Хотын дарга утаанаас залхжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Хотын дарга утаанаас залхжээ

Хотын дарга утаанаас залхжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр /2018.01.18/ сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа. Тэрбээр ойрын хоёр жилд эхлүүлэх бүтээн байгуулалт  болоод  агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх талаараа онцлон ярьсан юм.


Эхний ээлжид хотын захиргаа болоод нийслэлийн харьяа 33 агентлагийг Баянхошуу руу биш Яармагийн дэнж рүү нүүлгэхээр болсноо хэллээ.  Гурван сая хүний тал нь нийслэлдээ төвлөрсөн нь эцэстээ хөгжил рүү явах биш хөгжлөөсөө ухрахад хүргэжээ. Тиймээс төвлөрлийг задалж, төрийн байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэх шаардлагатай гэж хотын удирдлагууд төлөвлөсөн байна. Ингэхдээ өөрсдөөсөө эхэлж, ирэх хавраас Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал болоод харьяа төрийн байгууллагуудаа Яармагийн дэнж рүү нүүлгэхээр болжээ. Хотын захиргааг нүүлгэснээр 35 мянган төрийн албан хаагчаас гадна 30 мянган иргэн хотын төвөөс гарч, төв зам түгжрэлгүй болох боломжтойг хотын дарга тодотголоо. Мөн газар олголтыг зогсоож, дахин шинээр нэг ч гэр барьж, хашаа хатгахгүй гэнэ.

Сүхбаатарын талбайгаа тойроод багшралдсан хотоо задлахын тулд  Багануур, Багахангай, Налайх дүүргийг Зуунмод, Майдарын хамтаар дагуул хот болгох нь нэг гарц гэж хотын дарга  тооцжээ. Их, дээд сургуулиудыг Багануур хот руу нүүлгэж, бусдыг нь үйлдвэрлэл, аялал жуулчлал, бизнес гээд салбар салбараар нь хөгжүүлэх аж.  Тухайлбал, Буянт-Ухааг аялал, худалдааны бүс болгох саналыг хотынхон гаргажээ. Эдгээр саналаа ажил хэрэг болгож чадвал Улаанбаатар удахгүй замын түгжрэлгүй болж, агаарын бохирдлоосоо салах юм.


Утааг арилгахад 198 тэрбум төгрөг шаардлагатай

Дараагийн хөндөх сэдэв нь агаарын бохирдол.  С.Батболд Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон цагаасаа хойш гудамж, зам талбайн үзэмжид анхаарч, засвар арчлалт, бүтээн байгуулалтын ажлыг чамлахааргүй хийсэн гэв. Гэхдээ хийсэн бүх ажил нь утаанд дарагдаад, иргэд зөвхөн утаа, агаарын бохирдлыг л ярьдаг болжээ. Тиймээс хотын дарга утаа, агаарын бохирдлоос залхаж буйгаа онцлов.  Тэдний багийнхны хийсэн тооцооллоор, 2018 онд утааг арилгахын тулд 198 тэрбум төгрөг шаардлагатай аж. Гэхдээ энэ мөнгийг хаанаас, хэрхэн босгох шийдлээ хотын удирдлага олоогүй бололтой. Утаанаас салахын тулд  утаа гаргадаггүй зуух, түлшийг тараах нь нэг арга ч хамгийн зөв шийдэл хотоо орон сууцжуулах гэв.  Мөнгөгүй болсон шалтгаанаар гэр хорооллын дахин төлөвлөлт буюу нийслэлийн 11 байршилд 200-500 айлыг орон сууцтай болгох ажил гацжээ.  Гэхдээ орлогод нийцсэн, түрээсийн гэсэн орон сууцын ажил үргэлжилж буйг хотын дарга онцоллоо.  Энэ ажлыг хөдөлгөхөд 70 орчим сая ам.доллар хэрэгтэй аж.

Өөр нэг утааг багасгах арга гэр хорооллын өрхүүдийг инженерийн шугам сүлжээтэй холбох гэнэ. Өвлийн байшинтай айлууд дулаалгаа маш сайн хийсэн байх шаардлагатай. Мөн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны сарын хэрэглээ нь 120 мянган төгрөгөөс хэтрэхгүй байх.  Учир нь орлого багатай өрхүүд гэр хороололд олон бийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тодотгов. Тэрбээр “Айлуудыг инженерийн шугамтай холбовол дагаад гудамж, талбайн тохижилтыг давхар хийнэ. Бүх гудамж, талбайд гэрэлтэй болгож камержуулна. Одоогийн орон сууцын өрхүүд шиг тохижилт, арчлалт, цэвэрлэгээг нь хариуцдаг сууц өмчлөгчдийн холбоотой болох шаардлагатай” гэлээ.  Хэрэв айлууд газраа орон сууцаар солих эсвэл нийтийн эрх ашгийн төлөө чөлөөлөх шаардлагатай болвол 60 сая төгрөгөөс дээш үнээр үнэлэхгүй байх хэрэгтэйг санууллаа. Үүнээс дээш үнэтэй болбол нийслэл худалдаж авах боломжгүй аж.


II төрөхийг хүүхдийн эмнэлэг болгоно

IV төрөх эмнэлгийн барилгын ажил царцаад хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл царцсан барилга удахгүй гэснэ. IV төрөх эмнэлэг рүү одоогийн II төрөхийг шилжүүлэх саналыг хотын дарга гаргалаа. Түүний хэлснээр, “Улаанбаатар их дэлгүүр”-ийн урд байрлах II төрөх эмнэлгийг хүүхдийн нэгдсэн амбулатори эмнэлэг болгохоор болжээ.  Мөн хоёрдугаар эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хажууд эмнэлэг барьж буй аж. Ингээд эмнэлгийн тоо нэмэгдээд байвал эцэг, эхүүд хүүхдээ эмчлүүлэхийн тулд эмнэлгийн шалан дээр хэвтэж, ар араасаа дугаарлахгүй болно гэв.

Сургууль, цэцэрлэгийн тухайд энэ жил 52 цэцэрлэг,  ерөнхий боловсролын 34 сургуулийг шинээр барих болон өргөтгөж засварлах юм байна. Үүнээс гадна олон улсын “Жайка” байгууллага, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл гээд нийт 15 тэрбум төгрөгөөр шинэ сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж, газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлжээ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж