Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг томиллоо

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг томиллоо

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл (МХМЗ)-ийн Удирдах зөвлөл 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаараа Гонгор овогтой Гүнжидмааг тус зөвлөлийн орон тооны анхны Гүйцэтгэх захирлаар томилжээ. 

Г.Гүнжидмаа нь бизнесийн удирдлагаар мастерын зэрэг хамгаалсан, нийгмийн ухааны докторант бөгөөд социологич, сэтгүүлч мэргэжилтэй залуу боловсон хүчин юм. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 18 жил ажиллахдаа хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, нийтлэл нэвтрүүлгийн агуулга болон рейтингийн судалгаа, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөр, сэтгүүлчийн ур чадварыг хөгжүүлэх гэх мэт олон чиглэлээр судалгаа шинжилгээ, сургалт, зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлжээ.

Ажлын гараагаа Хэвлэлийн хүрээлэнд судлаачаар эхэлж, улмаар Судалгааны албаны дарга, Гүйцэтгэх захирлын орлогч зэрэг албан тушаалыг хашиж, гадаад дотоодын 100 орчим сургалт, судалгааны төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, сэтгүүл зүйн багш, олон нийтийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн, судалгаа эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагын удирдлагын туршлагатай.

Г.Гүнжидмаа нь Монгол Улсад хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага болох МХМЗ-ийг бий болгох хэвлэл мэдээллийн салбарын санаачлагыг манлайлж, 2015 оноос тус зөвлөлийг байгуулах ажлыг гардан зохион байгуулан ажиллаж, улмаар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон МХМЗ-ийн олон нийттэй харилцах стратеги төлөвлөгөө, тогтвортой үйл ажиллагааны санхүүгийн төлөвлөлт зэрэг бодлого, зорилтын баримт бичгүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр өнөөг хүртэл ажиллаж ирсэн. 

Түүнийг МХМЗ-ийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн олон улсын жишиг, дэвшилтэт өөрийн зохицуулалтын соёлыг төлөвшүүлэх ажлыг хийж гүйцэтгэх бүрэн чадвартай хэмээн МХМЗ-ийн Удирдах Зөвлөлөөс дүгнэж, түүнд ийнхүү итгэл үзүүллээ. 

Эх сурвалж: МХМЗ-ийн Удирдах зөвлөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж