Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо үргэлжилж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 64 теннисчин өчигдөр бүрэн тодорсон бөгөөд шилдгүүдээс АНУ-ын Винус Уильямс, Слоане Стефенс нарын теннисчид эхний тойргоос тэмцээнийг орхисон.
ОХУ-ын теннисчин Мария Шарапова шилдэг 64-т багтлаа. Тэрбээр Германы Т.Мариаг 6:1, 6:4 онооны харьцаагаар хоёр үеийн турш хожиж, хоёрдугаар тойрогт үлджээ. Энэхүү тоглолт 1 цаг 20 минутад үргэлжилсэн байна.
Шарапова дараагийн тойрогт Латвийн теннисчин Анастасяа Севастоватай тоглохоор оноолт таарчээ.
2016 оны гуравдугаар сараас Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) Мариа Шараповаг допингийн шинжилгээгээр мельдони хэмээх хориотой бодис хэрэглэсэн гэж үзэж, 24 сар талбайд гарахгүй байхаар шийтгэсэн. Энэхүү шийтгэлийг 15 сар болгон хөнгөлсөн бөгөөд тэрбээр өнгөрөгч оноос талбайд эргэн гарсан.
Энэ жил 31 настай Мариа Шарапова 2008 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бөгөөд “Их дуулга” тэмцээнд таван удаа түрүүлээд байна. Түүний хувьд хамгийн сүүлд 2014 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлжээ.
Мельбурн хотноо болж буй Австралийн нээлттэй тэмцээний шагналын сан 43 сая ам.долларт багтаж багтсан бөгөөд тэмцээн энэ сарын 28-д өндөрлөнө.