Төв банкны эрх зүйн орчин тодорхой болж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Төв банкны эрх зүйн орчин тодорхой болж байна

Төв банкны эрх зүйн орчин тодорхой болж байна

Монголбанкны тухай хуулийн шинэчлэл, өөрчлөлтэй холбогдуулан Сангийн сайд, элчин сайд асан, Эдийн засагч Д.Даваасамбуутай ярилцлаа.

-Төвбанк (Монголбанк)-ны тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар шинэчлэн баталлаа шүү дээ. Энэ хуулийн шинэчлэлийн талаар таны байр суурийг сонсох хүсэлт байна? 

-Монгол Улсын гадаад худалдаа, олон улсын санхүүгийн харилцаа улс орны амьдралд бусад улс орнуудаас илүү үүрэгтэй байдаг онцлогтой. Ийм болохоор манай улсын төв банк төгрөгийн тогтвортой байдал, түүний дотор гадаад валюттай харьцах төгрөгийн ханшид онцгой анхаарал тавих учиртай. Өөрөөр хэлбэл мөнгө, сангийн болоод валютын бодлогыг оролцуулаад макро хийгээд микро эдийн засгийн ончтой бодлого явуулах эрх үүргийг Монголбанканд хуулиар илүү нээлттэй болгосон байна. Мөнгөний бодлогын зөвлөлийн ирээдүйн бүтцээс харахад төгрөгийг ханшийн болон үнэ, инфляцийн эрсдлээс сэргийлэх үндсэн үүргийг Монголбанк дангаараа хариуцах болжээ. Иймээс Монголбанк өөрийн тайлан, мэдээлэл, судалгаа шинжилгээ, бодлого чиглэлээ нийт улс орны эдийн засгийн хэмжээнд авч үзэж, олон нийт, мэргэжлийн экспертүүд, засгийн газрын холбогдох байгууллагуудын дэмжлэгийг авч ажиллах нь чухал. 

Төгрөгийн тогтвортой байдал нийт эдийн засгийн байдал, ялангуяа төлбөрийн тэнцлээс ихээхэн хамаардаг. Төлбөрийн тэнцлийг хангаж, сайжруулж чадвал төгрөг тогтвортой байна. Монгол улсын төлбөрийн тэнцлийг тойрсон бодлого, чиглэл, авах арга хэмжээг энэ талаарх мэдээллийг хариуцаж, эзэмшдэг Монголбанк санаачилга гаргаж, улс орны хэмжээнд экспортын үйлдвэрлэл, валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хэрхэн мөнгө, зээлийн бодлогоор дэмжих ажлыг хариуцаж, хувийн хэвшил, нийгэмд өгөх дохиог удирдах нь ээ. 

-Шинэчлэгдсэн хуулиар Монголбанкны бие даасан хараат бус байдлыг нэмэгдүүлэхэд зорьлоо шүү дээ? 

-Олон улсын шилдэг туршлага гэвэл мөнгөний бодлого, зээл, мөнгө хөрөнгө, ханш, хүү зэрэгтэй холбоотой асуудлыг мэргэжлийн түвшинд буюу аль болох асуудлыг мэддэг удирдах экспертүүдийн хэмжээнд, хариуцах эзэн нь тодорхой байдлаар шийдэгддэг эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэл рүү орж байгаа гэж ойлгодог. Энэ утгаар нь Монголбанкны тухай хуульд Мөнгөний бодлогын зөвлөлийн зэрэг, дэвийг дээшлүүлжээ гэж харж байгаа. Нөгөө талаас Монголбанк улстөрчдийн, түүний их хурал, засгийн газрын газраас бодитой бус санал чиглэл өгвөл авахгүй байх эрхийг хуулиар баталгаажуулжээ. Тухайлбал, Монголбанкинд алдагдалтай нөхцлөөр зээл олгохыг УИХ-ын удирдлага, Засгийн газраас өгч болохгүй болжээ. Монголбанк л өөөрөө Мөнгөний бодлогын зөвлөл болон бусад бүтцээрээ дамжуулж, улс орны мөнгөн урсгалыг бие дааж удирдана. Мэдээж УИХ, Засгийн газартай бодлого, чиглэлээ уялдуулна. 

