Б.Жавхлан: Хохирлыг банкны эздээр төлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Хохирлыг банкны эздээр төлүүлнэ

Б.Жавхлан: Хохирлыг банкны эздээр төлүүлнэ

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр энэхүү төслийг УИХ-аар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа юм. 


-УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг баталсан нөхцөлд эрх зүйн ямар харилцаа үүсэх вэ? 

-Хуулийн гол агуулга нь төв банкнаас арилжааны банкинд тавих хяналтын тогтолцоог өмнөхөөс илүү бие даасан, хүчтэй болгоход чиглэж байна.

Банкны системд эргэлдэж байгаа арван төгрөг тутмын нэг төгрөг нь эздийнх бол есөн төгрөг нь олон нийтийнх. Нэг ёсны олон нийтийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалахын тулд илүү их хамгаалалтад авч байна гэж ойлгох хэрэгтэй.

Монголын банк санхүүгийн салбар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гурван том хямралтай тулж, 10 гаруй банк дампуурсан байдаг. Тэр бүрт хадгаламж эзэмшигчид учирсан хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж ирсэн. Цаашдаа банкны системийн хямралаас үүдэж гарах алдагдлыг татвар төлөгчдийн нуруунд үүрүүлж байхгүйн тулд буруутай банкны эздээр хохирлыг төлүүлэхээр бүх зохицуулалтыг тусгалаа. Гишүүд маань ч сайн дэмжлээ.

-Мөнгөтэй хэн ч байсан банк байгуулдгаас гүйцэтгэх захирлаар нь мэргэжлийн бус хүн томилогдож, банкийг эрсдэлд оруулдаг тохиолдлууд гарч байх шиг. Дээр нь хадгаламж эзэмшигчийн мөнгийг давуу эрхээ ашиглаж, танил тал, охин компанидаа зээлүүлдэг гэх шүүмжлэл ч сонсогдох боллоо. Хязгаарлах зохицуулалт суулгасан уу? 

-Банкны систем нь өөрөө хөрөнгө оруулагчдын хувьд өгөөжтэй, сонирхолтой, хөрөнгө оруулалтын талбар байдаг. Тэр хэрээр банкинд хөрөнгө оруулах сонирхол өндөр.

Энэ хуулиар зөв л хөрөнгө бол банкинд хэн ч хөрөнгө оруулж болно. Харин банкны үйл ажиллагааг удирдах багт мэргэжлийн байх шалгуур тавина. Яагаад гэвэл тэд эздийн хөрөнгө оруулалтаас гадна олон нийтийн хөрөнгийг удирдах учраас эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжлийн шийдвэр гаргадаг баг ажиллах ёстой юм. Өмнөхөөсөө өндөр шаардлага тавьж байгаа гэж ойлгож болно.

-Хөрөнгө оруулагчид шаардлага тавихгүй болохоор эргээд асуудал үүсгэхгүй юу? 

-Хөрөнгө оруулагч нарт шаардлага тавих арга байхгүй. Харин хөрөнгө оруулагчийг төлөөлөөд банкийг удирдах Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) гэж байгууллагад мэргэжлийн байх шаардлага тавина. Хэрэв хөрөнгө оруулагч нь ТУЗ-д орж ажиллах бол мэргэжлийн шаардлагуудын босго хангах ёстой. Энэ нь ч зөв. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хөрөнгийн төлөө түүнийг удирдах баг мэргэжлийн байх ёстой шүү дээ.

-Банк нь охин компанидаа давуу эрх олгодог асуудлыг хэрхэн зохицуулах вэ? 

УИХ 2008-2009 оны үед Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн үед охин компанийн үйл ажиллагааг либеральчилж, чөлөөтэй тавьж өгсөн. Хууль хэрэгжсэн найман жилийн хугацаанд үр дүнгээ өгсөн ч юм бий, эрсдэл ч бий болгосон.

Банк бол эзэд, олон нийтийн хөрөнгийг удирдаад явж байх ёстой. Гэтэл охин компани гэж тусдаа хөрөнгө гаргаад түүгээр дамжуулаад хөрөнгө оруулагч нарт илүү ашиг өгдөг үйл ажиллагаа эрхлэх нь эргээд эрсдэл бий болгож байгаа учраас банк нь хараат болон охин компанитай байхыг энэ хуулиар бүрэн хориглосон.

Гэхдээ бүрэн хориглох нэрийн дор өнөөдрийг хүртэл бий болгосон сайн зүйлүүдийг нь эвдэж болохгүй. Тийм учраас даатгалын зуучлал, кастадион, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээнүүдийг зах зээл дээр банкууд илүү мэргэжлийн төвшинд хийж чадах учраас Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нэмэлтээр эрхэлж болохоор зохицуулсан.

-Нэг эзэн олон банктай байх боллоо. Үүнд зохицуулалт хийх үү? 

-Нэмэлт зохицуулалт хийх шаардлагагүй. Одоогийн хэрэгжиж байгаа хуульд хангалттай хязгаарлалт бий. Төв банк хяналтаа илүү чангаруулахад л анхаарах ёстой. 

-Төв банк арилжааны банкуудад эрсдэлээс сэргийлэх хяналт шалгалтыг яаж хийх вэ. Тодорхой хугацааг хуулинд нь тусгаад тэрний дагуу хийх юм уу. Эсвэл эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдалтай тулгарахаар хийх болж байна уу? 

-Төв банк арилжааны банкуудад 1990-2010 он хүртэл өнгөрсөн үйл ажиллагаан дээр нь хяналт шалгалт хийж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, баримтад суурилсан шалгалт хийж байсан гэсэн үг.

Харин 2010 оноос өнөөдрийг хүртэл урьдчилсан хяналт шалгалт хийж ирсэн. Банкинд эрсдэл үүсэхээс урьтаж, урагшаа харсан арга хэмжээ авах зорилготой энэхүү хяналт шалгалтыг илүү боловсронгуй болгож байна. Нэг ёсны банк дампуурч болзошгүй эхний дохиог өгөхөөс эхлээд хөрөнгийг нь хамгаалалтад авах, аль болох эрсдэл багатайгаар банкны системийн хүндрэлийг давж туулах арга хэмжээ авах эрхийг төв банкинд өгч байгаа. 

-Өнгөрсөн хугацаанд Анод, Зоос зэрэг банкууд дампуурч, төв банкнаас арга хэмжээ авсны дараа “Төв банк буруу дүгнэлт гаргаснаас ч гэдэг юм уу, улстөрийн зорилгоор банкийг дампууруулж, төрд авлаа” гэх мэт яриа гарч байсан. Хэрэв төв банкны буруутай үйл ажиллагаанаас болж, арилжааны банк дампуурвал хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Төв банкиндаа итгэх хэрэгтэй. Төв банкинд итгэхгүй бол түүнээс цааш институц байхгүй. Тийм учраас Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиар Монголбанкны чадамжийг нэгдүүлж, илүү их итгэл хүлээлгэж, боломж олгосон.

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс өнөөг хүртэлх хугацаанд 10 гаруй банкны үйл ажиллагаа зогссон байдаг. Дампуурсан тохиолдол бүрийг эргээд судлахад төв банк хяналт шалгалтаа буруу хийсэн, түүнээс нь болоод эздэд нь хохирол учирсан гэж шүүхээр тогтоогдсон зүйл байхгүй. Харин банк дампуурснаас болоод хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад татвар төлөгчдийн мөнгө рүү халдсан гашуун түүх бий.

Цаашид энэ алдааг дахин давтахгүйн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Энэний төлөө хуулийн өөрчлөлтийг хийж байна.

-Энэ хуулийг дагаж өргөн мэдүүлсэн хуульд туссан “Төв банк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” гэсэн заалтыг авчихлаа гэдэг хэл ам гараад байна. Энэ үнэн үү?

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдаж, Банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл өргөн баригдсан юм. Түүнд “Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтоож болно” гэсэн заалт суулгасан байсан. Дагалдах энэхүү хуулийн төслийг ажлын хэсгээс буцаасан. Төв банкнаас зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ямар ч боломжгүй.

-Яагаад боломжгүй гэж?

Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийг сонгосноор эдийн засгийн шинэ харилцаанд орсон. Хэрэв одоо зээлийн хүүд дээд хязгаар тогтооё гэвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо руугаа буцаад бүх нийтээрээ орох хэрэгтэй. Товчхондоо бол зээлийн хүү гэдэг маань бүтээгдэхүүний үнэ. Зах зээлийн тогтолцоогоороо бий болж байгаа бүтээгдэхүүний үнэ дээр УИХ хязгаар тогтоож болох юм бол бүх л бараа, бүтээгдэхүүнийхээ үнэ дээр дээд хязгаар тогтооё л доо. Жишээ нь, талх, шатахууны үнийг тогтооё. Энэ арга бүтэхгүй шүү дээ, явахгүй. 

Яагаад гэвэл зээлийн хүү гэдэг маань манай эдийн засгийн шууд өртөг. Зээлийн хүүг буулгахын тулд эдийн засгийн тогтолцоогоо зөв болгох ёстой юм. Гаднаас хэт хамааралтай эдийн засгийн эмзэг бүтцээсээ салж чадвал зээлийн хүү жамаараа буурна. Аливаа нэг бүтээгдэхүүний үнийг хатуу барина гэдэг аюултай. Хэзээ нэгэн цагт тэсэрнэ.

Зээлийн хүүгийн суурь өртөг нь хадгаламжийн хүү. Хадгаламжийн хүүг бага байлгахын тулд инфляц бага байх ёстой. Инфляц найман хувьд тулаад ирлээ. Хадгаламжийн хүү найман хувиас доош орох боломжгүй. Тэгэхээр эдийн засгийн суурь эрсдэлүүдээ макро төвшинд нам дор оруулж байж, хадгаламжийн хүү, зээлийн хүү буурна.

УИХ инфляцыг нам дор оруулах зорилго руу тэмцэх ёстой. Мөнгөний бодлогын гол зорилт энэ байдаг, Төв банкиндаа хатуу шаардлага тавьж, бие дааж ажиллах боломжийг нь өгч, зорилгодоо хүрэх шаардлага тавих.

Гэвч Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санасан хэмжээнд, Монголбанкны бие даасан хараат бус байдлыг нь хангасан хэлбэрээр батлагдаж чадсангүй.

Эдийн засгийн суурь өртөг дотор банкны өөрийнх нь эдийн засгийн чадамж, банкны тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго, эдийн засгийн суурь өртгийг бууруулдаг хамгийн том хүчин зүйлүүд байдаг. Тэгэхээр зээлийн хүүг шууд бус замаар буулгах арга механизм УИХ-аар батлагдах Банкны тухай хууль болон бусад хуулиудаар дамжиж бий болно гэж ойлгох хэрэгтэй.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж