Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев мягмар гаригт /2018.01.16/ АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Вашингтонд айлчлав. Тэд хоёр талын худалдаа, харилцааны асуудлаас гадна Афганистан, Хойд Солонгосын зөрчил, заналхийллийг хэлэлцжээ.
-Тэд юу ярив?-
АНУ нь Казахстан улстай харилцаагаа улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалтаар дамжуулан баталгаажуулж, стратегийн түншлэлээ эрчимжүүлэхээр ярилцжээ. Худалдаа болон хөрөнгө оруулалтын хувьд Казахстаныг 2050 он гэхэд дэлхийн тэргүүлэх 30 эдийн засгийн нэг болгохоор зорьж буй Нурсултан Назарбаевын зорилтыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сайшаан магтсан байна. Мөн Зүүн Азийн стратегийн бодлогын хүрээнд Казахтсан улс бүрэн дэмжлэг үзүүлж байгаад Дональд Трамп талархлаа илэрхийлжээ. Хариуд нь, Нурсултан Назарбаев Талибан болон Исламын улс зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцлийг үргэлжлүүлэн дэмжихээ амлав. Олон улсын анхааралд буй Хойд Солонгосын асуудалд Нурсултан Назарбаев хатуу байр суурь илэрхийлжээ. Тэрбээр Казахстан улс тусгаар тогтносныхоо дараахан цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж, дэлхийд дөрөвт жагсаж байсан нөөцөө ОХУ-д шилжүүлэн өгснөөрөө Тегеран, Пхеньяны хажууд дүрэм журам ярих эрхтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр Хойд Солонгосын асуудлыг ОХУ, БНХАУ, АНУ нэгдсэнээр шийдэж чадна гэжээ.
-7,5 ТЭРБУМЫН ГЭРЭЭ-
Айлчлалын хүрээнд лхагва гаригт /2018.01.17/ АНУ-ын Худалдааны танхимд болсон дугуй ширээний уулзалтын үеэр Нурсултан Назарбаев 7,5 тэрбум ам.долларын өртөг бүхий 20 орчим гэрээг ярилцаж тохирчээ. Энэ үеэр АНУ-ын “Chevron”, “ExxonMobil”, “General Electric”, “Boeing” зэрэг компанийн төлөөлөгчид Төв Азийн зах зээлийг эртнээс сонирхож ирснийг онцолсон байна. Казахстан улс 2015 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элссэн боловч АНУ-тай тогтвортой худалдааны харилцаагүй байгаа аж. Хоёр орны худалдааны эргэлт 2016 онд 369 сая ам.доллар байсныг АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газар мэдээлжээ. АНУ-ын экспорт хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, технологийн салбарт хамаарч байна.
-Казахстаны олон улсын амбиц-
Казахстан нь АНУ-тай зөрчил, маргаангүй гэдгээрээ давуу талтай. Нурсултан Назарбаевын энэ удаагийн айлчлал 2006 оноос хойш хоёр орны хооронд анхны төрийн дээд түвшний уулзалт юм. Нурсултан Назарбаев сүүлд 2006 онд Жорж Бушийг АНУ-ын Ерөнхийлөгч байхад Вашингтонд айлчилжээ. Казахстан улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2016 онд сонгогдсоноор Төв Азийн гол тоглогч орон гэдгээ нотолсон билээ. Баруун Европын хэмжээний газар нутагтай, 17 сая хүн амьтай Казахстан улс нь газрын тос, байгалийн хийн чамгүй нөөцтэй. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн гол тоглогчид болох ОХУ, Хятадтай хиллэдэг. Өнгөрсөн жил Нурсултан Назарваев ОХУ болон Хятадын удирдагч нартай хэд хэдэн удаа хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн чуулга уулзалтыг зохион байгуулсан. Казахстан улс нь өнгөрсөн жил Сирийн долоон жил үргэлжилсэн дайныг зогсоохын төлөө ОХУ, Турк, Иран улсын хамтарсан уулзалтыг эх орондоо зохион байгуулсан.