Үл үзэгдэгч улстөрийн ”буудалцаан”

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Үл үзэгдэгч улстөрийн ”буудалцаан”

Өнгөрсөн лхагва гаригт Өмнөд Солонгосын талаас мэдэгдэл гаргаж Хойд Солонгосын зүгээс тус улсын нутаг дэвсгэр лүү их буугаар галласан гэх мэдэгдлийг хийсэн билээ. Мөн Хойд Солонгосын зүгээс гал нээсний хариуд Өмнөд Солонгосын тал ч хариу гал нээсэн тухайгаа мэдэгдэж байв.

Харин өчигдрөөс эхлэн гаргаж байгаа Хойд Солонгосын мэдээллийг үзвэл тус улсын зүгээс Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр рүү их бууны гал нээсэн гэх мэдэгдлийг няцааж байгаа аж. Хойд Солонгосын талаас хариу мэдэгдэл гаргахдаа  барилгын ажлын үеэр гарсан дуу чимээг Өмнөд Солонгосын тал их буугаар буудсан хэмээн андуурсан байна хэмээн мэдэгджээ. Хойд Солонгосын эрх баригчид  Өмнөд Солонгосын талын мэдэгдлийг “шал утгагүй” зүйл хэмээн няцаасан байна.

Харин Өмнөд Солонгосын тал энэ удаагийн буудалцаан өнгөрсөн оны намар мөн л хоёр тал харилцан буудалцаж байсан тэр газар буюу Өмнөд Солонгосын Ёонпьон болон өөр нэгэн арлын орчимд болсон хэмээн мэдэгджээ. Хоёр талын ийнхүү харилцан бие биеэ үгүйсгэсэн мэдэгдэл хийснээр саяхан ОХУ-д болсон Солонгосын хойгийн сөргөлдөөнийг намжаах асуудлаархи олон улсын уулзалтын идэвхи чармайлтыг бүрмөсөн баллаж байгаа аж.

Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын зүгээс буудсан сум тус улсын нутаг дэвсгэр болох Ёонпьон арлаас наахан талд нь туссан гэж мэтгэж байгаа юм. Харин Хойд Солонгос энэ талаар тайлбар хийхдээ өөрийн нутаг дэвсгэр дээр хүн амынхаа амьжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгоор барьж байгаа барилгын ажлын үеэр гардаг энгийн нэг тэсэлгээний дуу чимээ ийнхүү сүр дуулиан тарих шалтгаан болсон гэж мэдээлж байна.

Өмнөд Солонгосын тал асуудлыг хэт дэвэргэн байдлыг  хурцатгахыг чармайж байна гэж Хойд Солонгосын зүгээс үзэж байгаагаа илэрхийлээд энэхүү өдөөн хатгалтын хариуд шаардлагатай бүх арга хэмжээг авч болох юм гэсэн байна. Мөн орчин үеийн шинжлэх ухаан өдий олон жил хөгжчихөөд байхад тэсрэлтийн чимээг буудлагын дуу чимээтэй андуурч байгаа нь утгагүй зүйл гэж үзэж байгаа аж.

Тэгвэл Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний албан мэдээлэлд гарснаар бол Хойд Солонгосын тал тус улсын хилийн дагуух хоёр ч зурвас руу буудсан гэдгийг нотлоод  байгаа юм. Тэдгээр их бууны сумнууд бүгд далайд унасан гэж дээрхи мэдээлэлд дурдсан гэнэ. Харин өөр бусад мэдээллийн хэрэгслээр бол их бууны нэг сум нь хоёр Солонгосын хилийн зурваст “газардсан” бололтой.

Өмнөд Солонгос нөхцөл байдалд эрс тэс хариу барьсан явдал нь өнгөрсөн оны намар болсон хоёр Солонгосын талаас харилцан буудалцах үеэр тус улсын дөрвөн иргэн  амь үрэгдсэнтэй холбоотой гэж зарим хэвлэл бичжээ. Харин Хойд Солонгосын зүгээс Ёонпьон арлын орчим болон тус улсын хилийн ойролцоо Өмнөд Солонгос цэргийн сургууль хийсээр ирсэн нь хоёр улсын хоорондхи эвдрэлцлийг улам дэвэргэж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсээр байгаа юм.

Солонгосын хойгт 1953 онд болсон дайны дараа Хойд Өмнөд хоёр Солонгосын харилцаа  аажим аажмаар сайжирч байсан ч өнгөрсөн оноос эрс хүйтрэх шалтаг, шалтгаан гарч ирснээр буцаад дайны байдал руу эргэж орохдоо тулаад байна.

Өнгөрсөн оны хавар Өмнөд Солонгосын Чёонань цэргийн хөлөг онгоц живж, 40 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэний дараагаар энэ хэрэг явдалд Хойд Солонгосыг хамаатай болох тухай олон сэжиг таамаг гарсан нь зуун дамжиж байж арай гэж нааштай болж байсан хоёр Солонгосын харилцааны уур амьсгалыг нэгмөсөн эвдээд байгаа билээ. Олон улсын зүгээс нэг үндэстнийг хуваасан эсрэг тэсрэг улстөрийн тогтолцоотой энэ хоёр орныг бүс нутагтаа аюул тарихааргүй харилцаатай байлгахын тулд бололцоотой бүх арга хэмжээг авч байгаа ч одоогоор олигтой үр дүн гарахгүй байгаа билээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж