Туркийн цэргийн тээврийн онгоц орон нутгийн цагаар өчигдөр /2018.01.17/ сургуулилтын үеэр осолдож, онгоцонд зорчиж явсан гурван хүн амь үрэгджээ. Онгоц Испарта мужид Эгирдир нуурын ойролцоо осолдож, онгоцонд зорчиж явсан хоёр нисгэгч, нэг техникийн ажилтан амь үрэгдсэн талаар Туркийн зэвсэгт хүчнээс мэдэгдсэн байна.
Орон нутгийн цагаар 12.50 цагийн үед онгоцны дохио радарын дэлгэцээс алга болж, улмаар аврах багийнхан эрэн хайх ажиллагаа явуулснаар онгоцны сэгийг олжээ.
Ослын шалтгаан тодорхойгүй, гэхдээ нислэгийн үеэр манантай байсан нь нөлөөлсөн байж болзошгүй талаар Испарта мужийн захирагч Сехмус Гунядин хэлсэн байна.
CASA CN-235 загварын дундын зайн, хос хөдөлгүүрт онгоцыг Испанийн “Construcciones Aeronauticas SA” болон Индонезийн “Indonesian Aerospace” компани хамтран бүтээжээ. Уг онгоцыг Туркийн армийн хэрэглээнд өргөн ашигладаг, гэвч өнгөрсөн удаад CASA CN-235 онгоц осолдсон гурван тохиолдол гарч байжээ.
С.ЦЭЛМЭГ