Хоёр Солонгос нэг тугийн дор жагсана

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Хоёр Солонгос нэг тугийн дор жагсана

Хоёр Солонгос нэг тугийн дор жагсана

Пёнчаны өвлийн олимпийн нээлтэд БНСУ ба БНАСАУ-ын тамирчид нэгдсэн тугийн дор жагсана гэж Өмнөд Солонгосын талаас мэдэгдлээ. Хоёр орны төлөөлөгчид ажил хэргийн түвшний уулзалт зохион байгуулж, хэлэлцсэний дүнд ийм шийдвэрт хүрчээ.

Түүнчлэн хоёр Солонгос эмэгтэйчүүдийн хоккейн багийг хамтран бүрдүүлэхээс гадна хэд хэдэн хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон тухай Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд мэдэгдсэн байна. Тухайлбал, Хойд ба Өмнөд Солонгосын цаначид олимпийн өмнө хамтарсан бэлтгэл хийх, хоёр орны соёл, урлагийнхан хамтарсан тоглолт хийх зэрэг асуудлыг хэлэлцэн, тохирчээ.

Мөн Хойд Солонгосын талаас тамирчдаа хөгжөөн дэмжүүлэхээр 230 хүн, мөн 30 хүний бүрэлдэхүүнтэй таэквондогийн баг, сэтгүүлчдийн баг илгээхээр болсон байна.

Хоёр Солонгосын тамирчдын жагсах нэгдсэн туг нь Солонгосын хойгийг цэнхэр өнгөөр илэрхийлсэн цагаан далбаа байх аж. Тэд өмнө нь 1991 онд анх удаа ширээний теннисний ДАШТ-ий үеэр ийм тугийн дор жагсаж байсан юм.

Одоо Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ хоёр Солонгосын тохиролцоог зөвшөөрөх ёстой. Нээлтийн ёслолд нэгдсэн тугийн дор жагсахаас илүү эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд хамтарч орох асуудал ярвигтай байж мэдэх гэнэ. Учир нь тэмцээн, уралдаанд нөлөөлж болзошгүй ажээ.

Хоёр Солонгосын хоорондох энэ хэлэлцээр сэтгэл хөдөлгөм мэдээ боловч нөгөө талаар бэлгэдлийн чанартай гэгдэж байна. Хойд Солонгосын чухам хэдэн тамирчин олимпийн талбарт өрсөлдөх эсэх нь одоог хүртэлх тодорхойгүй байгаа. Одоогоор олимпийн эрхээ авсан Хойд Солонгосын тамирчин хараахан байхгүй юм. Олимпийн эрх олгох тэмцээн, уралдаан эцэслэх хүртэл 10-аад тамирчин эрхээ авах боломжтой, дээр нь ОУОХ-ноос нэмэлт эрх “цагаан хуудас” байдлаар олгож магадгүй гэсэн хүлээлт байгаа ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж