Монгол хоёр Солонгосыг эвлэрүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Монгол хоёр Солонгосыг эвлэрүүлэх боломжтой

Монгол хоёр Солонгосыг эвлэрүүлэх боломжтой

“Би 2017 оны арваннэгдүгээр сард БНАСАУ руу хуралд оролцохоор очсон юм. Хил дээр нэгбүрчлэн үс, шүд, нүдийг хүртэл шалгана. Биедээ авч яваа гар утас, нөүтбүүк зэргийг бүгдийг нь хурааж, тусгай газар шалгадаг. Хятадын нэг цагийн үзлэгийг Хойд Солонгост хоёр цаг хийсэн. Гаалийн ажилтнууд нь үдэн гаргахдаа харин ч их соёлтой, өөрийн улсын тухай сэтгэгдлийг сонсож, дахиад ирэх үү гэж асууна. Инээж байгаад найрсгаар нэгжих сонин юм билээ. Би тэдэнтэй их хүндэтгэлтэй хандаж байсан болохоор намайг нэгжүүлж байх үеийн бичлэгийг хийхийг зөвшөөрч байсан шүү” гэж Шинжлэх ухаан, Техникийн их сургуулийн багш, Доктор Г.Сэрдарам “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, сорилт, боломж” нэр дор зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлын үеэр ярьж байлаа.  

Тэрбээр тус эрдэм шинжилгээний хуралд “БНАСАУ-ын нам төрийн зүгээс шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарт анхаарч буй тухай” илтгэл тавьсан юм.  Түүний дараа нь тодруулга авав.

Шинжлэх ухаан, Техникийн их сургуулийн багш, Доктор Г.Сэрдарам

-БНАСАУ-ын Засгийн газар нэн тэргүүнд шинжлэх ухаан технологийн салбартаа хэр ач холбогдол өгч, анхаарч байна вэ? 

-ОХУ-ын томоохон эрдэмтэдтэй ярилцаад сууж байхад БНАСАУ-ын хамгийн их ач холбогдол өгдөг зүйл нь хэмнэлт гэж хэлсэн. Бүх салбар, шинжлэх ухаанд хэмнэлт хийхийг тэд чухалчилдаг. Жишээ нь, эрчим хүчний салбарт илүү  хэмнэлтийн системийг бий болгож байна. Томоохон үйлдвэрүүд дээвэр дээрээ сэргээгдэх эрчим хүчний том зайнуудыг байрлуулчихсан байгаа юм. Мөн маш том усан цахилгаан станц байгуулсан. Ким Ир Сений нэрэмжит Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оролцоотойгоор 500 морины хүчтэй тракторууд, суудлын машинууд үйлдвэрлэгдэж байна. Ингээд бодоод үзэхээр, БНАСАУ-ын Засгийн газар техник технологийн салбарыг нэгдүгээрт тавьж, илүү их анхаарч байна. Шинжлэх ухааны мэдлэгийн гүүр гэж нэрлэгдэхээр том, том мундаг эрдэмтэн судлаач нар оюутнуудад хичээл зааж байна. Мөн сургуулийн орчин, суралцах бааз, нөхцөл нь бүрдсэн, үнэхээр сайн гэдгийг нүдээрээ хараад ирлээ. Өнөөдөр тэд БНАСАУ-ыг дэлхийн дахинаа ганцаардуулахгүй байх арга замыг баримталж байна. Өөрөөр хэлбэл, тэд гуравдагч харилцагч улсуудад анхаарал тавьж байна гэсэн үг юм. Энэ бодлого нь ялангуяа манай улсын хувьд их ашигтай. Би Солонгос улсын эрдэмтэн судлаачдаас хэзээ Өмнөд болон Хойд Солонгос хоёр улс нэгдэх вэ? гэх ганцхан асуултыг л асуудаг. Миний энэхүү асуултад Бээжингийн их сургуулийн эрдэмтэн ингэж хариулсан. Тэр “Энэ хоёр улс ямар нэгэн гаднын их гүрний нөлөөгүйгээр уулзах цагт л нэгдэнэ  дээ” гэсэн.  Тэгэхээр тэр улс нь манай улс болоод байна.

-Гэхдээ Монгол Улс дээрх хоёр орныг эвлэрүүлнэ гэхээсээ илүү өөрсдөө дотроо тогтворгүй байна шүү дээ?

-Харамсалтай нь, манай улсын гадаад харилцаандаа баримталж байгаа бодлого, төрийн тогтворгүй байдал зэрэг нь бусад улсуудад маш их эргэлзээ төрүүлж байна. Монгол Улс хоёр Солонгосын хооронд зуучлах бүрэн боломжтой. Зүүн Азидаа төвийг сахисан бүс нутаг нь Монгол Улс. Судлаач хүний зүгээс харахад хоёр орныг ойлголцуулах талаас нь манай улс түлхүү ач холбогдол өгч анхаарч ажиллавал зүгээр. Монгол Улсын хувьд Зүүн Хойд Азид баримтлах үзэл баримтлал нь илүү тогтвортой тууштай бас алсыг харсан байх ёстой гэж бодож байна

-БНАСАУ боловсон хүчнээ аль улсад түлхүү бэлдэж байна вэ?

-БНАСАУ-д 60 гаруй их дээд сургуулиуд байдгаас хамгийн их нь Боловсрол, Технологийн чиглэлийн их сургуулиуд юм. Тэнд 50.000 гаруй оюутан суралцаж байна. Хэдий хаалттай нийгэмд суралцдаг ч өсвөр үеийнхнийх нь шинжлэх ухааны мэдлэгийн түвшин өндөр. Ихэнх боловсон хүчнүүдээ дотооддоо бэлддэг. Харин гадаад улсад суралцдаг оюутнуудын олонхи нь ОХУ-д  техник технологийн мэргэжлээр суралцдаг.

-Хүмүүс БНАСАУ-ыг хаалттай,хатуу дэглэмтэй улс гэж жийрхдэг. Бодит байдал дээрээ ямар вэ?

-Монгол Улс олон улсын хэвлэлийн үзэл сурталд хэт их  автаад байна. Хэдийгээр, БНАСАУ хаалттай нийгэмтэй ч ард иргэд нь сайн ажиллаж, суралцаж, дэлхийн түвшинд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж чадаж байна. БНАСАУ их тайван шүү дээ. Хүмүүс нь их энгийн. Харин зураг авхуулах их дургүй. ‘Гадаад хүмүүс ирээд энд тэндээс үзмэр шиг зураг авах гэхээр хэний ч дургүй хүрнэ’ гэж үнэнээ хэлдэг. Төвийн гурван  хэвлэлтэй. Хэвлэл мэдээж хаалттай учир хотын иргэд мэдээллээр маш өлсгөлөн байдаг. Гэхдээ АНУ-ын үзэл суртлын эсрэг хэвлэл мэдээлэл нь бас байна. 

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж