АНУ-ын Тагнуулын төв газарт ажиллаж байсан тагнуулчийг өнгөрсөн даваа гаригийн шөнө /2017.01.15/ Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас баривчилсан тухай тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна. Түүнийг маш нууцын зэрэглэл бүхий чухал мэдээллийг хууль бусаар олж авсан хэрэгт буруутгаж байгаа юм.
АНУ-ын иргэн Жерри Чун Шин Ли нь 1994 оноос Тагнуулын төв газарт ажиллаж эхэлсэн, дээд зэрэглэлийн нууцын зэрэгтэй хэрэгт ажиллаж байсан аж. Тэрбээр сүүлийн жилүүдэд Хонконгт амьдарч байжээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, Жерри Чун Шин Лиг 2012 онд Виржиния болон Хавай мужид байх үед Холбооны мөрдөх товчооны ажилтнууд зочид буудлын өрөөг нэгжиж, сэжиг бүхий зүйл илрүүлжээ. Ли Тагнуулын төв газрын нууц ажилтнууд, тэдний жинхэнэ нэр, хэдэн тагнуулчийг шинээр албанд элсүүлсэн зэрэг мэдээллийг тун нарийвчлалтайгаар тэмдэглэлийн дэвтэртээ гараар бичиж, тэмдэглэсэн байж. Ийм хоёр ч жижиг дэвтэр илрүүлжээ.
“Нью-Йорк Таймс”-ын мэдээлснээр Хууль зүйн яамнаас түүнийг “АНУ-ын мэдээлэгч нарыг илрүүлэхэд Хятадад тусалсан” гэж сэжиглэж байгаа аж.
Ли нь 53 настай, 1982-1986 онд АНУ-ын армид алба хаасан, 1994-2007 онд Тагнуулын төв газарт ажиллаж байжээ. Тэрбээр сүүлд Хонконгт амьдарч байгаад 2012 оны наймдугаар сард гэр бүлийн хамт хойд Виржиния руу аялахаар Хонконгоос гарсан. Тэр үеэр зочид буудалд байрлах үед Холбооны мөрдөх товчооны ажилтнууд дээр дурдсан тэмдэглэлийг олж, илрүүлжээ.
Жижиг хэмжээтэй хоёр тэмдэглэлийн дэвтрийг аяллын зориулалттай жижиг гялгар уутанд хийж, гар тээшиндээ хийсэн байсан гэнэ. Гараар бичиж тэмдэглэсэн мэдээллүүд нууцын янз бүрийн ангилалд хамаарах мэдээллүүд байсан, нэг хуудсанд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж мэдэх маш нууцын зэрэглэлтэй мэдээлэл байсан гэж гэрч ярьжээ.
Ли 2013 онд таван удаа Холбооны мөрдөх товчоонд байцаалт өгсөн. Гэхдээ тэдгээр тэмдэглэлийн дэвтрийг авч явсан тухайгаа огт яриагүй аж.
Гэтэл 2010 оноос 2012 оны сүүлч хүртэлх хугацаанд Хятад дахь АНУ-ын Тагнуулын төв газрын арав гаруй мэдээлэгчийг Хятадын тал хороосон, мөн зургаагаас доошгүй хүнийг хорьж, шийтгэсэн гэж “Нью-Йорк Таймс”-ын мэдээлэлд дурджээ.
С.ЦЭЛМЭГ