БНХАУ 2018 оноос эхлэн хуванцар хаягдлын импортоо зогсоох шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр нь Монгол Улс төдийгүй дэлхийн олон орны хувьд хуванцар хаягдлаа боловсруулах уу, булах уу? гэсэн асуулттай тулгарахад хүргээд байна. Дэлхийн зарим улс орнууд энэ асуудлаа хэрхэн шийдэх шийдлээ хайж явна. Харин Монгол Улс одоогоор ямар нэгэн тодорхой шийдэл олоогүй байгаа ажээ. Энэ асуудлаар "Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал П.Цэндмаатай ярилцлаа.
-Монгол Улс БНХАУ руу жилдээ 20 мянган тонн хуванцар хаягдал экспортолдог гэсэн мэдээллийг танай холбооноос өгч байсан. Одоо Монголд үйл ажиллагаа явуулдаг цэвэр хуванцрын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон уу?
-Өнгөрөгч 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн БНХАУ хуванцрын 25 нэр, төрлийн үйлдвэрийг хүлэмжийн хий, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор үйл ажиллагааг нь зогсоосон. Үүнтэй холбоотойгоор, Монгол Улсын хувьд хагас боловсруулсан хуванцар хаягдлаа экспортлох боломжгүй болж, байгальд аюултай хог хаягдал ихсэх нөхцөл байдал үүсээд байна. Хуванцар хаягдал нь байгаль орчинд удаан задардаг учраас дахин боловсруулж, бүтээгдэхүүн болгох нь хамгийн чухал.
Монголд цэвэр ундаа, усны хуванцар савыг боловсруулдаг Хятад улсын иргэний эзэмшлийн дөрвөн үйлдвэр бий. Бусад хаягдал хуванцрыг дахин боловсруулж, дотооддоо үйл ажиллагаагаа явуулдаг Монголын таван компани байдаг. Монгол үйлдвэрүүдийн хувьд өвлийн улиралд үйл ажиллагаагаа түр зогсоож, хавраас хэвийн ажилладгаараа ажиллана. Харин гадаад эзэнтэй цэвэр хуванцрыг дахин боловсруулах үйлдвэрүүд БНХАУ руу бүтээгдэхүүнээ экспортолдог байсан учраас үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна.
-Дахин боловсруулах зарим үйлдвэрүүдийн хувьд үйлдвэрийн технологио сайжруулах тал дээр анхаарч байгаагаа хэлж байсан?
-Дахин боловсруулах үйлдвэрүүдийн хувьд технологио хөгжүүлж, олон улсын стандартад нийцсэн технологийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс зарим үйлдвэрүүд технологио шинэчилж байгаа гэсэн судалгааг ирүүлж байна.
-Хуванцар хаягдлын асуудлаар салбар яамнаас ямар нэгэн арга хэмжээ авах талаар хэлэлцсэн болов уу?
-Өнөөдрийг хүртэл яг энэ асуудлаар Засгийн газар болон салбар яамнаас ямар нэгэн арга хэмжээ, уулзалт хийгээгүй. Мэдээж, төрөөс баримталж буй ногоон хөгжлийн бодлогод энэ чиглэлийн асуудлыг тусгасан байгаа. Ерөнхийдөө дахин боловсруулах үйлдвэр болон энэ чиглэлийн бизнес эрхлэгчид харзнасан байдалтай л байна.
-Төвлөрсөн хогийн цэгүүдэд хог хаягдлаа хэрхэн булж байна вэ?
-Ер нь дэлхий нийтээрээ хог хаягдлыг булахаас аль болох татгалзаж байна. Улаанбаатар хотын хувьд ч гэсэн 2020 он гэхэд ландфиллын талбайгаас татгалзах зорилтыг тавиад байгаа. Хог хаягдлаа дарж, булшлах аргыг манай улсад олон улсын технологийн дагуу хийдэггүй. Учир нь булсан хог хаягдлаас гарч буй хорт хийг хянах мэргэжилтэн ч байхгүй. Улаан чулуутын төвлөрсөн хогийн цэгийн ландфиллын талбайг 2009 онд хааж, Нарангийн энгэрт Япон улсын буцалтгүй тусламжаар төвлөрсөн хогийн шинэ цэгийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулан, ландфиллын булалтыг хийж эхэлсэн. Хотын хог хаягдлыг булах талбайн хэмжээ тогтоосон бүсээс давсан байдалтай байна. Хуванцар хог хаягдал нь дунджаар 100-1000 жилийн дараа байгальд шингэдэг.
-Олон жил ярьсан “Эко парк” байгуулах ажил ирэх хавраас эхэлнэ гэж дуулсан. Уг төслийн хүрээнд хоёр байршилд дахин боловсруулах хэчнээн үйлдвэр байгуулах бол?
-“Эко парк” төслийн хүрээнд Нарангийн энгэр болон Цагаан даваан дахь хоёр төвлөрсөн хогийн цэг дээр түүхий эдийг хагас боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Одоогоор “Эко парк”-ийн барилгын зураг төслийн ажил дээр явж байна. Уг төслөөр Нарангийн энгэрт нийт 81.47 га талбайд есөн дахин боловсруулах үйлдвэр, Цагаан даваанд 92.6 га талбайд нийт 10 үйлдвэрийг шинээр байгуулахаар зураг төслөө гаргасан. Ингэснээр суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна гэсэн үг юм.
Мөн энэ төслөөр Монголд өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй хог хаягдал ангилан ялгах, цахилгаан электрон хог хаягдлын, хаягдал шил дахин боловсруулах, барилгын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулах, органик хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг таван чиглэлийн цоо шинэ үйлдвэрийг байгуулна.
-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн түүхий эдийн цэг ажилладаг вэ. Эдгээр цэгүүд хуванцар савыг иргэд болон аж ахуй нэгжүүдээс худалдан авч байгаа юу?
-Нийслэлийн хэмжээнд нийт 204 хоёрдогч түүхий эд авах цэг үйл ажиллагаагаа явуулдаг . Түүхий эдийн цэг ажиллуулдаг иргэд маань өвлийн улиралд түр зогсолт хийдэг. Зуны улиралд энэ тоо харьцангуй олширдог юм. Хэдийгээр БНХАУ руу хуванцар хаягдлаа экспортолж чадахгүй болсон ч түүхий эдийн цэгүүд үйл ажиллагаагаа хараахан зогсоогоогүй. Зарим түүхий эдийн цэг иргэдээс хуванцрыг 100 төгрөгөөр авч байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монголд үйл ажиллагаа явуулдаг цэвэр хуванцрын дөрвөн үйлдвэрүүд ажиллахгүй байгаа учраас ихэнх цэгүүд хуванцар хаягдал худалдан авахгүй байгаа.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх