Айлчлал: 700 сая долларын зээлийг юунд ашиглах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Айлчлал: 700 сая долларын зээлийг юунд ашиглах вэ?

Айлчлал: 700 сая долларын зээлийг юунд ашиглах вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад улсад хийх анхны айлчлалаа энэ сарын 15-нд БНСУ-аас эхлүүлэв.  Засгийн газрыг тэргүүлэн ажилласнаас хойш гурван сарын дараа хилийн дээс алхсан нь энэ. Айлчлалаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, БНСУ-аас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж татах, хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэснийг тоймлоё. 

БНСУ-аас 0,2 хувийн хүүтэй 700 сая ам.доллартай тэнцэх вон зээлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 15-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхсан бол айлчлалын хоёр дахь өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ентэй “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай”, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон авах тухай” хэлэлцээрт харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэжээ. Хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын талаас 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл авахаар болсон байна. Зээл 2019 оныг хүртэл хоёр үе шаттай орж ирэх юм байна. Эргэн төлөгдөх хугацаа нь 30 жил, 02 хувийн хүүтэй  бөгөөд үндсэн төлбөрөөс  10 жил чөлөөлөгдөх аж. Энэхүү зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байгаа гэдгийг албаныхан хэллээ. 700 сая ам.долларын зээлийн 200 сая нь 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдэл бол 500 сая ам.доллар нь шинээр авах зээл гэдгийг тодотгожээ.  Эдгээр зээлийг агаарын бохирдол тэр дундаа барилга, орон сууцны салбар, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгааг талууд ярилцаж, БНСУ-ын талаас ажлын хэсэг гарч, Монголд судалгаа хийхээр тохиролцсон байна.

БНСУ-д ажиллах хүчний тоог нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүүтэй уулзаж, хоёр улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ирсэн иргэд сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул 2018 оны хөдөлмөр эрхлэх квотыг нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү онцолсон байна. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой гэжээ. Цаашид хоёр улсын иргэд визгүй зорчих чиглэлээр хамтран ажиллах талаар ч хөндөгдсөн байна.

БНСУ нар, салхины эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд хамтарна

Айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын бизнес форум болж, Монголын 45 компанийн 60 гаруй бизнесийн төлөөлөл оролцжээ. Оролцогчид уламжлалт салбараас гадна инноваци, бүтээмж, нэмүү өртөг бий болгох болон бүс нутгийг хамарсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

1990 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд БНСУ Монгол Улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоогоор Монголд тус улсын хөрөнгө оруулалттай 2400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болжээ. Худалдааны нийт эргэлт 1,4 хувиар өссөн байна. Тиймээс хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулах, хөрөнгө оруулалт, технологийн чиглэлээр БНСУ-ын талаас дэмжлэг үзүүлэх нь давуу тал болно гэдгийг форумын үеэр онцолжээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж