Б.Шижирбат: Би өөрийгөө хангалттай сорьсон

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Б.Шижирбат: Би өөрийгөө хангалттай сорьсон

Б.Шижирбат: Би өөрийгөө хангалттай сорьсон

Орчин цагийн залуусын түүчээ болсон авьяаслаг уран бүтээлч Б.Шижирбаттай ярилцлаа. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны дараагаар дэлхийн 10 орчим улсад очиж, өөрийгөө сорьсон тухайгаа ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе. 


-Юуны өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсанд баяр хүргэе. Хэзээ эх орондоо ирэв?

-Баярлалаа. Би өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-нд Монголдоо ирсэн. Намайг эх орондоо онгоцноос буухад найзууд маань маш гоё угтаж авсан. 

-Шоуны финалын шат хүртэл багагүй ачаалалтай байсан байх. Үзүүлбэрүүдээ хэр хугацаанд бэлдсэн бэ?

-Хамгийн эхний шатны үзүүлбэрээ бэлдэхэд хоёр долоо хоног орчим хугацаа зарцуулсан. Харин хагас шигшээ шатны бэлтгэлээ нэг сарын хугацаанд базаасан. Гэхдээ бас цаг давчуу байсан шүү. 

-Фэйсбүүк хуудсаараа дамжуулан сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа гэдгийг хэлж байсан. Шоуны шүүгчид хэр шударга шүүв?

-“Авьяаслаг Азичууд” шоуны эхний шатны үзүүлбэрээ дуусгаад шүүгчид бүгд саналаа хэлсэн. Тэгээд л гурван “Тийм” аваад тайзнаас буух дөхөхөд хоёр хөтлөгч алтан баззер дарсан даа. Шүүгч Дэвид Фостер надад “Би чиний бүжгээс илүү чиний тархи хэрхэн сэтгэж байгааг харах нь илүү гайхалтай байлаа” гэж хэлж байсан. Хэн нэгэн надад ийм үг хэлнэ гэж бодоогүй, дээр нь ийм гайхалтай хүнээс ийм сайхан үг сонсоно гэж огт төсөөлөөгүй ээ. 
 

“Монголыг дэвшилтэт технологиор
өөр талаас нь харуулж чадлаа” гэсэн

 

-Ялагч болоход тухайн улсын хүн амын тоо их нөлөөлдөг гэдгийг өөрөө дурдсан байсан. Санал хураалт хэр зөрүүтэй байв?

-Шоуны санал хураалтыг харах ямар ч боломжгүй. “Авьяаслаг Азичууд” шоуны шилдэг оролцогч Филиппиний бүжгийн хамтлаг маш их хандалт авсан. Манай улс бусад хүн ам ихтэй улсуудыг бодвол маш цөөхөн хүн амтай улс шүү дээ. Гэтэл намайг дэмжсэн хандалтууд маш их байсан. Тиймээс ч би шоуны дөрөвдүгээр байранд орсон байх гэж бодож байна. Надад Индонез улсын иргэдийн фэйсбүүк хандалтаас илүү youtube хандалт нь их байдаг юм шиг санагдсан. 

-Сошиал ертөнцөд монголчууд эв нэгдлээ нэгтгэн Б.Шижирбатыг дэмжиж байгаа нь ажиглагдсан. Монголчуудынхаа тэр их сэтгэлийг мэдрэх мөчөөс хуваалцаач?

-Ер нь бол сэтгэл хөөрлөө илэрхийлэх чинь их хэцүү юм байна лээ шүү. Олимп болохоор л манайхан ингэж нэгдэж, дэмждэг байх./Инээв/ 

-Шоуны уран бүтээлчид болон бусад оролцогчид Монголоос оролцож байгаа гэхэд хэрхэн хүлээн авав. Монгол хүн өмнө нь тус шоунд оролцож байсан болов уу?

-“Авьяаслаг Азичууд” шоуны уран бүтээлчид яг зохиолын дагуу зураг авалтаа хийдэг байсан. Намайг Монголоос оролцож байгаа гэж их сүртэй хүлээж аваагүй ээ. Уг шоунд орон орноос маш олон авьяастан оролцсон. Хамгийн гол нь хэн нь авъяастай байна вэ? гэхээс биш хаанаас оролцож байгаа нь онц биш.

Гадаад хүмүүст Монголоос ирсэн гэхээр капитал ойлголттой автоматаар монгол гэр, адуун сүргээр ойлгодог. Шүүгчид “Чи Монголыг дэвшилтэд технологиор өөр талаас нь харуулж чадлаа” гэж хэлж байсан шүү. 
 

“Авьяаслаг Монголчууд” шоуны сүлжээгээр
дэлхийн 10 орчим улсад очиж тоглолтод оролцсон

 

-“Авьяаслаг Монголчууд” шоу дууссаны дараа ирээдүйн карьертаа хэр анхаарч ажиллав?

-“Авьяаслаг Монголчууд” шоу дуусаад л “Монгол ТВ” телевизийн хамт олон намайг “Хэрхэн дэлхийд гаргах вэ? гэдэг тал дээр ихээхэн анхаарч ажилласан. Маш олон орны авъяастнуудын сүлжээгээр дамжуулан миний оролцох тэмцээн болон тоглолтуудыг тохиролцож эхэлсэн. Тэгээд би “Монгол ТВ” телевизийнхээ удирдлагуудтай ярилцаж,  2018 онд оролцох тэмцээн болон тоглолтын төлөвлөгөөг гарган ажилдаа шамдан орсон. Өнгөрөгч 2017 онд  “Монгол ТВ” телевизийн “Авьяаслаг Монголчууд” шоуны сүлжээгээр дамжуулан Америк, Мексик, Тайланд гээд нийт 10 орчим улсад очиж тоглолтод орж, хоёр том шоу тэмцээн болох “America’s got talent” болон “Asia’s got talent” шоунд оролцлоо. 

-Мэдээж дэлхийн өөр олон улсад очиж үзүүлбэрээ үзүүлэхэд хүндрэлтэй зүйл гарч байсан байх. Ялангуяа өөрийн чинь үзүүлбэрийн хувьд техниктэй харьцах учраас ажил маш их байсан байх. Энэ бүгдийг хэрхэн яаж зохицуулж байсан бэ?

-Дэлхийд гарч тоглолт хийнэ гэдэг маш том ажил байдаг юм байна. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэхэд “Монгол ТВ” телевизийн багаас нэг хүн бүх аяллыг зохион байгуулах ажлыг хариуцна. Мөн нэг продюсер байнга надтай хамт явж тоглох газруудтай тохиролцон гэрээ байгуулах, техник төхөөрөмжийн асуудалд урьдчилан тохирох ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Ер нь дэлхийн хэмжээний тайзан дээр гарч, тоглолтод оролцоход миний үзүүлбэрийг дэлхийд авъяас хайдаг томоохон продюсер компаниудад сурталчлан таниулах үйл ажиллагаа хамгийн чухал байдаг юм билээ. Энэ бүх ажлыг “Монгол ТВ” телевизийн баг хамт олон менежментийн ажлыг бүхэлд нь хариуцан ажилласан. 

-Шоуны финалын үзүүлбэртээ гэрлэх санал тавьж, олныг гайхшируулсан. Уг санаа хэрхэн төрөв. Энэ нууц төлөвлөгөөг нь өөр хүн мэдэж байсан уу? 

-Өнгөрөгч 2017 оны гуравдугаар сард “America’s Got Talent” шоуны нэгдүгээр шатанд оролцож байхдаа анх санаагаа олсон. Тухайн үедээ финал хүртлээ явж чадах л юм бол санаагаа хэрэгжүүлнэ гэж бодож байсан. Гэхдээ энэ санаагаа хэрэгжүүлж чадаагүй л дээ. Үзүүлбэрийн хувьд нууц төлөвлөгөө байсан учраас үзүүлбэр тоглогдохоос өмнө мэдээж нууц хэвээрээ л байсан. Монголдоо эргэж ирэхэд, “Монгол ТВ” телевизийн хамт олон намайг “Авьяаслаг Азичууд” шоу тэмцээнд оролцуулах менежментийн ажлыг аль хэдийн зохицуулж, бэлдчихсэн байсан. Ингээд тус телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин надад “Авьяаслаг Азичууд” шоунд орох саналыг тавьж, үзүүлбэрийнхээ бэлтгэл ажилд орсон. 

Бид ойрын хоёр жилдээ багтан хуримаа хийнэ
 

-Найз бүсгүйтэйгээ анх хэрхэн танилцаж байв. Та хоёр ижил мэргэжилтэй гэсэн үү? 

-Анх эхнэртэйгээ би оюутан байхдаа танилцсан. Би тавдугаар курст сурч байхад манай эхнэр нэгдүгээр курсийн оюутан байлаа. Тухайн үед би бүжгийн урлагаа илүүтэйгээр сонирхож сургуулиасаа нэг жил өнжиж байсан. Магадгүй өнжсөн жил намайг эхнэртэй минь танилцуулахад тусалсан байх гэж боддог. Мөн оюутан байхдаа “Анимэ” гээд клуб нээж бас тэр клубээрээ дотносож эхэлсэн дээ. Бид хоёр адилхан график дизайнер мэргэжилтэй. Бас бид дөрвөн насны зөрүүтэй, ивээл жилтэй. /Инээв /

-Хосууд хуримаа хэзээ хийх бол. Бүл нэмэх төлөвлөгөөтэй байгаа эсэхийг сонирхож болох уу?

-Бид ойрын хоёр, гурван жилдээ багтаан хуримаа хийх бодолтой байгаа. Мэдээж, гэр бүлдээ бүл нэмэх төлөвлөгөө байлгүй яахав. Гэхдээ бид хоёр жилийн дараа хүүхэдтэй болно. Одоогоор бид сурч боловсрох тал дээрээ анхаарлаа хандуулж байгаа.   

-Б.Шижирбат хэр романтик залуу вэ. Залуу хос хамт байх цаг хугацаагаа ямар дурсамжаар дүүргэхийг хүсэж байна вэ?

-Ер нь бол эвгүй шүү дээ би… /инээв/ Эрчүүд арай том цар хүрээгээр сэтгэдэг юм шиг. Хамгийн том жишээ гэвэл сүүлчийн “Авьяаслаг Азичууд” шоуны финалын тоглолт байлаа. Харин эмэгтэйчүүд өдөр тутмын зүйлсээр дурсамжаа үлдээдэг байх гэж бодож байна. Бид хоёр 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн хамтдаа амьдраад дөрвөн жил болох гэж байна. 

-Таны 10 жилийн дараах амьдралыг төсөөлбөл?

-Би 10 жилийн дараа өөрийгөө продюсер болсон байна гэж төсөөлж байна. Тэрнээс өмнө надад сурах зүйл маш их байна. Жишээлбэл, график, дуу, зохиомж, тайзны найруулга, программ гээд маш олон зүйлс байна. 

-Цаашдаа өөрийгөө хэрхэн сорих вэ. Өөр оролцох шоуны санал хүлээн авсан уу?

-Миний хувьд одоо олон тэмцээнд орохгүй гэж бодож байгаа. Би өөрийгөө хангалттай сорьсон. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж