
-Энэ жил шинээр хүүхдүүд бүртгэж байгаа гэсэн. Нийт хэдэн хүүхэд шалгаж авах вэ?
-Улаанбаатар хотод байгуулагдах, Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хос хэлээр хичээллэх, төрийн өмчийн лаборатори сургуулиудын VII, VIII, IX ангиудад сурагчдыг сонгон шалгаруулж элсүүлнэ. Нийтдээ VII ангид 80 сурагч, VIII ангид 80 сурагч, IX ангид 105 сурагчийг тус тус шалгаруулж авахаар болсон. 2010-2011 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатийн (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VII, YIII ангийг төгссөн бөгөөд тухайн ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ 80 хувь буюу түүнээс дээш дүнтэй бас өөрсдөө сонирхсон хүүхдүүд бүртгүүлэх боломжтой. Бүртгэл энэ сарын 15-наас 26-ныг дуустал ажлын өдрүүдэд 9:00–18:00 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд бүртгэнэ.
-Бүртгүүлэхийг хүссэн хүүхдүүд ямар бичиг баримтаар хаана бүртгүүлэх үү?
-Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт, төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, сурагчийн хувийн хэрэгтэйгээ ирнэ. Хувийн хэргийг шалгалт дууссаны дараа буцааж олгоно. Мөн сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт авчирна. Шалгалтын хураамж 10000 төгрөг. Баянгол дүүрэгт шинээр хоёр сургууль барьж байгаа. Ирэх сарын 1-нд ашиглалтад орно. Шалгалтад тэнцсэн хүүхдүүд шинэ сургуульд суралцана.
-Шалгалтыг хэзээ, хаана авах вэ?
-Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй. Сурагчдаас Англи хэл, Математикийн хичээлээр шалгалт авна. Шалгалт хаана хэзээ гэдгийг бүртгүүлэхэд нь зарлана. Мөн Болосролын үнэлгээний төвийн вэб сайт /www.eec.mn/-д байршуулна.
-Сурагчдаас гадна багш нарыг шалгаруулж байгаа гэсэн?
-Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хос хэлээр хичээллэх төрийн өмчийн хоёр лаборатори сургуульд багшаар ажиллах хүсэл, сонирхолтой багш нарыг шалгаруулж авна. Багшийн мэргэжлийн чиглэлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх. Ерөнхий боловсролын сургууль эсхүл багш бэлтгэх сургуульд 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх, Аймаг, улс, олон улсын уралдаан тэмцээнд сурагчид нь болон өөрөө амжилттай оролцсон байх, Ерөнхий мэдлэгийн шалгалтад сурагчид нь улсын дунджаас дээгүүр оноо авсан байх, Хүүхэд, багш нартай ажиллах зан суртахуун, ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх, Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах ур чадвартай байх, Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх, англи хэлний дундаж болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх, Тогтвор суурьшилтай, бүтээлчээр ажиллах хүсэл, эрмэлзэлтэй байх, Гэмт хэрэгт холбогдоогүй, багшийн ёс зүйн алдаа гаргаагүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байна. Кембрижийн (CIE) болон олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургуульд ажиллаж байгаа багшийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
-Багш нар ямар материал бүрдүүлэх үү?
-Ажилд орохыг хүссэн өргөдөл, Бакалаварын дипломыг эх хувь, хуулбартай нь хамт. Мөн иргэний үнэмлэх, хуулбарын хамт, ажил байдлын тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолтыг энэ сарын 24-нийг хүртэл МУБИС-ийн тав байрны 115 тоотод “Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжих нэгж”-д ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагт хүлээн авна.
