”Харгүй бол хайргүй”

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

”Харгүй бол хайргүй”

Өнөөдөр нэг сонин зүйл ажиглагд­лаа. Сонин ч гэж дээ бараг дадал болох гэж байгаа эд юм уу даа. Гэгээн цагаан өдрөөр үдийн нэг цагиийн үед нийтийн тээврийн хэрэгсэлдээ суугаад цонхоор хартал төв гудамжны гэрлүүд асч байх юм. Гайхмаар байгаа биз? Гэхдээ би ийм үзэгдлийг энэ зун гурав дахь удаагаа харж байна. Эхний удаа харахад Энх тайвны өргөн чөлөө өдөржин өнжин гэрэлтэй байсан.

Харин энэ удаа гэрэл ассаар яваад 13 дугаар хороолол хүрээд захын зүг гэрэлтүүлжээ. Энэ чинь юу гэсэн үг вэ? Нар гэгч хорвоогийн их гэрэлтүүлэгчтэй өрсөлдөх гээ юу? Эсвэл Тавантолгойн нүүрсээ барах аргагүйгээр станцууддаа татаад шатааж байгаа нь энэ үү? Замаа, шугам сүлжээтэйгээ янзалж байгаад хөлсний түр зуурын ажилчид утсыг нь буруу холбочихсон юм болов уу? Бүр эцэст нь  гэрэлтүүлгийнхэн дэлхийн эдийн засгийн хямрал ойртлоо гээд урьдаас ажил хаяад тэтгэврээ хасуулах гэсэн юм бол уу?

Тэднийг “ажил хаяж байна” гэдэгт би л лав эргэлзэхгүй. Тэд чинь гээд байхаар олон хүн ч Гэрэлтүүлэг чимэглэл компанид байхгүй. Улсынх болохоор улсаас авах мөнгө нь ховор, тэгээд л чийдэнгүүдээ асаасаар байгаад халуун наранд хайлуулж аваад Хөххотоос шинэ “лаг” чийдэн оруулж ирэх гэж байж ч болно. Үүнийг бол үгүйсгэх аргагүй. Шөнийн харанхуйд Гэрэлтүүлэг чимэглэлийг захирагч хотын захиргааны байшин дээр шоуны гэрэл үргэлж гялалзаж байдаг билээ.

Хот нь шөнийн харанхуй гэхээр харанхуй байдаг юм чинь аргагүй биз дээ. Цөөн хэдэн хүн хотын захын харанхуйгаар гүйгээд чийдэн асаагаад байв гэж! Хэдэн олигарх гишүүдийн сонгогдсон дүүргийг олигарх дарга нар үргэлж л гэрэлтэй байлгадаг л даа. Жишээлбэл, ерөнхий сайдын сонгогдсон тойрогт бүх зам бүтэн, гудамжууд гэрэлтэй байж байдаг болохоос дараа нь нам нь дэвшүүлэхгүй гэсэн гишүүдийн дүүргүүдэд бол залуу авгай аваад үсээ хараар будуулсан спикер шиг л үнэгэн харанхуй шүү дээ.

Энэ мэтээр ургуулан бодох аваас ерөнхий сайд нарын төв дүүрэг үргэлж гэрэл гэрээтэй, нартай өдөр ч нэмэлт гэрэлтэй байг гэж зарим нь бодож байгаа байх. Магадгүй эрчим хүчний үнийг  энэ хавар нэмүүлсэн “шуналтнууд” өдрөөр зам дагуух гэрлийг асааж байгаад ахиу мөнгө зохих гэсэн башир арга байж болох л доо. Хартай байгаа биз?
Харгүй бол хайргүй гэдэг нь энэ болой.

Мартсанаас долоон нарны зургааг нь харваад хар ус уухгүй хагд өвс идэхгүй тарвага болон хувирсан Эрхий мэргэн харваач хүн хэвээр байсан бол өдрийн нартай өрсөлдөөд асаагаад байгаа гэрлүүдийг нум сумаараа харваад унтраачих байсан байх даа. Даанч тарвага болчихсон, харваж чадахгүй…

А.ШАРХҮҮ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж