Спортыг дэмжих сангийн санхүүжилтээр буюу төрийн дэмжлэгтэйгээр тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн шинжилгээг авсаар байна. Тэгвэл өчигдөр(2018.01.17) зарим сайт тамирчдаас допинг илэрсэн гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн.
Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаас тодрууллаа. Тус газраас “Допингийн шинжилгээг тамирчдаас авч байгаа. Одоогоор хориотой эмийн бэлдмэл хэрэглэсэн тамирчин гараагүй. Төслийн хүрээнд явагдаж байгаа допингийн сорилтын дүнг сарын дараа яам, тамгын газарт хүргүүлнэ. Тиймээс бид олон нийтэд шууд мэдээлэх боломжгүй. Өнгөрсөн онд 200 гаруй тамирчнаас шинжилгээ авсан. Он гараад ч тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг авч байгаа.” гэсэн юм.
Төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төв, Төрийн бус байгууллагууд хамтран хийж байгаа аж. Энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн 2017 онд спортын 17 төрлөөр 200 гаруй тамирчдаас допингийн шинжилгээг авчээ. Мөн энэ төсөлд үндэсний бөхчүүдээс 35 тамирчин хамрагдсан байна. Тамирчдаас авсан допингийн сорил дээжийг БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн баталгаат лабораторид явуулдаг аж.
2018 он гарсаар тамирчдаас допингийн шинжилгээг авсан гэж албаныхан хэлж байв. Хамгийн сүүлд Орхон аймагт болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр тамирчдаас допингийн шинжилгээг авчээ.
“Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийг энэ онд дахин үргэлжлүүлэх бөгөөд төслийн хүрээнд авч буй допингийн шинжилгээний хариу, тайлан сарын дараа гарах юм байна.
Допингтой холбоотой мэдээллийг http://www.antidoping.mn/
Ч.БОЛОР