Тэргүүн зэрэглэлийн устгал

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Тэргүүн зэрэглэлийн устгал

Төгсгөл.

Нисдэг тэрэг унаснаас хойш хэдэн минутын дараа Марк ба багийн бусад гишүүд машинаа орхин шавар шавхай дундуур малын хашааг тойрсон гурван метрийн өндөр ханын дагуу гүйв. Төмөр хаалганд ойртон ирээд гурван дэлбэлэгч тэсрэх C-4 төхөөрөмжөө хаалганы нугасанд бэхлэв. Чанга дэлбэрэлтийн дараа хаалга онгойлоо. Үлдсэн есөн дайчин нь малын хашаанаас гүйн гараад орцны үүд хүрэх зам дээр очжээ. Тэдний ард цогцолборт орох гол хаалга үлдсэн байлаа. Чимээ намсгагчтай автоматаа чанга атгасан тэд  замаар гүйлээ. Модот замын эцэст тэд дахин нэг хаалга дэлбэлээд бин Ладены элч Абу Ахмед аль-Кувейти эхнэр дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг зочдын байранд нэвтрэв.

Урд нь явсан гурван дайчин бусдаасаа тасран тэр байрыг цэвэрлэхээр орж, үлдсэн ес нь гол байшингийн дотор хашаанд оров. Зочны байрны буланг тойроод “далайн хавнууд” эхнэр, хүүхэддээ сануулахаар аль-Кувейти гэртээ орж буйг харав. Шөнийн харах төхөөрөмжийн тохируалга номин ногоон өнгөтэй пикселүүдэд хуваагдсан байв. Цагаан камизе шальвар /хувцас/-тай Аль-Кувейти буугаа аваад хашаанд эргэн гарч ирэв. Дайчид түүнийг буудан устгалаа.

Үлдсэн есөн дайчин нь хуваагдан дотор хашааг цэвэрлэхээр болов. Америкчууд тэнд аль-Кувейтийн 33 настай дүү Абрар, бин Ладены хөвгүүд Хамза, Халид, бин Ладен өөрөө  байгаа гэж үзэж байсан юм. Гурван цэрэгтэй бүлэг гол хаалганы шаланд ч хөлөө тавиагүй байтал босгон дээр хүрэн өнгийн шальвартай бөгтөрдүү, сахалтай Абрар гарч ирэв. Түүний гарт АК-47 бариастай байв. Түүнийг чээжинд нь буудан хөнөөв. Нөхрийнхөө хажууд зэвсэггүй зогсож байсан түүний эхнэр Бушраг бас бууджээ.

Энэ үеэр орчуулагч Ахмед бин Ладены байрны хашааны гадаах заваан гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэрээр энгийн хувьцастай пакистан цагдаа шиг, хамгаалалтын хүрэм дээрээ шальвар камиз өмссөн нь тэгж адилхан харагдуулж байлаа. Тэрээр байшинд хүн нэвтрүүлэхгүй үүрэгтэй байжээ. Энэ үед байшингийн дээвэр дээр буусан Жеймс ба зургаан дайчин дотогш нэвтэрч байв. Эхний 15 минутын дотор байрны дэргэд юу ч болсонгүй. Хөршүүд нь доогуур нисч байсан нисдэг тэрэгний дуу, нисдэг тэрэгний сүйрэл дараалсан дэлбэрэлтүүд ба буудлагыг сонссон нь лавтай. Гэлээ ч хэн ч гарч ирсэнгүй. Нутгийн нэгэн чимээ шуугианы талаар “Шөнийн нэг цагийн үеэр Абботтабадын дээгүүр нисдэг тэрэг нисч байна (ийм зүйл ховорхон тохиолддог)” гэж твиттерт бичсэн байв.

Сүүлд нь байрны хашааны цаана юу болж байгааг мэдэхээр хэдэн пакистанчууд иржээ. “Тусгай ажиллагаа хийгдэж байна. Гэртээ харьцгаа” гэж хажууд нь зогсож байсан Ахмед тэдэнд пашту хэлээр хэлээд буцаажээ. Нутгийнхан нь америк хүнтэй ярьснаа мэдсэнгүй тараад явцгаав. Хэд хоногийн дараа Билал-Таунд сэтгүүлчид ирэхэд нутгийн нэгэн хүн “Нисдэг тэрэгнээс цэргүүд гарч байрны зүг явахыг харсан. Тэдний нэг нь цэвэр пушту хэлээр бидэнд гэрлээ унтраагаад гадагш гарахгүй байхыг хэлсэн” хэмээн ярьсан байв.

Энэ үед эскадрилийн дарга Жеймс нэгэн хаалгыг дэлбэлэн хивсээр бүтээсэн хашааг өнгөрөн хоёр дахь ханыг нэвтрэн байрны нэгдүгээр давхрыг шалгах гэж байсан эхний нисдэг тэрэгний багийнхантай нийлэв. Цааш нь юу болсон нь бүрэн тодорхой биш байгаа. Хожим  PBS NewsHour нэвтрүүлэгт “20-25 минутын дотор юу болж буйг бид сайн ойлгоогүй гэж хэлж чадах байна” хэмээн Панетта хэлсэн юм.

Энэ үе хүртэл нисгэгчгүй онгоцноос дамжуулж байсан зураглалыг Батлан хамгаалах яам, Тагнуул, Ерөнхийлөгчийн аппаратын хэдэн арван  хүн харж байлаа. CBS-ийн хэлж байснаар биш, дайчдын дуулга камераар тоноглоогүй байв. Тэдний хэн нь ч байрны төлөвлөлтийг мэдэхгүй байсан ч хэдэн минутын дараа тэд Америкийн түүхэн дэх хамгийн өндөр зарлагатай эрлийн ажиллагааг дуусгана гэсэн өндөр сэтгэлтэй байв. Энэ өгүүллийг тэдний яриа сэтгэгдлээр бүтээсэн болохоор яг үнэн биш байж болох талтай бөгөөд энэ өгүүлэл маргааны өдөөгч болгож магадгүй юм.

Абрарын хүүхдүүд нуугдсаны дараа “далайн хавнууд” нэгдүгээр давхрын бүх өрөөг шалгаж эхлэв. Байранд мина тавьсан байж магадгүй гэж америкчууд болгоомжилж байлаа. Гэвч тэнд хүүхдүүд байсан нь өөрөөр бодоход хүргэжээ. “Удаан хүлээсний дараар болгоомжллл бүдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. “Өнөө шөнө л тэд ирнэ” гэсэн бодолтойгоор бин Ладен орой бүр унтахаар хэвтдэг байсан гэж үү? Мэдээжийн хэрэг үгүй л дээ. Эхний ганц нэг жилд тийм байсан байж магадгүй. Одоо бол үгүй”  гэж дайчин хэлсэн юм. Гэсэн ч байрны эзэд аюулгүй байдлынхаа талаар хангалттай арга хэмжээг хийсэн байлаа. Хоёр давхарт гарах шат металл хаалгатай байсан нь нэгдүгээр давхрыг амьтны торон сав шиг л болгожээ.

C-4-ин тусламжтайгаар хаалгыг дэлбэлээд тусгайгийнхан хоёрдугаар давхарт гарлаа. Дээш гарч байхдаа тэд бин Ладены хүү 23 настай Халидыг харав. Булангийн цаанаас тэрээр шатны талбарт АК-47 бариад  гүйн гарч ирэв. Халид үсээ богино тайруулсан, засаж янзалсан хууз сахалтай, гүнзгий ухаастай цагаан футболкатай байв. Америкчуудын өмнө гарч ирээд тэрээр гал нээсэн байна (терроризмын эсрэг төвийн ажилтан түүнийг зэвсэггүй байсан гэдэг). Наад зах нь хоёр дайчин эсрэг гал нээж Халидыг устгав. Тусгай албаныханд тараасан товхимлоор байранд таван эрэгтэй хүн байсан юм. Тэдний гурав нь алагдаж дөрөв дэх нь болох Ладены хүү Хамза хаана ч харагдсангүй. 

Ажиллагааны өмнө “далайн хавнууд” энэтхэг үндэстэй кодтой үгнүүдийн жагсаалтыг гаргасан аж. Үг бүр нь ажиллагааны тодорхой шатнууд: нислэгийн эхлэл, хил давсан, байранд очсон зэргийг зааж байв. “Жеронимо” гэсэн үг бин Ладеныг оллоо гэдгийг зааж байжээ. Халидын цогцос дээгүүр алхан гараад тэд гуравдугаар давхар хүрэх бас нэг төмөр хаалтыг дэлбэлээд цааш хөдлөв. Эхний дайчин баруун тийш эргэн унтлагийн өрөөний хаалгаар гурван метрийн зайд өндөр туранхай сахалтай хүн байгааг шөнийн харах төхөөрөмжөөрөө харлаа. Дайчин түүний өмнө “Жороо морь” байгааг ойлгожээ (уг ажиллагааг  “Жороо морь” гэж кодолсон юм). ТТГ-ын ажилтны ярьж байгаагаар дайчин бин Ладеныг шатны талбайд илрүүлээд буудсан ч оноогүй ажээ. Унтлагийн өрөөнд гүйн очсон эхний дайчин хаалгыг нээв. Тэр өрөөнд бин Ладенхаалгыг хаан зогссон хоёр эхнэрийнхээ ард нуугдан зогсч байв. Бин Ладены тав дахь эхнэр Амаль аль-Фатах арабаар ямар нэгэн зүйл хэлээд ухасхийв. Түүнийг нь довтолж байна гэж ойлгосон дайчин өвдгөнд нь буудан шархдуулжээ. Тэсрэх бодистой байсан байж магадгүй гэж болгоомжилсон тэр түүнийг шүүрэн авч хажуу тийш нь даран зайлуулав. Хэрэв дэлбэрэлт гарсан бол  тэрээр амь үрагдэх байсан ч дэлбэрэлтийн цохилтыг өөртөө аван ардаа байсан хоёр дайчинг  аварч чадах байсан юм. Гэвч эмэгтэйд ямар ч  тэсрэх бөмбөг байсангүй.

 Өрөөнд хоёр дайчин орж ирэн M4 бууныхаа лазерийн харааг бин Ладены цээжинд чиглүүлэв. Элсэн өнгийн шальвар камиз, мөргөлийн малгай өмссөн “Аль-Каида”-гийн лидер зог тусан зогсчээ. Тэрээр зэвсэггүй байв. “Түүнийг амьдаар барих яриа байгаагүй. Энэ шийдвэрийг тэнд гаргаагүй” гэж тусгайн дайчин ярьсан юм (захиргааныхан бин Ладен бууж өгсөн бол түүнийг алахгүй байсан гэж хэлж байв). Есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш есөн жил, долоон сар, 20 хоногийн дараа бин Ладены амьдрал америк цэрэг гохоо дарах эсэхээс хамаарч байв. Эхний 5,56 мм-ийн калибрьтай сум террористын чээжинд тусав. Бин Ладен гэдэргээ унасны дараа баруун нүднээс нь арай дээгүүр хоёр дахь удаагаа бууджээ. Дараа нь “далайн хав” радиогаараа “Бурхны ба улс орныхоо нэрийн өмнөөс Жеронимо, Жеронимо, Жеронимо” гэж илтгэв. Чимээгүй болсныхоо дараа тэр “Жеронимо E.K.I.A.” – дайсан тулаалдаанаар устгагдлаа” хэмээн нэмэн хэлэв.

Цагаан ордонд эдгээр үгийг сонссон Обама “Бид түүнд хүрч чадлаа” гэж ёслол төгөлдөр хэлжээ. Бин Ладены эхнэрүүдэд гав зүүлгэн доош аван буув. Ллдсэн хоёр дайчин нь нейлон шуудайнд бин Ладены цогцсыг хийлээ. Нисдэг тэрэг газардсанаас хойш 18 минут өнгөрсөн байлаа. Дараагийн 20 минутад нь дайчид тагнуулын материалыг цуглуулсан юм.

Бин Ладены мульти медианы студи болгосон хоёр давхарт дөрвөн хүн нэгжлэг хийлээ. Тэд флэшүүд, СD ба DVD дискүүдийг гялгар уутанд савлан цуглуулжээ. Мөн компьютерийн тоног төхөөрөмжийг нь авсан байна. Тэнд байсан файлуудыг үзэн судлаад бин Ладен “Аль-Каида”-гийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан гэх дүгнэлтийг ТТГ-ын удирдлага хийн бусад мэргэжилтнүүдийн эсрэгээр хэлж байсныг няцаасан байна. Тухайлбал,Обама, генерал Петрэус нарыг хөнөөх, есдүгээр сарын 11-ний ойгоор аллага хийх, Америкийн галт тэрэгнүүдийг дэлбэлэхээр төлөвлөсөн байжээ. Үүний зэрэгцээ дайчид порнографын дижитал архивыг олжээ. Нэгэн дайчин “Энэ нь ердийн нэг олдвор. Ийм зүйл Сомали, Ирак, Афганистанд зөндөө л байлаа” гэсэн юм. Студийн хөшигний цаанаас дайчид алтан утсаар шагласан хувцсыг олсон. Бин Ладен энэ хувцсыг өмсөн видеобичлэгээ хийлгэдэг байсан гэнэ.

Америкчууд гавласан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хоёр дахь нисдэг тэрэг буусан ханын дагуу суулгаад багийн араб хэлтэй нэгэн гишүүн тэднээс байцаалт авчээ. Бараг бүх хүүхэд арав хүрэхгүй настай байв. Тэд дээд давхарт хэн байсныг мэдээгүй байжээ. Түүний өвгөн гэж нэрлэж байлаа. Алагдсан хүн бин Ладен гэдгийг ч эмэгтэйчүүд батлаагүй байна. Харин нэг нь түүнийг “шейх” гэж нэрлэж байжээ. Уг байранд өөр нэг Chinook нисэн ирсний дараа түүгээр ирсэн эмч цогцсыг үзэн чөмөгнөөс нь ДНК-ийн шинжилгээний хоёр дээж авчээ. Нэг дээжийг Black Hawk-т нөгөөг нь цогцсын хамт  нь Chinookт оруулан авчирчээ.

Дараа нь дайчид сүйрсэн нисдэг тэргийг устгах ажилтай байлаа. Ийм тохиолдолд зориулан авч явдаг алхаар нисэгч нь заалтуурын самбараа хагалан устгав. Дараа нь дэлбэлэгчид сэнс, тооцоолон бодох систем, холбооны систем, хөдөлгүүр зэрэгт тэсрэх төхөөрөмж, дугуй дор нь нэмэлт тэсрэх төхөөрөмж байрлуулан бүхээгт нь шатагч гар бөмбөгүүдийг хаялжээ. Тэднийг Chinookт сууж байхад ослын нисдэг тэрэг шатаж эхэлсэн байна. Пакистаны эрх баригчдад  учрыг нь олуулахаар үлдээсэн эмэгтэйчүүд ба хүүхдүүд дайчид нисдэг тэргэндээ сууж байгааг айсан, цочирдсон байдалтайгаар харж байв. Бин Ладены эхнэр Амаль нэг зүйл л яриад байв. Америкчуудыг агаарт хөөрөхөд байшин шатаж эхэлжээ.

Шуурхай байдлын танхимд сууж байсан Обама “Тэднийг тэндээс гартал би тайвшрахгүй нь” гэж хэлж байлаа. Цогцолборт 38 минутыг өнгөрөөсөн дайчид Афганистанд буцаж ирэх ёстой байв. Буцах замд нь Black Hawk-ийн шатахуун дуусч байсан учир нисдэг тэрэг хилийн ойролцоо газардан шатахуунаа цэнэглэв. Шатахуунаар цэнэглэгдэхэд 25 минутыг зарцуулжээ.

Нисдэг тэрэг Жалалабадад өглөөний гурван цагт газардлаа. Нисэх талбайд тэднийг Макрейвен ТТГ-ын тэндхийн салбарын тэргүүн угтав. Хоёр дайчин шуудайг тайлан дарга нартаа бин Ладены цогцсыг харуулав. Тагнуулын мэдээгээр бин Ладен 193 см-ын өндөртэй гэсэн байв. Эхмэл метр тэнд байгаагүй учио 183 смын өндөртэй нэгэн цэрэг цогцостой зэрэгцэн хэвтээд харуулжээ. Цогцос арваад см-ээр илүү байлаа. Хэдэн минутын дараа видеобага хурлын дэлгэцнээ гарч ирсэн Макрейвен шуудайд бин Ладены цогцос байна гэж мэдээлжээ. Түүний дараа цогцсыг Баграмд авчирчээ.

Бин Ладены цогцсыг далайд хаяхаар эхнээсээ шийдсэн байв. Өмнө нь цэргийнхэн Сомалид Зүүн Африкийн “Аль-Каидагийн” лидер Салех Али Салех Набаныг устгаад цогцсыг нь хөлөг онгоцоор Энэтхэгийн далайд авчран лалын ёслолыг нь хийж байсан юм. Бин Ладеныг далайд хаяхын өмнө Жон Бреннан Саудын тагнуулчидтай утсаар ярин болсон хэргийн талаар дуулгажээ. Тэнд бин Ладены нөлөө бүхий хамаатан садан байгаа гэдгийг мэдэх Бреннан танай Засгийн газар цогцсыг сонирхож байна уу? гэж асуухад нь “Танай төлөвлөгөөгөөр болог” гэсэн хариу өгчээ.

Үүрээр бин Ладены цогцсыг V-22 Osprey гэдэг конвертопланд ачаад  JSOC-ийн холбоочин цэргийн цагдаагийн хамгаалттайгаар онгоц тээгч “Карл Винсон” атомын хөлөг онгоцонд авчрахаар илгээжээ. Пакистаны нутгаар дамжих зөвшөөрлийг авсан байв. Өмнө нь зөвшөөрөлгүйгээр ажиллагаа явуулсан гэж Пакистан нисэх онгоцнуудаа эргүүлд гаргасан байж магадгүй байсан юм. Гэсэн ч конвертоплан ямар нэгэн саадгүйгээр хүрэх цэгтээ очжээ.

Бин Ладены цогцсыг угааж саванд ороон шуудайлсан байв. Бреннан лалын ёс журмын дагуу ёслолыг хийгээд онгоцны ангарын давхарт буулгаад 6-7 метрийн өндрөөс цогцосыг далайд хаяжээ…

…Тавдугаар сарын 6-нд “Аль-Каида” бин Ладеныг үхлийг батлан “шаналан тарчлагчдынхаа эгнээнд сайн хүү Усамаг авсанд нь”Бүх лалын ард түмэнд баяр хүргэе” гээд америкчуудын баяр хөөр нь зовлонгоор солигдон тэдний нулимс нь цустайгаа хутгалдана” гэж мэдэгдэв. Энэ өдөр Обама Кентукки мужийн Форт-Кэмпбелл дэх тусгай хүчний 160 дугаар нисэх хорооны баазад уг ажиллагаанд оролцсон хүмүүстэй уулзсан байв… Уулзалтынхаа үеэр Обама каир нохойг үзэх хүсэлтээ гаргасан ба Ерөнхийлөгчид багийн гишүүд нөөцийн Chinook нисдэг тэрэгний Америкийн далбааг бэлэглэсэн юм. 90 см-ийн хэмжээний далбааны ард нь дайчид, нисэгчид гарын үсгээ зурж нүүрэн талд нь “Шуурхай ажиллаганы нэгдсэн группээс. “Нептуны жад” ажиллагаа. 2011 оны тавдугаар сарын 1. “Бурхны ба улс орныхоо нэрийн өмнөөс, Жеронимо“ гэж бичсэн байв. Обама түүнийг “чухал газраа өлгөнө” гэж амлав. Ярианы үеэр хэн гох дарсныг Обама асуусангүй, дайчид ч өөрсдөө энэ тухай хэлсэнгүй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж