Нүүрсний дайныг У.Хүрэлсүх эцэслэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Нүүрсний дайныг У.Хүрэлсүх эцэслэх үү?

Нүүрсний дайныг У.Хүрэлсүх эцэслэх үү?

Засгийн газар Тавантолгой төслийг хөдөлгөх нь ээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой төслийг Хятад улстай хамтарч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

Шинэ оны өмнөхөн БНХАУ-аас  Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин “Тавантолгой болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам зэрэг томоохон төслүүдэд хамтран ажиллахыг хүсэж байна” гэсэн байр суурь илэрхийлсэн.  

Талуудын энэхүү байр суурь галт тэрэг хэдийнэ хөдөлжээ гэж хэлж болох мэт.

Монгол Улс бол БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч. Гэвч дэлхийн нүүрсний хамгийн том зах зээлийн дэргэд буюу газар зүйн асар том боломжтой хувилбарт байршиж байж, өнөөдрийг хүртэл Тавантолгой төслөө хөдөлгөж чадаагүй сууж буй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн дотоод улс төртэй л холбоотой.

Үе, үеийн Засгийн газар эл төслийг хөдөлгөхөөр болж, шийдэл гаргахад улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашигт цавчуулдаг гашуун сургамж бий. Хамгийн сүүлийн зовлонг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар эдэлж, эгээтэй л танхимаа онхолдуулчихалгүй, бүрэн эрхээ дуусгасан.

Дараа нь Ж.Эрдэнэбатын танхим байгуулагдаж, шийдэл гаргахаар ажиллаж байсан ч огцорсон.

Одоо харин У.Хүрэлсүхийн танхим ерөнхий зураглал гаргаад байна. Үүгээр бол Тавантолгой төсөл дээр үндэсний компаниудаа оролцуулж хамтран ажиллах,“Эрдэнэс тавантолгой” компани БНХАУ-тай хамтран ажиллах хувилбар барих нь.

Стратегийн орд газрыг ашиглах гэрээг байгуулахын тулд Засгийн газар төсөл боловсруулж, УИХ-аар батлуулах ёстой. Иймээс олон жилийн турш үргэлжилсэн Тавантолгой тойрсон нүүрсний улс төрийг У.Хүрэлсүх эцэслэж чадах уу гэдэг нь УИХ-д өргөн барих төслөөс нь ихээхэн хамаарна гэсэн үг. Эцсийн дүндээ энэ төсөл Монгол Улсын эрх ашгийг хангасан байх ёстой.

Эрх баригч хүчин УИХ-д 65 суудалтай. Тавантолгой төслийг хөдөлгөх хүсэл эрмэлзэл байгаа л бол бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ хугацаандаа багтаан батлах ёстой юм.

Том төсөл хөдөлж байж, улс орон хөгждөг. Оюутолгой төслийг өнөөдөр сайн, муугаар янз бүрээр ярьж буй ч энэ төслийн үр шимээр Монголын мянга, мянган иргэн ажиллаж, хөдөлмөрлөж, суралцаж байна. Дэлхийн дэвшилтэт технологи, ноу-хау энэ төслөөр дамжиж, Монголд нэвтэрсэн.

Одоо араас нь Тавантолгой төслийг хөдөлгөж чадвал Ерөнхий сайд У.Хүрэлсүх, мөн УИХ дахь 65-ын бүлэг хананд бус түүхэнд үлдэнэ. 

Учир нь энэ төсөл зөвхөн нүүрсээ Хятад улсад экспортод гаргаад зогсохгүй, олон жилийн турш хэрүүлийн алим ‘ургуулсаар’ ирсэн төмөр замыг ч шийдэх учиртай. Төмөр замыг шийдэж, барьж чадсан цагт Монголын нүүрс дэлхийд өрсөлдөх чадвар нь илүү сайжирна. Цаашлаад нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортолдог болсон цагт өгөөжөө илүү их өгнө. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж