Ослоос сэргийлэх аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Ослоос сэргийлэх аян эхэллээ

Ослоос сэргийлэх аян эхэллээ

Ахуйн ослоос сэргийлэх “Миний гэр аюулгүй орчин” уриатай сарын аяны талаар өнөөдөр /2018.01.17/ Эрүүл мэндийн яамны хурлын танхимд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. 


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр нийт өвчлөлийн аравны нэгийг осол гэмтлийн өвчлөл эзэлж, жил бүр 5.2 сая гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алддаг байна. 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай байна гэдгийг албаныхан хэллээ. 

“2017 онд орон гэртээ 26.115 хүн бэртэж гэмтжээ”

Ард иргэдээ өвдсөн үед нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхээр Эрүүл мэндийн яам зорилт тавин ажиллаж байна. Статистик баримтыг харахад нийт хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаарт осол гэмтэл орох болжээ. Тийм учраас  осол гэмтлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай аж. Энэ жил нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн “Миний гэрт аюулгүй орчин” уриатай сарын хугацаатай аян зарлаж байна.

Монгол улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг.

Сүүлийн таван жилд осол гэмтлийг дараах шалтгаанууд тэргүүлж байна. Гэмтлийн гол шалтгаан болох унаж гэмтэх гэмтэл нь бүх насны бүлгийн хүмүүсийн гэмтэж бэртэх шалтгааны нэгдүгээрт орж байгаа бол хоёрдугаар шалтгаан  нь 0-4 насанд түлэгдэлт, 5-19 насанд зам тээврийн осол, 20-39 насанд хүчирхийлэл, 40-44 насанд амьгүй механик хүчинд өртөх осол орж байна. Өнгөрөгч 2017 оны тооцооллыг харахад нийт 26.115 хүн орон гэртээ бэртэж гэмтсэн гэсэн статистик гарчээ’ гэж Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг ярилаа.

“Гэмтсэн хүмүүсийн 31 хувь нь орон гэртээ гэмтдэг“

‘Ахуйн гэмтлээс үүдэлтэй манай төвд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн 2017 оны тоо баримтаас харахад нийт 85.304 гэмтэгсдийн 26.615 буюу 31.2 хувь нь орон гэртээ гэмтсэн байжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сүүлийн таван жилийн нас барсан тохиолдлын 34.8 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж нас баржээ.

Тэр дундаа 0-5 насныхан болон 55-аас дээш насныхан хүндээр гэмтэж, нас барах тохиолдол нь их байна. Нийт гэмтэл бэртлийн тохиолдлыг шалтгаанаар нь авч үзвэл орон гэртээ гэмтэж бэртэх, ахуйн хүрээнд түлэгдэх, согтууруулах ундаанаас үүдэлтэй бэртэх тохиолдол олон байна” гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн хэллээ.

 А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж