Буриад улс 300 мянган ам.долларын зээл олгох санал тавив

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Буриад улс 300 мянган ам.долларын зээл олгох санал тавив

Буриад улс 300 мянган ам.долларын зээл олгох санал тавив

‘Бүгд найрамдах Буриад улсад хөрөнгө оруулах боломжууд” бизнес хурал өнөөдөр /2018.01.18/ Улаанбаатарт болж байна. Тус хуралд Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын дарга Алексей Самбуевиз Цыденов өөрийн таван салбарын сайдын хамт оролцож, хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулах чиглэлээр төслүүд танилцуулж, хамтран ажиллах боломжтой салбаруудын талаар зөвлөлдлөө. Монголын талаас ОХУ, Буриад улсад худалдаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон цаашид бизнесийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой бизнесменүүдийн төлөөлөл оролцлоо. ОХУ, Монголын худалдаа эрхлэлт 1,2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд ОХУ 60, Монгол 40 гэсэн харилцаатай байна. Буриад улстай 36 сая ам.долларын худалдаа хийж байна. Тиймээс энэ харьцааг тэнцвэржүүлэх, хамтарч ажиллаж байгаа салбаруудаа өргөтгөх ёстойг талууд онцолж байлаа.

Буриад улс аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур болон эко бүтээгдэхүүн Монголоос авах сонирхолтой байдаг аж. Тэр дундаа Байгаль нуурыг түшиглэж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна. Буриад улстай авто зам, төмөр зам агаараар холбогдож байгаа учраас аялал жуулчлалын бүсүүдийг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын бизнес эрхлэгчид хамтрах бүрэн боломжтой гэнэ. Буриад улсын бизнес эрхлэгчдийн зүгээс Монголд барилгын салбар, цахилгаан техникийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн баталгаажуулалт, гахайн мах боловсруулах, анагаах ухаан, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж зарим компаниуд төслөө танилцуулсан юм. Тухайлбал, ОХУ-ын “Восточно-Сибирский” компанийн хувьд махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад хамтрах түнштэй ажиллах сонирхолтой байгаа гэнэ. Тэр дундаа гахайн мах боловсруулах үйлдвэр барьж, борлуулах түнштэй хамтрах танилцуулгаа Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд ОХУ, Монгол хоёр улсын худалдаа нэмэгдэж байгаа гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав: 

-ОХУ тэр дундаа Буриад улс өөрийн дэд бүтцээ хөгжүүлсэн, зам харилцаагаа өргөтгөсөн, дэд бүтцээ бий болгосныхоо дараа худалдаагаа нээж байгаа нь давуу тал. Энэ нь биднийг хичээхгүй бол болохгүй болж байгааг илэрхийлж байна. Бид 20 гаруй жил хөрөнгө оруулалт татна гэж ярьж байгаа боловч дэд бүтэц талаасаа хууль эрхзүй, авлига устгах чиглэлээр өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй. Байгаль нуурын бүс нутгийн дагаж хөрөнгө оруулалт татаж чадвал хоёр улс хоёулаа хожно. Нөгөө талаас ОХУ-ын талтай экспортын олон ажил хийх гэж оролдож байгаа боловч эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын таван улстай маш сайн хамтарч ажиллаж байна. Түүнээс гадна Монголдоо хөрөнгө оруулж чадахгүй байгаа бол Буриад улсад аялал жуулчлал болон бусад салбарт хөрөнгө оруулах боломжууд нээгдэж байна. Буриад улсын талаас танилцуулж байгаагаар татварын орчин таатай, хэрэв Буриад улсад хөрөнгө оруулалт хийвэл найман жил татвараас чөлөөлөх, 1,5 хувийн хүүтэй 300 мянган ам.долларын зээл олгох зэрэг боломжтой саналуудыг тавьж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж