Химийн нийлэгжүүлсэн мансууруулах бодис оруулж ирэх боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Химийн нийлэгжүүлсэн мансууруулах бодис оруулж ирэх боллоо

Химийн нийлэгжүүлсэн мансууруулах бодис оруулж ирэх боллоо

Хил, гаалийн байгууллагын илрүүлсэн мансууруулах бодисын ихэнх хувь нь метафетамин болон химийн нийлэгжүүлэх аргаар гарган авсан бодисууд байдаг аж. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатарmaй ярилцлаа.


-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг өнгөрөгч 2017 оны гуравдугаар сард баталсан. Үүнтэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт орсон гэсэн. Танай байгууллагын бүтэц хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулж болох уу?

-Гаалийн ерөнхий газар нь улсын төсвийг бүрдүүлж, татвар хураах чиг үүрэгтэй. Нөгөө талаасаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Гаалийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд улсын хилээр нэвтрүүлж буй бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавих, тэр тусмаа улсын хилээр хориглосон эд зүйл нэвтрүүлэхэд хяналт тавих чиглэлээр ажилладаг. Үүний дагуу хэрэгжүүлж буй ажлын нэг нь хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх явдал. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Гаалийн ерөнхий газрын харьяанд 18 гаалийн газар, хороо, агаарын болон хилийн боомт ажиллаж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017 оны гуравдугаар сард Засгийн газрын 77 дугаар тогтоолоор баталсан. Энэ тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаж, хар тамхитай тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудад тодорхой үйл ажиллагааг одоо хэрэгжүүлж байгаа.

Гаалийн ерөнхий газрын хувьд дотоод бүтцэд өөрчлөлт орж, өнгөрөгч долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн эрх зүйн шинэ орчин болох Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор Гаалийн зөрчилтэй тэмцэх газар нь Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар болж өргөжсөн. Ингэснээр Хар тамхины хяналтын албыг шинээр байгуулж, харьяа 18 газар, хороодоос төвдөө мэргэжилтнүүдээ татан авч ирж, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр мэргэшүүлэх шат дараатай сургалтуудыг зохион байгуулж байна.

-Сүүлийн жилүүдэд хил, гаалиар хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэх нь нэмэгдэж байгааг албаныхан хэлж байгаа. Тэр чинээгээрээ хар тамхи, мансууруулах бодисын төрөл, зүйл их болж байна?

-Улсын хилээр нэвтрүүлж буй хар тамхи, мансууруулах бодисын төрөл зүйл, тоо хэмжээнээс харахад 2010 оноос 2015 оныг хүртэл ихэвчлэн байгалийн гаралтай героин, олсны ургамлаас гаралтай гашиш гэх мэт бодисыг 5-10 грамм, дээд тал нь 5.6 кг хүртэлх хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргүүд илэрч, бүртгэгдэж байсан. Ихэнхдээ жилдээ хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1-2 ийм хэрэг илрүүлдэг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нууц далд аргаар, зарим тохиолдолд зохион байгуулалттайгаар Монгол Улсын хил, гаалиар хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй бодис нь лабораторийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан, нарийн бүтэц найрлагатай хүчтэй үйлчилгээтэй, өндөр үнэтэй мeтафетамины төрлийн мөс, LCD зэрэг нийлэг бодисуудыг оруулж ирэх нь нэмэгдэх болсон.

Хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлуудыг илрүүлсэн байдлыг харахад 2010 оноос хойш нийтдээ 19 удаагийн тохиолдлыг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн.  Уг шалгалтаар нийт 9.75 кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Төрөл зүйлээр нь аваад үзвэл 2012-2013 онд долоон орчим кг героиныг улсын хилээр оруулаад, дамжуулан БНХАУ руу гаргахыг завдсан бол 2012 онд мансууруулах үйлчилгээтэй 1.9 болон 1.4 кг героиныг тус тус дээрх маршрутаар хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн.

Сүүлийн үед ихэвчлэн 30-80 грамм, зарим тохиолдолд гурав, дөрвөн граммын хэмжээтэй мөсийг БНХАУ болон Хонконгоос хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдсэн.

-Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт хэчнээн хүн холбогдоод байна вэ. Гадаад улсын иргэд бий юу?

-Гаалийн байгууллагын мэдээгээр хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нийт 19 гэмт хэргийн шинжтэй үйлдэл 2010-2017 онд бүртгэгдсэн.  Эдгээр гэмт хэрэгт холбогдсон 21 холбогдогчийн  хоёр нь гадаад улсын иргэн. Филиппин улсын иргэн 2012 онд Буянт-Ухаа хилийн боомтоор хууль бусаар 5.4 кг героин нэвтрүүлэхийг завдаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгагдаж, хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Нөгөө гадаад улсын иргэн нь Монгол Улсын иргэдтэй хамтран хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис улс хоорондын шуудан илгээмж ашиглан хилээр нэвтрүүлэх гэж байсныг 2017 оны есдүгээр сард илрүүлж, одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.

-Хилээр хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх арга улам нарийссан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.  Бусад орны гаалийн байгууллагуудын хувьд ямар арга, туршлагыг ашигладаг бол?

-Цагдаагийн байгууллагаас гаргаж буй гэмт хэргийн статистикийн судалгаанаас харахад нийт хар тамхитай холбоотой гэмт хэргийн 40-50 хувийг хилийн чанадаас оруулж ирсэн бодистой холбоотой байдаг. Үлдсэн 50-60 хувь нь манай улсын нутаг дэвсгэрт ургадаг, хар тамхины төрлийн ургамлуудыг хууль бусаар түүвэрлэн , бэлтгэх, зарж борлуулах, хэрэглэх үйлдлийг шалгасан байдаг юм. Одоогоос 15 жилийн өмнө цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх ажлыг 1-2 хүн л хариуцан ажиллаж байсан. Сүүлдээ энэ нь тасаг болон өргөжсөн. Одоо бол бүхэл бүтэн газрын хэмжээнд өргөжиж мэргэшсэн алба хаагчид ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллага нь энэ чиглэлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлэх хуулиар олгогдсон эрхтэй. Үүнээс ч өөр арга байхгүй. Учир нь, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг ихэвчлэн далд нууц аргаар, зохион байгуулалттай үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй мөн өндөр мэргэшсэн алба хаагчид хуулиар олгогдсон тусгай арга, хэрэгсэл ашиглан тэмцэж байж л үр дүнд хүрдэг.

Тийм учраас хил дээр гаалийн хяналт шалгалтыг маш өргөн хүрээнд хэрэгжүүлж, өндөр ачаалалтай ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч 30-40 грамм хар тамхийг биедээ болон эд зүйлдээ нуугаад оруулж ирж байгааг илрүүлэхэд маш түвэгтэй. Бусад улс орны гаалийн байгууллагуудын практикаас харахад хар тамхитай тэмцэж буй хамгийн үр дүнтэй арга нь миний дээр дурдсан адил мөрдөн шалгах үйл ажиллагааг иж бүрнээр хэрэгжүүлж, илрүүлж байгаа юм. Манай хойд, урд хөршүүдийн гаалийн байгууллагад гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрөлжсөн алба ажилладаг. Тэдгээр албадын ажилтнуудад хуулиар хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил хийх эрх хэмжээг нь олгосон байдаг. Зөвхөн техник хэрэгслээр хангахаас гадна тэдгээрийг бүрэн хэмжээнд ашиглах, хар тамхитай тэмцэх хуульд заасан арга хэрэгсэл хэрэглэх эрхийг нь олгож байж үр дүнд хүрдэг практикийг олон улсын хэмжээнд ойлгож, хэрэгжүүлж байна. Манай гаалийн байгууллагад үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа Хар тамхины хяналтын алба ч цаашид энэ чиглэл рүү явах байх.

-Жишээлбэл, ямар арга ашиглан хар тамхийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завддаг бол?

-2017 он гараад Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирсэн эмэгтэй зорчигч үсэндээ хар тамхи, мансууруулах бодис нуучихсан байсан. Зарим тохиолдолд хувцасныхаа дотор оёосыг ханзалж, хувийн тоног төхөөрөмж, эд зүйлээ нуувч болгох, хэдхэн сартай нялх хүүхдээ аваад хилээр орж ирсэн эх нь хүүхдийнхээ тэргэнд хүртэл нуучихсан тохиолдол гарч байсан. Одоогоор тухайн хүн биедээ залгих, шулуун гэдсэндээ нуусан тохиолдол бол бүртгэгдээгүй байгаа. Хэрэв тухайн хүн биедээ хар тамхи нуусан бол түүнийг шалгаж тогтоох бодискайнер гэдэг тусгай төхөөрөмж манай томоохон боомтуудад бий.

-Сүүлийн жилүүдэд үнэрч нохдыг хар тамхи, мансууруулах бодис илрүүлэхэд их ашигладаг болсон. Тоног төхөөрөмжийн хувьд хир хүрэлцээтэй байдаг бол?

-Гаалийн ерөнхий газрын хувьд хилийн боомтууд дээр хар тамхиар сургагдаж, бэлтгэгдсэн албаны тусгай нохдыг ашигладаг. Мөн хар тамхи илрүүлсэн тохиолдолд шалгаж баталгаажуулах, зорчигчийн гар тээш, биеийг шалгах рентген аппаратууд, тээврийн хэрэгслийн хүний гар хүрэх боломжгүй эд ангиудыг шалгах уян дурангийн аппарат, тээврийн хэрэгслийн кузов шалгах цацрагийн мэдрэгч багаж,  сэжиг бүхий бодис илэрсэн тохиолдолд анхан шатанд илрүүлэх тестерүүдийн иж бүрдлийг дотоодын болон харилцан хамтын ажиллагаатай гаалийн байгууллагуудын тусламж дэмжлэгээр авч, харьяа газрууддаа өгсөн. Үндэсний хөтөлбөр батлагдаад хэрэгжээд эхэлчихсэн. Тиймээс энэ чиглэлийн газар байгуулагдаад явж байгаагийн хувьд эрсдэл өндөртэй боомтууд дээр суурилуулах шаардлагатай багаж төхөөрөмжийн судалгааг гаргаж, хангалтын асуудлыг шийдвэрлүүлэх гэх мэт хийхээр төлөвлөж буй олон ажил байгаа.

Мөн бид хамтын ажиллагаатай ОХУ-ын Холбооны гаалийн албаны мэргэжилтнийг урьж, сургалт явуулсан. Бас БНХАУ-ын гаалийн байгууллагын цагдаагийн газрын тусламжаар манай талд нийлүүлсэн хар тамхийг илрүүлэх иж бүрдэл цүнхийг ашиглах зааврын хамт сургалт явуулж, одоо ашиглаж байна. Хөрш улсуудын гаалийн байгууллагын Хар тамхитай тэмцэх чиг үүрэг хэрэгжүүлдэг албадтай хар тамхи, мансууруулах бодистой холбоотой шуурхай мэдээллийг тогтмол солилцож ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж