Хөдөөг хөгжүүлэх биш, хөлдөө чирчих вий дээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Хөдөөг хөгжүүлэх биш, хөлдөө чирчих вий дээ

Улаанбаатарын ачаалал хэдийнэ хэрээс хэтэрчихсэн. Хэрвээ Улаанбаатар хүн байсан бол хүнд ачааллыг дийлэлгүй аль хэзээний амьсгал хураачихсан байх биз. Хамгийн бохир, хамгийн муухай хот хэмээх хоч зүүхэд нийслэлийг чиглэх хөдөөгийнхний шилжилт хөдөлгөөн нэлээд нэрмээс болж буй. Улаанбаатарын гэр  хороолол өдрөөс өдөрт тэлж, агаарын бохирдол аюулын харанга дэлдээд эхэлчихсэн билээ. Үе үеийн эрхбаригчдын толгойг өвтгөсөн нэг асуудал бол нийслэлийн ачаалал, Улаанбаатарын утаа, замын түгжрэл. Зэгэл саарал манан, хог шороо тоос, замын түгжрэл иргэдийн эрүүл орчин амьдрах эрх зөрчигдөхөд хүргээд байгаа. Тиймээс Монголын төр засгаас олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр боловсруулдаг ч үр дүнгээ өгч чадаагүй хэвээр л байна.

Улаанбаатарын утааг арилгах талаар төрөөс багагүй хөрөнгө мөнгө зарцуулдаг ч үнэндээ агаарын бохирдлыг арилгах зэвсэг болж чадахгүй байгаа юм. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэгэнтээ шийдвэрлэсэн ч Засгийн газар энэхүү хөтөлбөрийг “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрт шингээж орхисон. Тэрхүү “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт дурдагдсанаар бол хөгжлийн ирээдүйтэй хөдөөгийн хот, суурины байршлыг оновчтой тогтоож, ерөнхий төлөвлөгөө шинээр боловсруулж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг улс, бүс, орон нутгийн үндсэн дэд бүтэцтэй уялдуулан цогцоор нь төлөвлөж шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж. Дээрх бүтээн байгуулалтыг байгуулж чадвал Улаанбаатарыг зорих их нүүдэл зогсох бололтой. Гэхдээ энэ бүхэн зөвхөн Засгийн газрын амлалт, шийдвэр төдийхөн. Тиймээс Засгийн газраас хөдөөгийнхөнд онцгой анхаарал тавьж, эхний ээлжинд “Сум дундын төв” загвар төслийг улсын хэмжээнд нийт 96 байршилд хэрэгжүүлэхээр “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт багтааж. Дээрх төслийг хэрэгжүүлэхэд төсвөөс 932,6 тэрбум төгрөгийг зарцуулах гэнэ.  Хөтөлбөрт зааснаар бол хугацаа нь зургаан жил. Энэ жилээс эхлээд эл бүтээн байгуулалтыг өрнүүлэх ёстой байж, хөтөлбөрт дурдсанаар бол шүү дээ. Даанч “дансанд” мөнгө байхгүй. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр өнгөрсөн долдугаар сард улсын нэгдсэн төсөв 125.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч. Энэхүү тоон үзүүлэлтээс харахад энэ жилээс эхлээд улсын төсөв сар болгон чамгүй ашигтай гарч байгаа. Тэгэхээр “дансанд” үнэхээр мөнгө байхгүй гэж үү. Ашиг гэдэг бол айлаар бол зарлагаа орлого нь нөхөөд илүү гарч байгаа мөнгийг хэлдэг гэдгийг захын тэнэг ч мэднэ. Тэгэхээр улсын авдранд хураагдаж байгаа сар болгоны ашиг хаачив. Хэн юунд зарцуулав гэдгийг хэлээд өгөх хүн байна уу, ингэхэд. Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ өндөр байгаа нь Монгол Улсын авдарт орж ирэх мөнгөний хэмжээг жилээс жилд ахиулах болсон. Эдийн засгийн энэхүү боломжийг ашиглахгүйгээр найр, наадам хэсээд явбал ямарч үр ашиггүйгээр 2011 он өндөрлөх болох нь. 

Монгол Улсын нийт 331 сумыг газарзүйн байршлаар нь 96 бүсэд багцалж, хөдөөг орон сууцжуулах “Шинэ сумын төв” төслийг хэрэгжүүлснээр аймаг, орон нутгаас Улаанбаатар хотруу чиглэсэн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг сааруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөгжлийг жигд боломжийг хангах боломжтой болно хэмээн Засгийн газар тооцож. Бараг нэг их наяд шахуу хөрөнгөөр шинэ сумын төвүүдийг барих бөгөөд энэ нь нийслэлийг чиглэсэн их нүүдлийг зогсоож чадах уу гэдэг л хамгийн тэргүүнд тавих асуулт болоод байна. Энэ мөнгө хэн нэгний хэтэвчийг зузаатгах хэрэгсэл болчихгүй байгаа гэх болгоомжлол ч байгаа юм.  331 сумыг 96 бүсэд багцална гэсэн эрх баригчдын тооцоог тоймлоод үзвэл 3-4 сумын дунд нэг шинэ сумын төв гээчийг барих бололтой. Нэг шинэ сумын төвийг барихад 10 гаруй тэрбумыг зарцуулах аж. Тэнд тэгээд юу барих болоод ийм их мөнгийг зарцуулах юм бэ гэсэн  асуулт зүй ёсоор тавигдах биз. Төсөлд дурдагдсанаар бол 1260 метр квадрат талбай бүхий сумын захиргааны барилга барих гэнэ. Тэрчлэн 420 сурагч бүхий дунд сургуулийн барилга, дотуур байрны хамт, 180 хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, спорт цогцолбор, 400 айлын орон сууцыг барих гэнэ. Харин хуучин сумын төвүүдээ хэрхэх нь одоогоор тодорхойгүй. Тэнд сумын захиргааны барилга барилаа гээд ажлын байр байхгүй л бол нийслэлийг чиглэх хөдөөгийнхний цуваа дундрахгүй, үргэлжилсээр байх болно. Тэгэхээр хөдөөг хөгжүүлэхэд “Сум дундын төв”  загвар төслийг хэрэгжүүлэхээс илүү аймаг сумын иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг, тэрхүү зээл тусламжид хамрагдах босго оноог нь багасгаад өгчихөд л хангалттай. Зарим сумын нэг ангид гуравхан хүүхэд сурдаг гэхээр хөдөөд сумын захиргааны барилга, сургуулиас илүү ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэл үйлчилгээг л хөгжүүлэх нь илүү бодит ажил болж чадах бус уу. Энэ төсөл, их наяд шахуу хөрөнгө хэн нэгний хэтэвчийг хэрхэн түнтийлгэхэд зориулагдах загвар болчихгүй л байгаасай гэж эцэст найдах л болж дээ, хөдөөгийнхөн. Хөдөөг хөгжүүлэх  төсөл хэрэгжүүлэх нэрээр хөлдөө чирчихгүй л байгаасай даа.

Ж.ЭРХЭС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж