичээл амарчихсан, завтай сууна. Нондин жил АНУ-ын найруулагчид Монголд ирж, бөө, удганы тухай кино хийсэн. Энэ кинонд миний шавь н.Пүрэвжаргал гол дүрд тоглож, би удганы дүрд тоглосон. Багш хүний хувьд эргээд төгссөн шавь нартайгаа уран бүтээлд хамтран ажиллах нь маш сайхан байдаг.
Миний нэрийг марттал овоглох тийм дүрийг бүтээх хүсэлтэй
Миний ном дээр зохиолч Б.Шүүдэрцэцэг “Түүнд байдаг ганц шунал нь гол дүр. Шинэ шинэ уран бүтээлээр асаж явдаг чанар юм” гэсэн байсан. Тэр бол яг үнэн. Өнөөдрийг хүртэл өөрийн тоглосон бүтээлийнхээ цар хүрээг авч үзэхээр гол дүр тун ховор. Дандаа хоёр, гурав, дөрөвдүгээр зэргийн туслах, үгтэй, үггүй дүрүүдэд тоглосон байдаг. Хэдийгээр тооны хувьд олон ч чанарын хувьд өөр өөрийгөө чамлаж явдаг. Учир нь би бусад уран бүтээлчидтэй адил ард түмэндээ дүрээрээ овоглосон жүжигчин болохыг хүсдэг. Миний хувьд энэ яваа насандаа л ард түмэн миний А.Цэгмэд гэдэг нэрийг марттал овоглох тийм дүрийг бүтээх хүсэл төрсөөр л байна. Ер нь жүжигчин хүний хөдөлмөр хэзээд төгс биш. “Төгс, одоо боллоо” гэж өөрийгөө боддоггүй. Үргэлж өөрийгөө чамлаж, шинээр нээж “Дахиад нэг, дахиад нэг…” гэдэг үг бидний мэргэжилд үргэлж байдаг. Хэрвээ чи сэтгэхээ л больж, ямар нэгэн дүрд өөрийгөө бэлдэхгүй л юм бол болохгүй. Их сайхан мэргэжил шүү. Огторгуйн нисгэгчдийн шалгуур их өндөр байдаг. Гэтэл тэр дайны шалгуурыг жүжигчин хүн насан туршдаа туулж явдаг юм гэнэ лээ.
Саяхан “С1 телевиз”-ийн уран бүтээлчдийн намайг “S ажиллагаа” нэвтрүүлэгтээ урьж, стиль өөрчлөн, 45 настай эмэгтэй болгосон. Намайг талийгаач, жүжигчин Р.Алтансүх маань “Хунгийн сүүлчийн дуу” кинондоо бүр 90 настай эмгэн хүртэл болгосон шүү дээ. Хүмүүс надтай тааралдаад “Та чинь амьдрал дээрээ гайгүй хүн байна шүү. Та одоо 60 хүрч яваа юу” гэж их асуудаг. Гэтэл би чинь одоо 70 нас гарч яваа хүн шүү дээ. Ер нь би гуньдаггүй. Би хоёр хүүтэй. Ач, гуч нартайгаа даам тоглоно. Амралтын өдрөөр цэвэр агаарт гарч, спортоор хичээллэнэ. Хортой хоол хүнснээс татгалзаж, өөрийнхөө идэх ёстой хоолоо л иднэ. Үүний хүчинд өдий хүртэл даралтын эм уусангүй. Хөл, гар өвдсөнгүй. Польш улсад надтай 15 жил жаргал, зовлонгоо хуваалцсан М.Мандах найздаа маш их баярладаг. Харь улсад 15 жил амьдрахад эмч найзынхаа ачаар эм тан найруулаад л уучихдаг. Амьдралдаа илүү сайхан дурсамж үлдээхийн тулд хичээж явна.
Гэрэл зургийг Э.Энхбат
Холбоотой мэдээ