Мөн арилжааны банкууд дахь иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, төр, засгийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хангах, зарцуулалтыг хянаж, шийддэг Монголбанкны эрх хэмжээ, дэв зэргээ бас нэмэгдүүлж, Хяналтын хороотой болжээ. Олон улсын төв банкуудын холбоо буюу Базелийн төлбөр тооцооны банкны хүрээнд Банкны Хяналт шалгалтын хороо ажилладаг бөгөөд тэндээс олон нийтлэг стандарт, жишгийг гаргадаг юм билээ. Монголбанк эдгээрээс санаа авч ажиллаж байгаа. 

-Тэгвэл, Монголбанкны алдагдал, дүрмийн санг тойрсон асуудлыг Та хэрхэн харж байна вэ?

-Монголбанкны алдагдал нь дүрмийн сан болон бусад нөөц сангуудаас давж, сөрөг утгатай болсон байгаа. Энэхүү алдагдлаа багасгах талаар дорвитой арга хэмжээ авах ёстой. Хүү, ханш, алтны үнийн зөрүүгээс хийгээд “найдваргүй” гэгддэг зарим зээлээс үүсэлтэйгээр асар их алдагдал гараад байгаа. Монголбанкнаас алдагдал багасгах хөтөлбөр гарган ажиллаж байгаа. Үр дүнг нь хүлээж байна. 

Ер нь Монголбанк улс орны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд алдагдал хүлээж болох мэт яриа эрх зүйн хувьд үндэсгүй гэж бодож байна. Алдагдалтай ханшаар хэлцэл хийх эрхийг хуулиар олгоогүй, олгож ч болохгүй биз. Үүнийгээ засна биз. Аливаа улс орны төв банк нь алдагдал гаргаад байвал харин ч санхүүгийн байдлыг хүндрүүлнэ. Төвбанкны алдагдлыг эцсийн дүндээ улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр нөхөх болно. Иймээс Монголбанк алдагдал үүсгэж болзошгүй авлагыг барагдуулах, хиймэл буюу зах зээлийн зарчмаас хазайсан ханш, хүүгийн зөрүүгээр алдагдал гаргах явдалд хуулийн хийгээд засаглалын хязгаарлалт хийх хэрэгтэй. Монголбанк алдагдалтай ажиллаж байгаа үед эрсдлийн сан байгуулж буй нь өөрсдийгээ хуурсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл үүгээр санаа тайвширч болохгүй ээ. 

-Төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах гэдэг нь хүү, ханшийн зөрүүгээс үүсэлтэй алдагдлаас сэргийлж буй хэрэг гэж ойлгож болох уу? 

Цаад утгаараа таны ойлголт зөв байна. Аливаа улс орны төв банк үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт, хөгжлийг шууд болон тойруу замаар дэмжих учиртай. Гэхдээ ам доллар, евро, иен зэрэг олон улсын нөөц валют бүхий орнуудын мөнгөний бодлогын болон зах зээлийн хэрэгслийг манайд шууд хэрэглэх боломж бас хязгаарлагдмал. БНХАУ-ын гурван их наяд, Японы нэг их наяд ам доллартой тэнцэх гадаад валютын нөөц бол АНУ, Еврогийн бүсийн орнуудын төв банкуудын хөрөнгийн эх үүсвэр юм. Үүнийг эдгээр орнууд ашиглах замаар орлого олж, Хятадад эсвэл Японд тэдний нөөцөд ногдох хүүг төлөх хөрөнгийг бүрдүүлнэ. Харин Монголбанкинд ийм эх үүсвэр байхгүй өөрийн арилжааны банкуудад худалдсан бэлэн мөнгөний эх үүсвэр 800 гаруй тэрбум төгрөг, Монголбанкны өөрийн хөрөнгө хасах болсон, банкуудын болон засгийн газрын үлдэгдэл хөрөнгө, зарим нэг орны гадаад зээл зэрэг хязгаарлагдмал эх үүсвэр байгаа болохоор төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг багасгах хэрэгтэй байгаа болов уу. Энэхүү багахан эх үүсвэрийг хөнгөлөлтэй зээл олгох, алдагдалтай ханш бүхий валютын хэлцэл үйлдэх зэргээр “бодлогын” гэгддэг ажиллагаа хийж болох тухай буруу ойлголтыг халахын тулд төсвийн чанартай зээлийг хязгаарлаж буй хэрэг билээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж