“Монгол Улс БНАСАУ-ын харилцаа, сорилт, боломж” сэдэвт уулзалт болов.

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

“Монгол Улс БНАСАУ-ын харилцаа, сорилт, боломж” сэдэвт уулзалт болов.

“Монгол Улс БНАСАУ-ын харилцаа, сорилт, боломж” сэдэвт уулзалт болов.

МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимээс “Монгол улс, БНАСАУ-ын харилцаа, сорилт, боломж” сэдэвт дугуй ширээний уулзалтыг өчигдөр /2018.01.17/ зохион байгуулав. Уулзалтанд Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, Монгол, Солонгосын харилцааны чиглэлээр судалгаа хийдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч 20 гаруй судлаач, БНАСАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд оролцож өөрсдийн санал бодлыг солилцов. Энэхүү уулзалтын гол зорилго бол энэ онд тохиох Монгол улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хоёр орон хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх арга замууд, Солонгосын хойг, хоёр Солонгосын нэгдэлд Монгол улсын оруулж чадах хувь нэмэр зэрэг сэдвийг хэлэлцэхэд оршиж байв. 

Уулзалтын эхний хэсэгт “Монгол Улс дахь БНАСАУ-ын ажилчдын төлөв байдал” (докторант С.Батсайхан), “Шинжлэх ухаан нэг алхамын урд буюу БНАСАУ-ын нам төрийн зүгээс шинжлэх ухаан, технологи, боловсролын талаар явуулж буй бодлого” (ШУТИС-ийн багш Г. Сэрдарам), “Расоны Эдийн засгийн тусгай бүс ба Түмэн голын төслийн тухай” (докторант Ц. Буянцогтоо) гэсэн илтгэлүүдийг хэлэлцэв. 

Уулзалтын удаах хэсэгт НҮБ-аас тавьсан хоригийн үе дэх Монгол Улс БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Нэгдсэн Солонгос форумын тэргүүн доктор Б.Лхагваагийн хөтлөн явуулсан энэ хэсэгт судлаачид Монгол улс, БНАСАУ-тай уламжлалт эмчилгээ гэх мэт чиглэлд мэргэжилтэн солилцох, стратегийн бус бараа бүтээгдэхүүн, шинжлэх ухаан, соёл, боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломж багагүй байгааг онцолж байлаа. 

Судлаачдын зүгээс дэвшүүлсэн нэг өвөрмөц санал бол “Монгол Улс-Хойд-Өмнөд Солонгос” гэсэн гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлого, эдийн засгийн хөгжил, тухайлбал жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт онцгой ач холбогдолтой байж болох тухай үзэл баримтлал байв. Тухайлбал, Монгол Улсад Өмнөд Солонгосын технологи, хөрөнгө оруулалт, Хойд Солонгосын мэргэжилтэн, Монгол ажилчдыг оролцуулсан хүнс, хөдөө аж ахуйн эко парк байгуулж, бүтээгдэхүүнээ Хойд Солонгос, БНХАУ, ОХУ, Япон зэрэг Зүүн Хойд Азийн орнуудад нийлүүлэх боломж бүрэн байгааг хэлэлцэв. 

Ойрын ирээдүйд Зүүн Хойд Ази, Солонгос судлаачдын хувьд эрдэм шинжилгээний олон үйл ажиллагаа өрнөх төлөвтэй байна. Тухайлбал, энэ оны 4-р сард БНАСАУ-ын ЭСЯ-наас “Улс орнуудын бие даасан хөгжил” сэдвээр дэлхийн 10 гаруй орны судлаачид оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах бол 6-р сарын сүүлээр Солонгосын хойгийн нэгдэл, Монгол Солонгосын харилцаа,  тусгаар тогтнолын хөдөлгөөний сэдвээр томоохон эрдэм шинжилгээний хурал ч болох ажээ. Манай судлаачид эдгээр хурлуудад идэвхтэй оролцох замаар Монгол улсын гадаад бодлого, түүх, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж