Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Фэйсбүүкийн “Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийнхэн нэгэн гишүүнийхээ ”Түрий, түрүү, түрээ барих, аль нь зөв бэ? Хүн, амьтан, юмаараа түрий, түрүү… бариад гээд байдаг даа. Туслаарай та минь ээ!” гэсэн яаралтай дуудлагад “түргэн тусламж” үзүүлэх хэрэг гарлаа.

Эхний хүн “түрий”  гэснээ “түрүү” ч бил үү гэж эргэлзлээ. Дараагийн хүн “Түрүү барих гэдэг нь зөв гэж бодож байна. Түрүүлэх, өөрийгөө л ямар нэгэн юмаар шалтаглан түрүүнд нь бодох, бодуулах гэх гэсэн утга болов уу.” гэв. Гуравдахь гишүүн “Түрүү барих гэх байх аа. Тэр ‘шалтгаанаа’ өмнөө барьж, хаацайлж байна гэсэн утга биш үү? Түрий бол гутал гэх мэтийн түрий. Түрээ гэж сонсоогүй юм байна.” гэснийг дөрөв дэх зочин “Түрүүнд барих=Өмнөө барих. Хэн нэгэн хүч чадалтай, эрх мэдэлтэй хүнийг өмнөө барьж, өөрөө хойно нь зогсоод бусдыг айлгах. Түрий барих=Гутлын дээд хэсгээс барих.” гэж дэмжив. Тав дахь нь “Чи цагдаа ааваараа битгий түрүү бариад бай! Энэ гутлын түрий яасан бачуухан юм бэ?” мэтээр санал, бодлууд цувсаар 6 хүн түрүү, 2 хүн түрий нь зөв гэж түрүү бараг л ялж байлаа. Харин өөр нэг гишүүн “Түрээ барих гэдэг. Түрүү, түрий бол биш шүү” гэсэн нь бүгдийг сэртхийлгэв. Үүнийг өөр нэг гишүүн “Тийм байна. Монгол хэлний их тайлбар толь дээр “Зоргоор аашилж эрдэхийн ар түшиг, учир шалтагийг түрээ барих гэнэ. Тодруулбал ямар нэг давуу, ялгаатай байдлаа ашиглан ажил хэргээ бүтээхийг оролдохыг түрээ барих гэнэ. Жишээлбэл, С.Эрдэнийн “Түймэр” зохиолд ..хол ойрын холбоо сүлбээгээрээ түрээ барьдаг зан арилаагүй байсан цаг.” гэж бичжээ гэж баталснаар түрээ барих ялсан юм.

Бүлгэмийн найздаа туслах гэж санал бодлоо хуваалцсан гишүүд андуу эндүү зөвлөснөө зөвшөөрч, баталгаа нотолгоотой “түрээ”-г дэмжиж байгаагаа “Сэтгэгдэл таалагдлаа” гэсэн тэмдгээр илэрхийлж эцэслэсэн юм.

Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийнхэн энэ мэтээр хэдэн талаас нь хэлэлцэж байж туслалцаа хүссэн найзууддаа тусалдаг. Эрхэм уншигч та энэ бүлгэмд нэгдэж, бичиг үсэгтэй холбоотой санал бодлоо хуваалцаарай.

2013 оны 12 дугаар сард байгуулагдсан “Зугаатай хэл шинжлэл” гэж 21 мянган гишүүнтэй фэйсбүүкийн бүлгэм бий. Санаачлагч нь М.Саруул-Эрдэнэ багш.

Бүлгэмээс өөрийн гишүүд төдийгүй гадны хүмүүс ч “идэвхтэй, идэвхитэй” хоёрын аль нь зөв бэ? Идэвхтэй гэж бичдэг бол ямар дүрмээр “И” үсгийг гээж байгаа юм бол оо?, Орон нутгийн түвшинд гэх үү, төвшинд гэх үү? Аль нь зөв бэ?, “Аяллын” гэх үү, “аялалын” гэх үү? Туслаарай гялс!!! Ойрхи гэдгийг “ойрх” гэж бичдэг болсон байх юм. Ямар дүрмийг баримталсан хэрэг вэ? мэтийн асуулт асууна. Түүнд нь бүлгэмийнхэн “Идэвхтэй гэнэ. 2011 онд журамласан 700 үг дотор идэвх гэж бичихээр шийдсэн. Өөрөөр хэлбэл үгийн үндэс нь идэвх. Тэгэхээр дүрмээр биш, журмаар зохицуулагдсан гэсэн үг. Үндсээ зөв тогтоовол дүрмээ бариад, идэвхжилт, идэвхжих, идэвхтэн мэтээр хувираад явна даа.“ гээд л боломж бололцоогоороо аль болох хурдан хариулахыг хичээдэг юм. 

Заримдаа гудамжны самбар, сонин, телевизийн нэр, гарчиг, элдвийн зарын алдааг зураг хөрөгтэй нь олж ирээд, “Ингээд буруу бичсэн байна, арай ч дээ, ичмээр юм…” гэж ховолно. Түүнийг нь бас л ингэх юмыг тэгчихсэн байна. Ингээд зөв болох байж гээд л хэдэн талаас нь хэлэлцэнэ дээ…

Ер нь л манай бүлгэмийхэн их гоё. Хийсэн алдааг нь хэн нь ч болов шударга, сайхан хэлээд өгнө…

Эрхэм уншигч та энэ бүлгэмд нэгдэж, бичиг үсэгтэй холбоотой санал бодлоо хуваалцаарай. Төөрөлдөж мунгинасан зүйлээ төвөгшөөх вий гэж бодолгүй асуугаад байгаарай. Манай 19 мянган гишүүн чаддаг мэддэг бүхнээ хуваалцаж, элбэж дэлбэж  байгаад танд туслахад бэлэн байна.

 

“Егөөтэй 99 тайлбар” номын “Яаралтай тусламж хүссэн найздаа яаж түргэн тусалсан бэ?” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж