Б.Одончимэг: Эсрэг дүр хүлээж байгаа

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Б.Одончимэг: Эсрэг дүр хүлээж байгаа

Б.Одончимэг: Эсрэг дүр хүлээж байгаа

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Аз жаргалын шок”, “247 градус”, “Гэрлэн дохио”, “Том толгойтын романс”, “Зүрхний хилэн” зэрэг уран сайхны киноны гол дүрээр үзэгчдэд хэдийнэ танигдсан бүсгүй юм.


-Таниар болон театраар шинэ уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?

-Би саяхнаас л театрынхаа ажилд эргэн орлоо. Одоогоор Э.Оюун гуайн мэндэлсний 100 насны ойд зориулан бүтээж байгаа “Би эндээс явахгүй” шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Жүжгийнхээ уншлагыг эхлүүлсэн. Харин миний хувийн уран бүтээлийн тухайд гэвэл “Зүрхний хилэн” уран сайхын киноноос хойш хэсэг амсхийлээ. Рекламны саналууд багагүй ирсэн учир зураг авалтууддаа оролцчихоод, театрынхаа уран бүтээлд анхаарлаа хандуулж байна. Энэ жил би моно жүжгийн төрөлд хүч сорих бодолтой байгаа.

-“Зүрхний хилэн” кинонд таныг амаржаад удаагүй байхдаа тоглосон гэж байсан?  Зураг авалт хэр хэцүү байв?

-Амаржаагүй, харин ч таван сартай жирэмсэн байсан. Гуравдугаар сарын дундуур зураг авалт болсон болохоор нилээд хүйтэн байсан. Зураг газрууд ч хүнд нөхцөлтэй. “Зүрхний хилэн”-д Дүгэр гэх залуугийн эхнэрийн дүрийг бүтээсэн. Бие давхар байлаа гээд олон хүний ажлыг нурааж болохгүй учир нөхцөл байдалдаа тааруулаад, их л хичээж ажилласан. 

-Та "Фантастик" продакшны жүжигчнээр ажиллаж байгаа хэвээрээ биз дээ?

-Тийм ээ. Би "Фантастик" продакшны жүжигчнээр давхар ажилладаг. Тэгэхээр өөр шинэ уран бүтээлд тоглохдоо найруулагч Б.Тамиртай зөвшилдсөний дараа шийддэг. Ер нь аливаа шинэ уран бүтээлд тоглохдоо хамгийн түрүүнд зохиолыг нь уншиж үзнэ. Дараа нь баг хамт олон, дүрийн сонголтыг харсны дараа тоглох эсэхээ шийддэг. Саяхан Э.Алдарынхаа найруулсан “One Night” кинонд тоглосон. 

-Энэ жил дэлгэцийн өөр бүтээлд тоглох уу?

-Тоглох санаа байгаа. Гэхдээ одоо театрт шинэ уран бүтээл эхэлж байгаа учраас өөрийгөө нөөгөөд л байж байна.

-Таныг “Аз жаргалын шок” уран сайхны киноны дүрээр хүмүүс ихэвчлэн таньдаг байх. Сонин, өвөрмөц кино. Дүр нь ч бас?

-Нэр нэгтийн чих нэр гэдэг шиг намайг гавьяат И.Одончимэг эгчтэй хүмүүс их андуурдаг. “Аз жаргалын шок” кинонд тоглосноос хойш хүмүүс намайг хүйс нь солигддог Одноо гэдэг болсон /Инээв/. Уг нь театрын Одноо гэж дуудуулмаар байдаг. Гэхдээ хоёулаа Одончимэг нэртэй болохоор нэг бодлын гоё санагддаг л даа. Би “Аз жаргалын шок”-ийн дүрдээ их хайртай.  Миний тоглосон анхны бүрэн хэмжээний киноны гол дүр байсан. Тэр дүрээр минь үзэгчид намайг мэдэхэд сайхан санагддаг. Гэрлээгийн дүрээр танигдахаас өмнө би театрт ороод багагүй хугацаа өнгөрсөн байсан. Гэвч тэр дүрээр минь үзэгчид илүү таньж, хүлээж авдаг. “Том толгойтын романс” кинонд гол дүр бүтээсэн нь миний хоёр дахь том ажил байсан. Тэр дүр их онцлогтой. Ааштай, бие даасан, өөртэй итгэлтэй эмэгтэйн дүрийг найруулагч яг надад зориулж бичсэн гэдэг. 

-Та яагаад “Маш нууц” киноны хоёрдугаар ангид тоглох саналаас татгалзсан юм бэ?

-“Маш нууц” киноны хоёрдугаар ангид найруулагч О.Бат-Өлзий ах Одноо энэ дүрд тохирно гэж зохиолоо бичсэн гэдэг. Надад зориулж энэ дүрийг бичсэн гэдгээрээ онцлогтой. Тийм болохоор надад тэр дүрийг бүтээх хүсэл маш их байсан ч үнэхээр чадаагүй. Хөл хүндтэй байсан учраас татгалзахаас өөр арга байгаагүй. Дараа нь хэсэгтээ л харамсах сэтгэл тээж явсан. 

-Таны бүтээсэн дүрүүдээс харахад дайчин эмэгтэйн зан чанар ажиглагддаг. Та амьдрал дээр ямар хүн бэ? Уран бүтээлдээ хувь хүний зан чанарыг тусгадаг уу?

-Уран бүтээлч хүн дайчин байх хэрэгтэй. Хэрэв дайчин биш бол уран бүтээлч байхын хэрэг байна уу. Өлсгөлөн чоно шиг л дүрийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэж ахмад үеийнхэн хэлдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл, өлссөн чоно шиг дүрээ гаргахын тулд мэрж, цаана нь юу байгааг ухаж төнхөж, тэр зохиолыг дахин дахин уншиж, олон талаас нь харах хэрэгтэй гэсэн үг. Тэгж байж уран бүтээлч хүн дүрээ амилуулна. Нэг талаар бид нар чинь дүр бүтээх хэрэгтэй бүтээгдэхүүн байхгүй юу. Би хамгийн түрүүнд зохиолоос өөрийнхөө дүрийг илүү танихыг хичээдэг. Зөв ч бай, буруу ч бай хамаагүй. 

-Та эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг хэр үнэ цэнэтэй гэж хардаг вэ? Нөхөрлөлийн тухай бодлоосоо хуваалцаж болох уу? Сошиал хуудсаас тань харахад, та их олон сайхан найзтай, тэдэндээ үргэлж цаг зав зарцуулдаг юм шиг санагдсан.

-Нөхөрлөлийн үнэ цэнэ гэж тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэх сэтгэлийн илэрхийллийг хэлэх болов уу. Жаргал, зовлонтой бүх л үед бие биеэ гэсэн сэтгэлтэй л байх хэрэгтэй санагддаг. Би бүх юмны тэнцвэрийг хадгалахыг хичээдэг. Жишээлбэл, ажил, амьдрал, гоо сайхан гээд эмэгтэй хүн бүгдийг л өөртөө бий болгох нь чухал. Хэрэв тэгж чадахгүй бол эмэгтэй хүн стрессдэж, тэр уураа гэр бүлийнхэндээ гаргаж эхэлдэг. Амьдралыг аз жаргалтай байлгахын тулд өөрөө эхлээд эерэг, инээд хөөртэй байх хэрэгтэй. Би өөрийгөө их  азтай хүнд тооцдог. Сайн сайхан хандсан, сэтгэл гаргасан бүхний хариу надад эргээд ирж байгаа ч юм шиг санагддаг. Миний найз нөхдийн хүрээлэл, тэднээс ирэх хайр халамж маш гоё. 

-Шүүмжлэл хүлээж авахдаа та хэр вэ? Шүүмжлэл байх ёстой гэдэг ч яг өөрт ирсэн үед ихэнх хүмүүс таатай ханддаггүй.

-Гайгүй ээ. Одоогоор сэтгэлээр унагах хэмжээний сөрөг шүүмж надад ирээгүй л байна.

-Чөлөөт цагаа та юунд зарцуулдаг вэ?

-Ихэвчлэн спортод. Усан спорт, иога, фитнессээр хичээллэдэг.

-Та юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?

-Хүн үргэлж өөртөө хүч өгнө гэдэг их хэцүү шүү дээ. Тэгэхээр сэтгэлээ хань ижил, найз нөхөдтэйгөө байнга уудалж, ярилцаж байх хэрэгтэй юм байна гэж би боддог. Амьдралд бүх зүйл дардан байна гэж байхгүй. Сайхан ярилцаж, ойлголцох бол хүний сэтгэлд тайвшрал, урам, хүч өгдөг байх гэж боддог. 

-Та Соёл урлагийн их сургууль төгссөн үү?

-Тийм. 2003 онд С.Сугар багшийн удирдлага дор СУИС-д суралцаж, төгссөн. Аав, багш хоёрыгоо бурхан болсноос хойш би өөрийнхөө харах өнцгийг нилээд өөрчилсөн гэж боддог. Хувь хүнийхээ хувьд үзэл бодол, хандлагаа өөрчилж, нэг шат ахиулсан гэх үү дээ. Багш намайг ‘Чи театрт л орно шүү’ гэж захидаг байсан. Тэр захиасыг нь биелүүлсэндээ дотроо баярлаж, багшдаа талархаж явдаг. 

-Хэрвээ жүжигчин болоогүй байсан бол ямар мэргэжил эзэмших байсан бол?

-Би нэг бус удаа энэ талаар бодож үзсэн л дээ. Тэгсэн өөр мэргэжил ерөөсөөн төсөөлөгдөөгүй. Багадаа жүжигчин болно гэж бодож, мөрөөдөж байгаагүй ч гэнэт л ийм шийдвэр гаргачихсан. 

-Та яг одоо ямар дүр бүтээхийг хүсч байгаа вэ? 

-Би уян зөөлөн ээжийн дүрд тоглож үзлээ. Ааштай эхнэрийн дүрд тоглож үзлээ. Сүүлийн үед харин эсрэг дүрд яагаад тоглож болохгүй гэж, яаж бүтээх бол гэж өөрөөсөө асуумаар санагдаад байгаа шүү. Тэгэхээр эсрэг дүр миний сонирхлыг татаж байгаа юм байна. 

Гэрэл зургийг Ц.Ариунболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж