Хоёрдугаар сарын 9-25-нд үргэлжлэх 23 дахь удаагийн өвлийн наадамд Хойд Солонгос улс баг, тамирчдаа илгээх боломжтой гэж мэдэгдсэн. Энэ дагуу хоёр Солонгосын албаны хүмүүс Хойд Солонгосын төлөөлөгчдийг олимпод оролцуулах асуудлаар яриа, хэлэлцээ хийсээр байгаа билээ.
“БНСУ-д зохиогдох өвлийн олимпийн наадамд БНАСАУ оролцох шийдвэр гаргасныг хөхиүлэн дэмжиж байна. Нээлтийн ёслолд би өөрийн биеэр очих болно” гэж ноён Гутерреш НҮБ-ын Ерөнхий ассамблейн албан бус уулзалтын үеэр хэлсэн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн илгээлтдээ тамирчин, төлөөлөгчдөө өвлийн олимпод илгээх бодолтой байгаагаа ил тод илэрхийлсэн юм. Улмаар умардын дэглэмийн цөмийн болон пуужингийн туршилтаас үүдэлтэй хурцдаад байсан Солонгосын хойгийн байдал эерэх хандлагатай болсон билээ.
“Итгэл найдварын өчүүхэн төдий боловч дохиог алдалгүй сэргээж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд Солонгосын хойгт цөмийн зэвсгийн аюулаас ангид, амар амгалан байдлыг тогтооход дипломат оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж Гутерреш хэлжээ.
С.ЦЭЛМЭГ