Олон аймгийн олныг баярлуулсан наадам

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Олон аймгийн олныг баярлуулсан наадам

Нутагтаа очилгүй нэлээд хэдэн жил, тэр тусмаа нутгийнхаа наадмыг үзэлгүй бараг л арав гаруй жил болжээ. Олон ой давхардсан төрийн наадам шувтарч долоо хоног амарсан монголчууд дахиад л наадмаар амьсгалж, аймаг, сумын ойнууд ч шил шилээ даран тохиолоо. Ажил, амралтаа хослуулан эхнэр хүүхдээ дагуулан нутаг руугаа явах боломж олдож унааны эрэлд гарлаа. Тав тух, түргэн шуурхайг нь бодоод агаараар зорчих санаатай билет сурвал наймдугаар сар гартал дуусчихсан гэнэ. Нарантуул зах гарч хүн тээвэрлэдэг фургон сонирхлоо. Үнэ нь том хүн ч бай хүүхэд ч бай суудал л эзлэж байвал 65.000 гэнэ. Ганц нэг фургон хүмүүсээ суулгаад хөдлөхөд бэлэн гээд л байж байхаар нь сонирхоод цонхоор нь шагайлаа. Бараг л уулга алдчихсангүй. Нэг эгнээндээ таван хүн шахаад дээрээс нь цүнх савтай юмыг нь хураачихаж. Ёстой л нуруу нугасгүй чихнэ гэдэг нь энэ бололтой. Хот дотор нэг эгнээндээ дөрвөн хүн чихсэн микрод явах гэж үйлээ үздэг байж 1500 километр газар ингэж явна гэдэг аймшигтай. Орой нь сонин болон телевизээр “Ховд явна” гэсэн элдэв зар харж байснаа ямар ч жолооч таараа билээ хээр хөдөө эвдрэл энэ тэр болбол гэж санаад маргааш нь авто вокзал гарлаа. Ховд руу өдөр бүр тээвэр хийж байгаа “Ач буян” гэх компани байгаа аж. Үнийн хувьд том хүн 60.000, хүүхэд  38.000 төгрөг гэнэ. Наадам болох гэж байгаа ачаалал ихтэй тул билетийн захиалгыг 2-3 хоногийн өмнө авах гэнэ. Урт дараалалд зогссоор ээлж ирэхэд ердөө хоёрхон суудал үлдснийг нь бичүүллээ. Товлосон өдрөө замд гарахаар билет бичүүлсэн автобус болох оросын Паз гэх 28 хүний суудалтай дунд гарын автобустаа суудлаа эзэллээ. Хөдлөхөөс өмнө жолооч нь жаахан тайлбар хийнэ. Хоёр ээлжийн жолоочтой, өдөр шөнөгүй давхиад яг хоёр хоногийн дараа Ховдод очсон байна гэх аж. Мөн хатуу хайрцаг болон эвдэрч хэмхрэхгүй ачаатай хүмүүс ачаагаа автобусны суудлын хооронд тавихыг үүрэгдэнэ. Зорчигчдынхоо ая тухад санаа тавиад л ингэдэг юм болов уу гэж санатал үгүй юмаа. Билет авч чадаагүй хүмүүс бэлэн мөнгөө жолоочид тушаагаад эдгээр “суудал”-д суух аж. Үд өнгөрч байхад замдаа гарсан бид Өвөрхангай,  Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгуудаар хоёр шөнө, нэг өдрийг өнгөрөөгөөд хоёр дахь өдрийг үд гэхэд буюу наадмын урд өдөр аймагтаа очлоо. Аймгийнхаа “Модон овоо”-ны “Тавтай морил” гэсэн самбар доогуур орж Ховдынхоо хонхор луу шааригдахад халуу дүүгэж амьсгал давчдана. Аймаг маань өнгө орсон гэж жигтэйхэн. Зам дагуу гэрлийн шон шинээр босгож, бүхий л байшин барилга, хашаа хороогоо буджээ. Гэр хорооллын айл бүр хашааны хаалгаа цэнхэр, хашаагаа цагаан өнгөөр будаж ижилсүүлжээ. Аймгийхаа урд орших Ямаат ууланд Зайсан толгой гэж хочилсон “Эвийн өндөрлөг” байгуулжээ. Нийт 365 гишгүүртэй, аймгийнхаа бүхий л зүйлийг харах энэ өндөрлөгийг эвтэй дөрвөн амьтнаар чимэх гэнэ. Аймгийнхаа зүүн хэсэг “Зүүн хаалга” хэмээх гол төлөв казах, чантуу айлуудаар дүүрсэн хороололд байх авга эгчийнх рүүгээ такси аваад хөдөллөө. Хотоос шахагдсан эхсээл, элэнтра, аксентууд халтуур хийх аж. Нэг километр нь 500 төгрөг. Хаа очиж километр дээрээ ажиллахгүй яг шударгаар тооцоо хийнэ. Хүн авсан тэрэг давхар хүн авч төвөг удахгүй. Наадам дөхсөн болохоор аймгийн төвөөр давхих бүх тэрэг том жижиг далбаагаар гоёжээ. Аймгийн ой болох гэж байгаа болохоор хол ойроос нэлээд их тэрэг ирж аймгийнхан бараг л анх удаагаа замын түгжрэл гэдгийг харж байгаа гэнэ. Түгжирсэн зам дээгүүр дохио дуугарган дайрах бүх тэргүүд дандаа УБ дугаартангууд. Авга эгчийндээ буудалласан даруйдаа наадмын бэлтгэл хийхээр зах гарлаа. Өргөн хэрэглээний бараа хотынхтой харьцуулахад бараг нэг дахин илүү үнэтэй. Харин хүнсний ногоо, жимс, хойд урд хилээс орж ирэх бараанууд харьцангуй хямд.

Олныг баярлуулсан наадам

Наадмын өглөө эртлэн босч аймгийнхаа баруун хойно орших цэнгэлдэхийг зорилоо. Өглөөний үүлгүй тэнгэрт ганц нэг элээ эргэлдэхээс өөр торох юу ч үгүй, долоон цаг дөнгөж шүргэж байгаа ч хайрган хөрс нимгэн шаахайны улыг нэвт төөнөнө. Голдуу цагаан саарал дээлээр гоёсон эрчүүд, чамин загвартай дээл өмсөж шүхэр барьсан бүсгүйчүүд, элдэв амттанд хөөрсөн хүүхдүүд бүгд л наадмынхаа нээлтийг үзэх гэж яарна. Цэнгэлдэхийн хойд голын эрэг дээрх цуварсан олон гэр байгаа нь ойд оролцохоор ирсэн хүмүүст зориулан аймгийн байгууллага, сум бүр хоёр гэр бэлтгэсэн аж. Нийтдээ 80-д гэр эздээ хүлээж байгаа нь энэ гэнэ. Үд болж морин цаг ирэхэд наадмын нээлт ёслол төгөлдөр эхэллээ. Ховд аймаг түүхэндээ хэрэглэж байсан таван өөр далбааг орон нутгийг судлах музейгээс цэргийн хүндэт харуул хүндэтгэлтэйгээр залж наадмынхаа төв талбайд алтан соёмбот төрийнхөө далбааны хамт байрлууллаа. Хүндэтгэлийн асарт нь УИХ-ын дарга, гишүүд, төр нийгмийн зүтгэлтэн, гадаад дотоодын зочид сууна. Наадмын нээлтийн салхийг хагалж Ардын жүжигчин Б.Зангад “Тунгалаг буянт”-аа “урсгаж”, “Алтайн магтаал”-аа Чандмань сумын 250 хөөмийч хайлж, ховд аймгийн сум, ястан бүр өөр өөрийн онцлогийг харуулсан үзүүлбэрээр үзүүлж, улсын цолтой 15 бөхөөр манлай­луулсан 512 хүчтэн зүлэг ногоон дэвжээг нь чимлээ. Наадмын эхний орой аймгийн хөгжимт драмын театрыг нь ховдчууд бараг л нураах шахлаа. Учир нь энэ орой Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгаас гурван гавьяат төрж, төрийн дээд одон медалиар олон хүн энгэр цоллоо. Нутгийн минь наадмын түрүүг горилж хөрш аймгуудаас нас насны шандаст хүлгүүд, хүчит бөхчүүд их ирсэн гэсэн цуу олны дунд тархсан байв. Олны үг ортой бололтой. Шүдлэн, соёолон насны морьдын түрүүг Говь-Алтайнхан, азарганы түрүүг Завхан аймгийн Сант сумынхан авлаа. Даага, их нас хоёрын түрүү нутагтаа үлдэж наадамчин олноо баярлууллаа. Хүчит бөхийн түрүүг Увс айм­гийн Малчин сумын харьяат аймгийн харцага авч аймгийн хурц арслан цол болж, үзүүрт нь Ховд аймгийн харьяат УИХ-ын гишүүн Загджавын хүү Соёмбо шөвгөрч аймгийн арслан болов. Ихэнх наадмынхаа түрүүг зал­гаа аймгийнхандаа алдсан ч нутгийнхан маань наадсан шиг наадаж, баярласан шиг баярлаж чад­лаа. Нутгийнханы дам яриа сонсох нээ харин ч манай нут­гийн наадам сайхан боллоо. Олон ч аймгийн олон ч хүнийг зэ­рэг зэрэг баярлууллаа гэх аж.

Наадмын өглөөний Ховд хот

Аймгийн орон нутгийн музейгээс залж ирсэн таван өөр далбаанууд

Захчин ардын биелгээ



Чандмань сумын 250 хөөмийч

Их насны морьдын аман хүзүүнд орсон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын халтар морь


М.Нямсайхан

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж