Ромын папыг эсэргүүцлийн жагсаалтай угтав

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Ромын папыг эсэргүүцлийн жагсаалтай угтав

Ромын папыг эсэргүүцлийн жагсаалтай угтав

Чилид албан ёсны айлчлалаа эхлүүлсэн Ромын пап Фрэнсист Латин Америк зочломтгой зангаа дэлгэсэнгүй. Ватиканы төрийн нарийн бичгийн дарга, Кардинал Пиетро Паролин мөн хэлэхдээ пап Фрэнсисийн энэ удаагийн айлчлал тун амаргүй айлчлал болно хэмээн анхааруулсан нь хэтрүүлэг биш байсан бололтой.

Гадаад улс оронд 22 дахь удаа албан ёсны айлчлал хийж буй Ромын пап Фрэнсисийг энэ удаа төрөлх Өмнөд Америк тивд очиход зочломтгой, дулаан уур амьсгал угтсангүй. Чилид анх удаа айлчилж буй Ромын пап Фрэнсисийг нийслэл хотод зочлоход хэдэн мянган хүн угтсан юм.

Гэвч Ромын папыг хэдэн зуун мянган хүн угтан, тосч авдаг жишиг энд давтагдсангүй. Харин ч эсэргүүцэлтэй тулгарсан аж. Ромын папыг Чилийн ерөнхийлөгч Мишел Бачелет угтан авч, мэндчилсэн юм. Ромын папын амь насанд заналхийлсэн учраас түүний аюулгүй байдлыг хангахад ихээхэн анхаарч, тусгайлан тоноглосон машинд суулгажээ. Ромын католик шашны тэргүүнийг хурсан олны хажуугаар явж өнгөрөхөд хүмүүс “Пап урт наслаг” хэмээн ерөөж байхад зарим нь “Хүчирхийллийг зогсоо” хэмээн хашгирчээ.

Ромын папын айлчлалыг 0-10 оноогоор дүгнэвэл Чилийн иргэд Католик шашны тэргүүнд 5.3 оноо өгсөн нь өмнөх папуудын рейтингээс хамгийн доогуур үзүүлэлт юм. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийн католик сүмд итгэх сүсэг бишрэл 36 хувьтай байсан нь Латин Америкийн орнуудын хувьд урьд хожид байгаагүй муу үзүүлэлт гэнэ. Католик сүмийн нэр хүнд ингэтлээ унасан Латин Америкийн орнууд руу хувийн онгоцоор нисэхийн өмнө Ромын пап өөрийнх нь төлөө залбирахыг Ватиканы католик шашинтнуудаас гуйсан нь гайхах зүйл биш байв.

Чилийн хүн амын 60 гаруй хувийг Христийн шашинтнууд эзэлдэг бөгөөд 45 хувь нь католик сүмд очдог ажээ. Гэхдээ Чили бол шашны нөлөө хамгийн бага Латин Америкийн хоёр дахь улс юм. Чилийн хүн амын 38 хувь нь шашингүй үзэлтнүүд ажээ.

Авлига, ядуурал

Ромын пап Фрэнсисийг Чилид газардахын өмнө ядууралд нэрвэгдсэн энэ орны иргэд папын зардал өндөртэй айлчлалыг эсэргүүцэн шүүмжилснээс гадна Сантъяго хотын католикийн хэд хэдэн сүмд үймээн дэгдээгчид гал тавьж, шатаасан нь шашны тэргүүнд илгээсэн тодорхой мессеж болсон юм. Үймээн дэгдээгчид гурван сүмд гар бөмбөг тэсэлж, шатаасан бөгөөд бас нэгэн сүмийн ханан дээр “ядуус үхэж байна”, “Дараагийн бай Ромын пап шүү” гэсэн бичиг үлдээсэн байжээ. Чилид авлигын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүйгээс нийгмийн хөгжил саарч, иргэд ядуурлаас гарч чадахгүй байгаа гэж иргэд нь үздэг ажээ.

Секс дуулианд нэр холбогдсон католик сүм хийдийн эрх ямбатнууд шашны нэр хүндийг унагав

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр Ромын католик шашны өндөр мяндагтнууд секс дуулианд нэр холбогдож, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргүүд сүүлийн жилүүдэд байнга гарах болсноос католик шашны сүмийн нэр хүнд ихээр унасан. Орон нутгийн католик сүмийн тэргүүнүүд насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт учруулсан, садар самуунд уруу татсан католик шашны нөлөө бүхий санваартан Фернандо Карадиматай холбоотой гомдол, шүүмжлэлүүдийг арав гаруй жил үгүйсгэж ирсэн юм.

Гэвч хохирогч энэ хэргийг олон нийтэд ил болгосноор Ватикан албан ёсоор мөрдлөг явуулж, 2011 онд Фернандо Кадимаг буруутайг тогтоосон билээ.  

Мөн хүүхэд хүчирхийлэгч Фернандо Кадимагийн нүглийг мэдэж байсан ч нуун дарагдуулсан гэх Хуан Барросыг Ромын пап Чилийн өмнөд мужийн бишопоор томилсон нь католик шашинтнуудын эдгээгүй байсан шархыг сэдрээсэн хэрэг болсон юм.

Карадимагийн хохирогчдын нэг бишоп Барросыг болсон явдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч зогсоох гэж оролдоогүй гэж мэдүүлсэн. Карадимад дээрх хэргийнх нь төлөө үлдсэн амьдралынхаа турш хийсэн хэрэгтээ гэмшиж, залбирах шийтгэл оноосон боловч Чилийн католик шашинтнуудын алдсан сүсэг бишрэлийг эргүүлж чадаагүй юм.

Мөн нэгэн хохирогч “Ромын папын хувьд Ватиканы хүчирхийлэгчдийн үйлдсэн нүгэлт хэргийн төлөө уучлал гуйж, цаашид ийм явдал гаргуулахгүй байх арга хэмжээ авах цаг нь болсон” хэмээн хэлсэн байна.  Ромын  пап Чили дэх айлчлалаа пүрэв гаригт өндөрлөж, Перуд айлчлах ажээ.

Ромын пап Латин Америк дахь айлчлалаар цагаачид болон уугуул иргэдийн эрхийг хамгаалж, Амазоны ширэнгэн ойг хамгаалалтад авахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм. Гэвч пап Фрэнсисийн хувьд энэ бүхнээс илүү католик шашны нэр хүндийг аврах нь юу юунаас илүү чухал болсон нь Латин Америк дахь айлчлалын эхний өдрөөс мэдэгдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж