Хүйтэн сэрүүний улиралд томуу болон томуу төст өвчин ихсэх хандлагатай байдаг. Иймд эцэг эхчүүдэд томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Б.Түвшинбатаас дараах тодруулгыг авлаа.
-Томуу томуу төст өвчний өвчлөл танай эмнэлэгт хэр их байна вэ? Ямар насны хүмүүс томуугийн вирусээр өвчилж байна вэ?
-Манай дүүрэгт томуугийн өвчлөл энэ сарын 15-ны байдлаар нийт амбулторийн өвчлөлийн 7.2 хувийг эзэлж байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 1.2 хувиар ихэссэн үзүүлэлт гарсан. Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байна. Томуугаас сэргийлэхтэй холбоотой нийслэлээс олон арга хэмжээ авч байгаа. Тодруулбал, бүх дүүргүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Манай дүүрэг гэхэд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллаж байна. Тэгэхээр эцэг эхчүүд ажлын цаг дууссаны дараа ирэхэд үзүүлэх боломж нээлттэй. Харин одоогоор сурагчдын амралт эхэлсэн учир харьцангуй ачаалал гайгүй байна.
-Томуу, томуу төст өвчин ямар вирусээр үүсгэгдэж байна вэ?
-Хүйтэн сэрүүний улиралд томуу болон томуу төст өвчин ихсэх хандлагатай байдаг. Хамгийн гол үүсгэж буй вирус нь А хүрээний H3N, коронавирус, риновирус нар давамгайлж байна. Томуу, томуу төст өвчний үед илрэх хамгийн гол шинж тэмдэг нь хүүхэд өндөр халуулах, хоолонд дургүй болох, суулгах шинж тэмдэг зонхилдог. Эмчилгээнд хамгийн чухал нь дур мэдэн эмчлэхгүй байх шаардлагатай. Эцэг эхчүүд эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийх хэрэгтэй.
-Гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ? Дархлааг хэрхэн сайжруулах вэ?
–Хүүхэд ханиад, томуу туссан үед онцын шаардлагагүй үед гадагшаа авч явахгүй байх, шингэн зүйл их уулгах, аарц чацаргана, аньсны шүүс гэх мэтчилэн уламжлалт аргаар бэлдсэн шингэнийг сайн уулгана. Хоёрдугаарт дархлаа дэмжих эмийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Мөн гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ хийж 20 минут тутамд агаар оруулж, унтуулж амраахыг зөвлөж байна.
-Ханиадыг эмийн бус аргаар яаж дарах вэ?
-Нэгээс доош насны хүүхдэд цэр ховхлох эмийг өгөхгүй байх, гэрийн нөхцөлд утлага хийх, халуун бүлээн усанд хөлийг нь дүрэх, цээжинд нь тогшилт хийх маягаар массаж хийх зэрэг энгийн аргаар эмчлэх хэрэгтэй. Бага насны хүүхдийг доороос нь дааруулахгүй байх нь хамгийн чухал. Томуугийн эмчилгээний гол уламжлалт арга нь витамин С агуулагдсан хүнс, хүнсний ногоог хоол ундандаа түлхүү хэрэглэх хэрэгтэй.
-Хэрэв хүндэрсэн тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ?
-Эмчилгээг зөв хийхгүй удаан хугацаагаар явбал хатгалгаа болон, бөглөөт хатгалгаа, бөглөөт бронхит үүсгэх хандлагатай байгаа. Хэрэв хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэх хүртэл арга хэмжээг авна.
-Ээжүүд маань сүүлийн үед утлагын аппаратыг их хэрэглэж байна. Хэр үр дүнтэй вэ?
-Эхний үед буюу халуунгүй, ханиалгатай үед утлагын аппаратыг хэрэглэснээр маш үр дүнтэй байгаа. Утахаас өмнө бага зэрэг чимх сод хийгээд утвал ханиалга дарагдаж байна.
-Томуугийн шинж тэмдэг дөнгөж илэрсэн үед яах вэ?
–Өөрсдөө дур мэдэн эм ууснаар хүндэрч хатгалгаа болох эрсдэлтэй. Тиймээс эмчийн зөвлөгөөг сайн дагаж, асаргаа сувилгааг сайн хийх хэрэгтэй. Бага насны хүүхэд 38.5 дээш халуурч байвал халууны эмийг 6 цагийн зайтай өгөхийг зөвлөсөн.
-Одоогоор аль вирус зонхилж байна вэ?
–Томуу, томуу төст өвчин вирусээр үүсгэгдэг. Ринавирус буюу амьсгалын дээд замын вирус одоогоор давамгайлж байна. Тиймээс антибиотекийг замбараагүй хэрэглэхгүй байх хэрэгтэй. Антибиотек нь бактерид үйлчилдэг эм. Гэтэл томуу өвчин вирусээр үүсгэгдэж байгаа гэдгийг эцэг эхчүүд сайн ойлгох хэрэгтэй.
Э.Ариун