Трамп таргалалттай ч дасгал хийдэггүй

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Трамп таргалалттай ч дасгал хийдэггүй

Трамп таргалалттай ч дасгал хийдэггүй

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эмч Ронни Жексон төрийн тэргүүний эрүүл мэндийг “онц сайн” гэж тодорхойлсон. Гэхдээ дийлэнх америкчуудын нийтлэг жишгээр Трамп таргалалттай, гэхдээ хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй.

Ерөнхийлөгч биеийн жин 108.4 кг. Өнгөрсөн жил ерөнхийлөгчийн албанд томилогдсон үеийнхээс 1.4 кг-аар нэмэгдсэн. Өндөр нь 190.5 см. Өндөр, жинг харьцуулсан биеийн жингийн индексээр тодорхойлбол Трамп “таргалалттай” гэсэн ангилалд багтах аж.

Гэхдээ тэр ганцаараа тийм биш. АНУ-д үндэсний хэмжээнд явуулсан эрүүл мэнд, эрдэс бодисын шинжилгээний үр дүнгийн судалгаагаар насанд хүрсэн гурван америк хүн тутмын нэг нь таргалалттай, нэгээс илүү нь тарган гэнэ. Тэгэхээр АНУ-д 20-иос дээш насны хүмүүсийн 70.7 хувь нь жингийн илүүдэлтэй ажээ.

Зарим судлаачид биеийн жингийн индексээр таргалалтыг тодорхойлох нь учир дутагдалтай гэж үздэг. Учир нь хүний бие дэх өөх ба булчингийн массыг тооцоолдоггүй учраас. Гэтэл биеийн жингээс илүү өөхлөлт нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм.

Трампын эмч Жексоны хэлснээр ерөнхийлөгч дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсээ тохируулснаар жингээ хянах боломжтой. Ерөнхийлөгч өөрөө ч багахан жин хасах хүсэлтэй гэнэ.

Жингийн илүүдэлтэй байснаар Трамп диабет, зүрхний өвчин, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг өвчин, эмгэгтэй болох магадлал нь нэмэгдэх юм. Шинжилгээгээр Трампын цусан дахь холестерины хэмжээ үл ялиг их, мөн зүрхний өвчнөөр өвчлөх магадлалтайг илрүүлсэн гэнэ. Гэхдээ зүрхний үйл ажиллагаа хэвийн гэж эмч нь хэлжээ.

“Ирэх жилд 4.5-6 кг хүртэл жин хасах шаардлагатай гэж үзэж байна. Бид хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар ярилцсан. Ноён ерөнхийлөгч дасгал хөдөлгөөнөөс илүү хоолны дэглэмд ач холбогдол өгч байгаа. Гэхдээ аль алийг нь дагаж мөрдөх хэрэгтэй” гэж эмч Жексон ярьжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж