Саудын Арабт авлигын хэргээр хунтайж, сайд нарыг Риц-Карлтон зочид буудалд хорьсноос хойш тансаг “шорон” болж хувирсан Харин Риц-Карлтон зочид буудал ирэх сард үүдээ нээж, зочдоо хүлээж авах гэнэ.
Уг зочид буудал 2017 оны арваннэгдүгээр сард авлигын хэргээр баривчлагдсан 200 гаруй сэжигтэн, тэр дундаа Саудын Арабын хунтайж нар, тэрбумтан, бизнесмэнүүд, сайд нарыг түр саатуулах байр болсноос хойш олон нийтэд үйлчлэхээ больж, хаагдсан билээ.
Харин өчигдрөөс (2018.01.16) эхлэн таван одтой тансаг зочид буудал 492 өрөөндөө Валентины баярын урьдчилсан захиалга авч эхэлжээ. Гэвч “тансаг” шоронд хоригдож буй хоригдлуудыг нүүлгэн шилжүүлсэн эсвэл сулласан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Риц-Карлтон зочид буудлын төлөөлөгч зочид буудал хэзээ хэвийн ажиллаж эхлэх талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч Саудын Арабын телевизээр зочид буудал хоёрдугаар сараас зочдоо хүлээж авч магадгүй гэж мэдээлжээ.
Хэдийгээр Риц-Карлтон зочид буудал олон нийтэд үүдээ нээгээгүй боловч орон нутгийн эрх баригчдад үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN