Улаан асрын зүүд (24-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (24-р бүлэг)

Улаан асрын зүүд (24-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Хорин дөрөвдүгээр бүлэг

СОГТУУ ЧОЙЖИН АШГИЙГ БОДОЛГҮЙ ИТГЭЛ ЖУРМЫГ ЭРХЭМЛЭЖ, ШУНАЛТ ХҮҮХЭН АЛЧУУРАА ГЭЭЖ СЭТГЭЛИЙН ӨВЧИНД НЭРВЭГДЭВ

Өгүүлэх нь: Дай Юйг сэтгэл санааны хямралд ороод дотор нь ээдрэн зангирч байхад гэнэт араас нь нэг хүн ирж мөрийг нь алгадаад “Чи ганцаараа энд юү хийж байгаа юм бэ” гэхэд хэрдхийн цочоод эргэн харвал Шян Лин ажгуу. Дай Юй, энэ муу тэнэг охин гэтэж ирээд муухай цочоолоо шүү гэж бодонгуут:

-Чи хаанаас ирэв гэж асуув. Цаадах нь:

-Би эгчийгээ эрж явна.Ер олдохгүй юм.Танай Зы Жюань бас чамайг эрээд байна лээ.Лянь хоёрдугаар найнай юуны цай май авчирч өгсөн гэнэ вэ.Харь харь гээд Дай Юйн гараас хөтлөн Шяо Шян гуаньд ирвэл Фөн Же үнэхээр хоёр жижигхэн лонх дээд зэргийн шинэ цай хүргэж ирсэн байжээ. Тэр хоёр сууж, энийг сайхан хатгаж, түүнийг уран нарийн шивж гэхчилэн ярилцаж, шатар нэг нүүж, хэдэн бадаг шүлэг уншаад Шян Лин явсныг эс өгүүлэн өгүүлэх нь:

-Бао Юй, Ши Рэнь хоёр гэртээ хариад буцаж ирвэл Юань Ян орон дээр хэвтээд шивэгчний нь нэхсэн зүйлийг үзэж байв. Тэрбээр Бао Юйг хараад: “Чи хаачаад ирэв. Лао тайтай чамайг их Лаоегийн амрыг эр гэж хэлүүлээд байна.Чи хурдхан хувцсаа соль” гэв.Бао Юй хувцсаа сольж байх зуураа харвал, Юань Ян улбар өнгөтэй цэгдэг хар торгон ханжаар өмсөөд бор торгон алчуур хүзүүн дээрээ тохоод, улаан хатгамал шаахайтай үйл хийх гэж байгаа бололтой утаснууд үзэж суув. Бао Юй түүнд ойртон хүзүүг нь үнэртэн, гараар илбэж үзвэл Ши Рэнийнхээс ч булбарай зөөлөн байсан учир шууд дарж унаад: “Эгч минь, уруулынхаа энгэсгийг надаар долоолгооч дээ” гээд чихэр мэт наалдав. Цаадах нь:

-Ши Рэнь, чи үүнийг хараач.Чи үүнийг нэг насаараа дагах байтлаа юунд юм хэлдэггүй юм бэ. Энэ чинь ийм л байх юм уу гэж бархирсанд, Ши Рэнь, Бао Юйн хувцсыг тэврэн хүрч ирээд:

-Наадах чинь хичнээн хэлээд үг авахгүй байна гэснээ Бао Юйд, чи ер нь яах гээд байгаа юм бэ.Энэ мэт хачин ааш чинь, энэ газар байхад улам хэцүү болгож байна шүү гээд шаардан хувцаслуулаад гадагш гарвал, хөтөч дагагсад, морь унаа бэлэн байв.Тэднийг явах гэж байтал Жя Лянь өвгөнийд очоод ирж байв. Тэр хоёр хэдэн үг солиод явах гэтэл хажуугаас нь нэг хүн дөхөж ирээд: “Бао авгын амрыг айлтгая” гэв. Харвал, гонзгор цэвэрхэн царайтай, өндөр тэгшхэн биетэй, амарлингуй дөлгөөн царайтай, арван найм ес орчим насны залуу бана. Зүс үзсэн мэт боловч чухам хэний хэн болохыг нь санахгүй байтал Жя Лянь инээж: 

-Чи юунд гайхаав.Үүнийг танихгүй байна уу. Энүүхэн баруунтаа суудаг тавдугаар бэргэний хүү Юнь Эр шүү дээ гэсэнд Бао Юй:

-Нээрэн тийм байна.Би мартжээ.За тэгээд ижий чинь сайн уу. Чи одоо ямар ажил хийж байна вэ гэсэнд цаадах нь Жя Лянийг заагаад:

-Би хоёрдугаар авга эгчид хэдэн үг хэлүүлэх гэсэн юм гэв. Бао Юй инээж: 

-Чи харин урьдахаасаа их өөр болж, яг миний хөвгүүн мэт болжээ гэсэнд Жя Лянь хөхөрч:

-Ичихгүй ийм үг хэлж болдог юм уу. Тав зургаа ах хүнийг хөвгүүнээ гэж болно гэж үү гэсэнд Бао Юй инээн:

-Чи тэгээд хэдэн настай юм бэ дээ гэж асуусанд Юнь Эр:

-Арван наймтай гэв.

Энэ Жя Юнь бол угаас хэцүү хурц цовоо хүн тул Бао Юй түүнийг “Миний хөвгүүн мэт” гэснийг сонсоод инээж: “Өлгийд хэвтдэг өвөг, таяг тулдаг ач” гэж үг байдагчлан нас хэдий ах боловч “Өндөр уул нарыг хэрхэн халхалж чадах вэ дээ. Аав минь нас нөгчсөнөөс хойш зааж сургах хүнгүй явлаа. Бао авга хэрэв ач хөвгүүнээ ядуу мунхаг гэж гололгүй хөвгүүнээ таниваас миний завшаан болох юм гэсэнд, Жя Лянь инээгээд:

-Чи сонссон биз, хөвгүүнээ танина гэдэг тийм амархан хэрэг биш шүү гээд дотогш оров. Бао Юй:

-Маргааш чи завтай болбол очоод надтай уулз л даа.Битгий тэднийг царайчил.Одоо бол би юманд явах гээд завгүй.Бичгийн гэрт хүрээд ир.Би чамтай өдөржин ярилцаж болно.Далимд нь хүрээлэнгээр зугаалуулъя гэж хэлээд мориндоо мордон зарц нарын хамт явж одов.Жя Шөгийн биеийн байдал хатгаа авсан шинжтэй байв.Бао Юй, Жя Мүгийн мэндийг уламжлаад дараа нь түүний амрыг эрэв. Жя Шө босож Жя Мүгийн мэндчилгээг хүлээж аваад: “Агийг тайтайгийн гэрт аваачиж байлга” гэв. Бао Юй тэндээс гарч хүрээний дээд гэрт орвол Шин Фүрэнь харуут босож Жя Мүгийн бие лагшинг асуусаны дараа агитай мэндлэв.Түүний гараас татаж ханзанд гаргаж суулгаад бусад хүмүүсийн тухай асуунгуут цай авчир гэв. Тэгээд цай ууцгааж байтал Жя Цун ирж Бао Юйтэй мэндлээд биеийг нь асуувал Шин Фүрэнь:

-Өөр хаанаас амьд сармагчинг эрж олно вэ.Тэр хөхүүл эх энэ тэр чинь цөм үхэж дуусав уу.Угааж цэвэрлэх ч гүйгээр ухнан халтар царайлаад, их гэрийн бичиг үзэж байгаа хүүхдийн янз хаана байна вэ гэв.Тэгтэл Жя Хуань, Жя Лань хоёр бяцхан ач ирж амар эрэв.Тэднийг исэр хэмээх мухар сандал дээр суулгав. Жя Хуань, Бао Юйг Шин Фүрэньтэй нэг олбог дээр сууж элдвээр энхрийлүүлж байхыг хараад ихэд таагүй болж Жя Ланьд нүдээр дохио өгөөд төдөлгүй гарах болж салах ёс хийтэл Бао Юй: “Цуг явцгаая” гэсэнд Шин Фүрэнь: “Чи түр сууж бай. Чамд хэлэх үг байна” гэв.Бао Юй арга буюу суув. Нөгөө хоёр эмэгтэйд: “Та нар хариад ээж нартаа миний өмнөөс мэнд хүргээрэй. Цаад эгч, авга эгч нар чинь цөмөөр ирээд миний толгойг эргүүлчихлээ. Өнөөдөр та нарт хоол идүүлж чадахгүйнь” гэсэнд тэд нар: “Зүгээр зүгээр, таны мэндийг хүргэе” гэцгээв. Бао Юй:

-Бүх эгч нар ирж чадав уу. Энд харагдахгүй байна гэсэнд Шин Фүрэнь:

-Тэд баахан сууж байгаад ар хүрээ рүү явсан. Хэнийд очсоныг мэдэхгүй гэхэд нь Бао Юй:

-Тэд надад хэлэх үг байна гэв үү гэсэнд Шин Фүрэнь:

-Юуны нь хэлэх үг байхав.Ганцхан чамайг хоол идүүлээд явуулах гэсэн төдий юм.Бас нэг сонин тоглоом чамд өгөх гэсэн юм гэв.

Тэд энэ тэрийг ярьсаар байтал нэг мэдэхнээ нь, оройн хоолны цаг болсон байв. Олон охидыг дуудан ирүүлж, ширээ сандал засан, хундага, пял таваг өрж, авга эх, ач охид, эгч дүүс хоол идэж дууссаны дараа Бао Юй Жя Шөтэй салах ёс гүйцэтгээд олон эгч дүүсийн хамт харихаар явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Юнь дотогш орж Жя Ляньтай уулзаад:

-Хийх ажил гарав уу гэж асуувал цаадах нь:

-Уржигдар харин нэг ажил гараад тэгсэн чинь, авга эх чинь гуйж байгаад Чинь Эрд өгүүлсэн.Тэр надад удахгүй хүрээлэнгийн дотор бас хэдэн газар мод цэцэг тарина. Түүнийг гармагц чамд өгнө гэж амалсаан гэхэд Жя Юнь: “Тэгвэл би хүлээж байя. Авга та бас авга эхийн өмнө миний өнөөдөр ирж сурагласны учрыг хэлэх хэрэггүй.Цагийг нь болохоор хэлэхэд оройтох биш гэв. Жя Лянь:

-Түүнийг хэлж юү хийнэ.Надад хаанаас дэмий юм ярих зав байхав.Би маргааш юманд явна.Чадвал өдөртөө ирнэ.Чи хүлээж л бай.Нөгөөдөр халаа эхлэх үеэр1ирж уулзаарай.Түүнээс эрт хэрэггүй, би тун завгүй гээд дотогш ороход нь Жя Юнь Рун Гуофү ордоноос харих замдаа нэг арга бодоод шууд нагац Бо Шырэнийх рүү эргэв.Энэ Бо Шырэнь бол үнэрт эмийн пүүс нээж байгаа хүн юм. Тэрбээр Жя Юнийг хараад: “Чи яах гэж ирэв” гэж асуув. Жя Юнь:

-Нагацаар туслуулах хэрэг болоод ирлээ.Надад гавар, заар хоёр хэрэгтэй болоод байна.Нагац та дөрөв, дөрвөн ланг хүүтэй зээлүүлээч. Найман сарын арван тавдаар мөнгийг чинь, тоо ёсоор авчирч өгнө гэсэнд, Бо Шырэнь хүйтнээр инээж: 

-Хүүтэй зээлийн тухай битгий ярь.Эртийд манай пүүснээс нэг албаны хүн өөрийнхөө саданд хичнээн лан мөнгөний юм авч өгөөд одоо болтол өгөх юмаа өгсөнгүй.Бид төлбөрт ороод сууж байна.Дахиад бид, ойр төрлийнхөндөө юм зээлээр өгөхгүй, хэн зөрчвөл түүнийг хорин лан мөнгөөр торгоно гэсэн болзол гаргачихаад байна.Чиний хэлж байгаа зүйл бол бас ховор.Чи зээлээр авах байтугай мөнгөө бариад худалдаж авахаар ирсэн ч наадах чинь манайх шиг бяцхан пүүсэнд байдаг эд биш.Энэ бол нэгдэх шалтгаан нь.За хоёрдохыг нь сонс.Чи ийм юм олоод яаж олигтой ашиг олж чадах вэ дээ.Бас зээлээр аваад хамаагүй үрж ч магадгүй.Тэгэх юм бол чи нагацтайгаа учирах бүрд загнуулна гэсэн үг.Үнэнийг хэлбэл чи, нас бага учраас цаад учир явдлыг мэдэхгүй байна.Ер нь арга замаа эрж олоод хэдэн зоостой болоод идэж өмсөхөө гүйцэлдүүлж байвал би баярлана гэв. Жя Юнь тайвнаар:

-Нагац зөв юм хэлж байна.Би эцгийгээ үгүй болох үед даанч бага байжээ.Юу ч мэддэггүй байж.Хожим ээжийн ярихыг сонсвол, нагац аав, бидний өмнөөс арга ухааныг олж тахиж оршуулсан юм гэнэлээ.Гэтэл одоо надад ганц му газар, хоёр тасалгаа байшин үлдсэнийг нагац ямар мэдэхгүй биш.Заавал надаар бүрэлгүүлнэ гэжүү.“Хэдий чадамгай эхнэр боловч амуу будаагүй бол хоол хийж чадахгүй” гэсэн үг байдаг.Надад ямар арга байна вэ.Харин би тулдаа ийм байна.Өөр хүн байсан бол нэр нүүрийг бодолгүйгээр өдөр болгон ирж, чанах будаа, атга буурцаг аль гэж салахгүй зууралдвал нагац танд ямар арга байна вэ гэж асуув. Бо Шырэнь:

-Хүү минь ээ, нагацад чинь байвал өгнө.Ганцхүү чамайг бодлогогүйд зовно гэж өдөр болгон би нагац эхэд чинь хэлдэг юм.Үнэндээ чи зориг гаргаж их гэр2 дээрээ очвол тэдгээр эзэдтэй уулзахгүй ч гэсэн жаахан доогуур амьсгаад3 тэдний нярав4захирагч нарт найр тал хэлбэл бас нэг ажил олж хариуцаж болно.Өчигдөр би хотоос гараад танай гуравдугаар авгын чинь дөрөвдүгээр хөвгүүнтэй уулзсанд тэр харин хэцүү маягтайхан тэргэнд суугаад бас дөрөв таван тэрэг авч дөч тавин бяцхан хуушаан, бумба нарыг суулгаад дээдсийн сүм рүү явлаа. Тэр хэрэв чадалтай байгаагүй бол энэ ажил түүнд олдох уу гэж асуусанд, Жя Юнь түүний барагдашгүй олон үгнээс халшраад босож, явах гэсэнд Бо Шырэнь:

-Чи юундаа яараав. Будаа идээд яв… гэтэл эхнэр нь хажуунаас тосож аваад: “Чи зөнөжээ. Хэдийнэ будаагүй болчихсоон гээд, арай гэж хагасхан жин гурил авчирч чамд хоол хийж өгөх гэж байхад бас баярхана.Энэ зээ хүүг явуулахгүй байлгаж өлсгөж алах нь уу” гэв. Бо Шырэнь:

-Дахиад хагас жин авчирахад болноо гэв. Эхнэр нь, охиноо дуудаж, Инь Же, чи яваад урд гэрийн Ван найнайгаасаа: “Зоос байвал хэдэн арван зоос зээлүүл. Маргааш буцаагаад өгнө гэж хэл” гэв. Эхнэр нөхөр хоёрыг ийн ярилцах хооронд Жя Юнь: “Төвөг, төвөг” гэж хэлээд арилж өгөв. 

Тэрбээр нагацынхаа гэрээс ундууцан гарч ирээд шууд гэр рүүгээ харьж байхдаа, бухимдан өмнөхөө харалгүй бодлогоширч яваад нэг согтуу хүнтэй мөргөлдчихөв. Тэгтэл цаадах нь Жя Юнийг барьж аваад: “Сохор уу чи, яагаад мөргөв” гэж загнаад хараахад нь, хажуу гудамжны хархүү Ни Эр болохыг танив. Тэр бол нэгэн луйварчин хүн.Хэзээд өндөр хүүтэй мөнгө тавьж мөрийтэй тоглоомын газар байдаг, архи ууж хэрүүл хийж явдаг хүн билээ.Энэ удаад авлагатай айлуудаас өр нэхэж согтууран гуйвалж явахад нь Жя Юнь санаандгүй мөргөснөөр далимдуулан зодох гэж давшлав. Жя Юнь сандарч:

-Лао Эр бүү гар хөдөлгө би анхаарамжгүй яваад мөргөчихлөө гэсэнд цаадах нь дууг нь танив бололтой гараа тавиад салдаргалан, анин харан инээх аядаж:

-Жя Эр шив дээ. Хаачаад ирж байгаа юм бэ гэхэд нь Жя Юнь:

-Чамд яриад ч яахав даа. Зүв зүгээрхэн байгаад бас нэг эгдүү хүргэх юмтай таарчихлаа гэсэнд мөнөөх согтуу:

-Юу болов, юу болов.Над хэл, би чамд хариуг нь аваад өгье.Энэ хавийн найман гудамжинд хэн ч гэсэн, согтуу Чойжин5 Ни Эр миний айл саахалтынханд халдвал би түүнийг өндөг зулзагатай нь хамт сүйтгэнэ гэв.

Тэгэхээр нь Жя Юнь: “Чи битгий уурла. Би чамд учрыг нь хэлье” гээд Бо Шырэнийд очсоноосоо хэлтэл согтуу ихэд хилэгнэж:

-Хэрэв тэрбээр чиний садан биш байсан бол би амны зоргоор хараана.Үнэхээр уур хүрч байна.Чи түүнд битгий зов.Надад хэдэн лан мөнгө бий.Чамд хэрэгтэй байгаа бол зовох юмгүй ав.Бид сайн хөршүүд учраас чамаас хүү авахгүй гээд хөндий бүснээсээ6 бөөн мөнгө гаргав. Жя Юнь дотроо: – энэ хэдий луйварддаг зантай боловч бас хүнд тусалдаг учраас л итгэл журамтан гэсэн нэртэй болсон байх. Одоо хэрэв энэ нүүр талыг хүлээн авахгүйгээр түүнийг ичээвэл эвгүй болох байх. Харин мөнгийг нь хэрэглээд хожим давхар хувиар буцаавал болох юм гэж бодоод: “За Лао Эр чи үнэхээр сайн эр юм. Хүнд тал хайрласан тул хүлээн авахгүй гэх ёс хаа байхав. Чи хариад, баримт бичээд аваад ир” гэсэнд цаадах нь хадганан хөхөрч:

-Энэ мөнгө бол арван таван лан гурван цэн төдий л юм. Чи хэрэв баримт бичнэ гэвэл би зээлүүлэхгүй гэсэнд Жя Юнь мөнгийг нь тосон аваад:

-Би чиний үгээр боллоо. Цухалдах учир юу байна гэсэнд цаадах нь инээж: 

-Энэ зөв.Шөнө харанхуй болсон хойно чамд архи өгөхгүй.Над энүүгээр явах жаахан учир байна.Чи харь.Харин чи манай гэрт нэг хэл хүргээтэх гэж л зовоомоор байна.Би одоо харихгүй.Тэднийг үүдээ түгжээд унт гэж хэл. Хэрэв яриа хөөрөөтэй бол миний охиныг маргааш эрт морины наймаачин Ван хазгарын гэрт очоорой гэж хэл гэж хэлээд цааш тэнтэр тунтар алхсаныг эс өгүүлэн өгүүлэх нь:

Жя Юнь санаандгүй болсон энэ явдлыг ихэд гайхан: “Энэ Ни Эр үнэхээр сонин хүн юм. Ганцхан тэр нэгэн цагийн архины халуунаар ийнхүү их мөнгө гаргаад, маргааш харин давхар хувь авна гэж ирвэл яах вэ” гэхчилэн эмээж, шантарсанаа гэнэт: “Гайгүй болов уу. За яахав, миний ажил бүтвэл давхар өгсөн ч болно” гэж бодоод, нэгэн мөнгөний пүүст очиж, данслуулсанд, эзний нь хэлсэн тоо огт зөрөөгүй байсанд баярлав.Тэндээс явж, Ни Эрийнд очиж хэлүүлсэн үгийг эхнэр хүүхдэд нь хэлчихээд харив. Ханзан дээрээ суугаад утас нийтгэж байсан ээж нь хүүгээ орж ирэхийг хараад:

-Хаана очоод бүтэн өдөр болчихов доо гэсэнд Жя Юнь, Бо Шырэний тухай ярилгүй, баруун Фү-д очиж Жя Лянь хоёрдугаар авгыг хүлээсэн юмаа гээд: “Ээж та хоолоо идсэн үү” гэж асуусанд: “Идсээн. Бас чамдаа будаа тавьсаан” гээд бяцхан зарц охиныг дуудан хоолыг нь авчруулав.

Энэ хэр нэгэнт зул барих цаг болсон тул Жя Юнь хоолоо идээд унтахын мөн болов.Өглөө эртхэн босоод шууд явж үнэрт эмийн пүүсэнд очиж, гавар, заар мэтийг худалдаж аваад Рун Гуофүд очив.Жя Лянь гадагш гарсан гэж дуулаад ар хүрээнд очиж түүний хашааны үүдэнд очвол хэдэн зарц банди орчныг шүүрдэн цэвэрлэж байв. Тэр зуур гэнэт Жөү Рүйн эхнэр дотроос гарч ирээд: “Алив та нар, шүүрдэж шороо бужигнуулахаа түр аяд, цаанаас чинь найнай гарч ирэх гэж байна” гэв. Жя Юнь түүнд дөхөж очоод: “Хоёрдугаар авга эх хаашаа явах нь вэ” гэж асуусанд: “Лао тайтай дуудсаан. Бодвол ямар нэг хувцас хунар эсгүүлэх биз” гэж эхнэр хариулав.Төдөлгүй Фөн Жегийн хойно өмнө хэсэг хүн дагалдан гарч ирэв.Энэ хүүхэн эрхлүүлж, хүндлүүлж, ямбалж, яршиглах дуртайг Жя Юнь сайн мэдэх тул яаран өмнө нь очиж хүндэтгэлтэйеэ мэндлэв. Фөн Же түүнийг тоолгүй хажуугаар нь өнгөрсөнөө, эргэж ээжийн нь биеийг асуугаад: “Яагаад манайхаар ирэхгүй байна вэ” гэж лавласанд, Жя Юнь: “Ээжийн бие хариугүй. Авга эх таныг дандаа ярьж байдаг юм.Энд ирэх санаа байвч чадахгүй л байна” гэв. Фөн Же инээмсэглээд: “Чи ч худлаа хэлж чадна даа. Би хэлээгүй бол тэр мөн санахгүй байж чадна” гэсэнд Жя Юнь: “Хэрэв тийм бол ач хөвгүүнийг чинь тэнгэр ниргэг. Аймшиггүйгээр ахас ихсийнхээ өмнө худал хэлэх ёсгүй. Өчигдөр оройхон таныг дурсан: “Авга эх чинь бялд муутай ч, сөс зоригтойн хүчээр тэр их ажил хэргийг амжуулж тэр их айлыг яв тав хийтэл авч явж чадаж байна. Түүнээс өөр тааруухан хүн байсан бол яаж зүдэрч, ямар болсныг хэлэхэд хэцүү” гэж байсан шүү дээ. Би чихээрээ л сонссон гэтэл Фөн Жегийн царай гэрэлтэн инээмсэглэж, тогтуун болоод: “Зүв зүгээр байж байгаад танай ээж, хөвгүүн хоёр юунд далдуур намайг шүүмжлэхэд хүрэв” гэж асуув. Жя Юнь инээвхийлээд:

-За нэг ийм юмаа.Миний нэг найз нилээн зоостой учраас үнэрт эмийн пүүс нээсэн юм.Тэгснээ тэр нэгэн нийлэн шүүгчийн7 зэргийг худалдан аваад Юнь Наний аль нэгэн Фү яаманд томилогдож, гэр хотлоороо нүүх болов.Тийнхүү энэ үнэрт эмийн пүүсээ хаагаад байдаг эд бараагаа хамж цуглуулаад хүнд өгөхийг нь өгч, хямд зарахыг нь зараад, бас ах дүү садан найз нартаа бэлэглэхийг нь бэлэглээд, намайг ч орхилгүй бага сага гавар заар өгөв. Тэгээд би ээжтэйгээ зөвлөлдвөл, хямдаар худалдахад хайран, хүнд өгье гэхээр ийм эдийг эдлэх хүнгүй тул тэр жил авга эх таныг их мөнгөөр ийм юм авч байсныг санаад, энэ жил Юань Фэй хатны ордонд хэрэглэхийг байтугай энэ таван сарын тавны баярт ч, түүнээс цааш ч хэрэглэх нь лавтай гэж бодоод авга эх тандаа өргөн барихаар ирлээ гээд нэг хоргой торгон хайрцагтайг өргөн барив. Фөн Жед, баярын өдрийн бэлэг бэлтгэхэд үнэртэн хэрэгтэй байсан тул тэр дороо инээд алдан, Пин Эрд: “Юнь агиасаа үүнийг хүлээн авч гэрт аваачиж тавь” гээд Юнь Эрд: “Чи үнэхээр их ухаантай хүн байна. Авга чинь, чамайг үргэлж дурсаж хүнээр сайн, үг хэл нь товч тодохой, мэдлэг ухаан сайтай гэж байсан нь үнэн байна” гэв.Жя Юнь, түүний сэтгэл ивэлж байгааг мэдүүт улам ахиулж “Авга ах намайг дурсдаг байгаа юү” гэж асуув.Фөн Же түүнд ажил өгье гэж хэлэх гэснээ, энэ жаахан үнэртэнд болоод ажил амалж байна гэж хөнгөнөөр бодох магад гэж сануут зүгээр л энэ тэрхэнийг яриад Жя Мүд бараалхахаар явж одов.Уг нь түүгээр мод цэцэг тарих ажлыг хариуцуулъя гэж бодсон юм байна.Жя Юнь ч тэгсгээд гэр рүүгээ буцав.Ийн байтал гэнэт, Бао Юй бичгийн гэрт уулзъя гэсэн нь бодогдож хоол ундаа идэж, уучихаад, түүнтэй нүүр учирахаар, гадна талын хашааны бичгийн гэрийг чиглэн явав.Жя Мүгийн тэндэх ёслолын хаалганы гаднах үзэсгэлэнт сэлүүн өрөө хэмээх бичгийн гэрт очвол Мин Янь тэнд болжморын ангаахай барьж байв. Жя Юнь ард нь очоод хөлөөрөө зөөлхөн газар дэвсэн: “Бяцхан сармагчин Мин Янь чи мөн алиа юмаа” гэсэнд цаадах нь цочисхийн эргэж хараад: “Хөөе чи, намайг ингэж цочоох гэж байх уу даа” гэснээ, миний нэр Мин Янь биш болсоон. Манай Бао Эреэ энэ Янь гэдгийг эвгүй гээд.Бэй Мин болгосон.Чи хожим намайг Бэй Мин гэж дуудна шүү гэж хэлэв.Тэгээд тэд бичгийн гэрт орцгоов. Жя Юнь: “Бао Юй энд өнөөдөр ирэв үү” гэж асуусанд цаадах нь: “Ирээгүй. Түүнд хэлэх үг байвал би дамжуулж болно. Эсвэл би явж сураглая” гээд гарч одов.Харин Жя Юнь эндээ үлдээд ном, бичиг, зураг мэтийг үзэж баахан хүлээгээд ирэхгүй болохоор нь өөр хүүхдүүдтэй уулзъя гээд энүүгээр тэнүүгээр жаахан явсанд бүгд нэг тийш тоглохоор явсан шинжтэй байв.Хаачихаа мэдэхгүй уйтгарлаж байтал гэнэт гадаа үүдэнд “Ахаа” гэх зөөлөн хонгор дуу сонсогдов.Ажин харвал, арван тав зургаан насны зарц охин байна. Төлөв байдал тун цэвэрхэн, мойл хар нүд нь мэлтэгнээд Жя Юнийг хармагцаа ухран гарахыг завдтал Бэй Мин орж ирэх таараад, охиныг хармагц: “Өө ашгүй, хүнд үг хэлүүлэх гэсэн юм” гэхэд нь Жя Юнь: “За яав, уулзав уу” гэж асуув. Бэй Мин: “Баахан хүлээлээ. Нэг ч хүн тааралдсангүй.Харин энэ Бао Юйн гэрийн охин байна” гэснээ зарцад “Чи зэргэлдээ айлын Эр Еэ ирээд хүлээж байна гэж хэл.Тэгэхээр мэднэ, цаадах чинь” гэв.Тэр зарц охин, энэ үгийг сонсоод төрөл айлын агь нар болохыг мэдээд, Жя Юнийг сайн харж авав. Тэгэхэд нь: “Чи зэргэлдээ мэргэлдээ гээд яахав. Зүгээр л Юнь Эр ирлээ гэвэл болно” гэж охинд захив. Зарц охин, инээх маяг үзүүлээд: ‘Миний бодож байгаагаар бол та хариад, маргааш ирсэн дээр байхаа. Өнөө орой зав гарвал би хэлчихье” гэв. Бэй Мин үүнийг сонсоод: “Энэ чинь юү гэсэн үг вэ” гэж асуувал мөнөөх охин: “Тэр өнөөдөр үдэд ирж унтаагүй. Харин оройн хоолоо эртхэн идээд гарч ирэхгүй байх.Тийм болохоор таныг энд хүлээлгэн өлсгөж юү хийнэ.Түүний оронд хариад маргааш ирвэл дээр бишүү.Яахав, би яваад буцаж ирэхээр бодсон ч, миний хүргэсэн хэлийг зөвхөн аман дээрээ хүлээж авахын төдий л болно шүү дээ” гэж хэлэв. Жя Юнь, энэ охины уран тод хэлэхийг сонсоод нэрийг нь асууя гэж бодсон ч Бао Юйгийн зарц охин гэхээр эвгүй санагдаад: “Чиний хэлж байгаа зөв өө, Би хариад маргааш ирье” гээд гаран завдав. Бэй Мин: “Чи зөв хэллээ. Би бас маргааш ирнэ” гэхэд нь Жя Юнь: “Чи ирээд яахав. Би бас өөр яриатай” гээд гарч яваад эргэж харвал мөнөөх охин түүний хойноос харсан маягтай зогссоор байв.

Маргааш нь Жя Юнь яарсаар их хаалганд очиход нь бас л Фөн Же энд ирж байхтай таарав. Тэрбээр Жя Юнийг хараад тэргээ зогсоолгон цонхны цаанаас инээж: “Юнь Эр чи аймшиггүйгээр намайг залилаваа. Чамд надаас гуйх юм байсан учраас л бэлэг аваачиж өгсөн байна. Чамайг авгаасаа гуйсан гэж өчигдөр авга чинь над хэлсэн шүү” гэсэнд Жя Юнь:

-Авгаас гуйсныг авга эх та битгий ярь.Би одоо гэмшивч барахгүй.Ийм болохыг эрт мэдээд, авга эхээс гуйсан бол өдийд бүтсэн байх байж. Авгыг бүтээхгүй гэж яаж санах вэ гэхэд нь Фөн Же инээж: 

-Уухайс, чи тэрүүгээр бүтээж чадаагүйдээ өчигдөр намайг эрж очоод мэнд мэдсэн байхнээ гэхэд Жя Юнь:

-Авга эх та миний ачлах сэтгэлийг гутаалаа.Надад тийм санаа байхгүй.Хэрэв тийм санаатай байсан бол өчигдөр л авга эхээсээ гуйна шүү дээ.Одоо авга эх нэгэнт мэдсэн тул би харин тэр авгыг орхиод энэ авга эхээсээ гуйж байна.Ямар ч гэсэн намайг өрөвдөх байх гэж итгэж байна гэв. Фөн Же:

-Та нар заавал холуур тойрч явна.Над эрт хэлсэн бол учир байсан юм.Тэр хүрээлэнгийн дотор мод тарих ажлыг хариуцах нэг хүн эрж байлаа. Эртхэн хэлсэн бол өдийд бүтчихсэн байх юм гэсэнд Жя Юнь:

-Тийм юм байгаа бол надад л даалгачих гэсэнд Фөн Же бодлогошроод:

-Уг нь бол тэр ажил сайн бишээ. Ирэх жилийн цагаан сарын дэн, зул бэлтгэх тэр их ажлыг чамд даалгавал дээр юм бишүү гэсэнд Жя Юнь:

-За авга эх минь, урьдаар наад ажлаа өгчих. Түүнийг сайн хийж чадвал харин цаад ажлаа өгч болох юм гэсэнд Фөн Же инээж: 

-Чи харин урт сэжим орхиход8 сайн хүн юм.За яахав, авга чинь хэлээгүй бол би чиний учрыг мэдэхгүй байсан юм.Би одоо хоол идэхээр явж байна.Дараа нь эргээд ирнэ.Үдээс хойш чи ирж мөнгөө аваад нөгөөдөр даруй хүрээнд орж цэцэг таригтун гээд орхиулт тэргээ гилүүлэн цааш явав.

Жя Юнь маш их баярлаад, мөнөөх үзэсгэлэнт сэрүүн өрөөнд очиж Бао Юйг сураглавал тэрбээр өглөө эрт умарт Жюань вангийн ордонд очихоор явсан ажээ.Тэгээд Фөн Жег хүлээж үд өнгөрөхийг хүлээж мэлрэн суугаад нэг баримт бичиж зарцуулын тэмдэг авахаар хүрээний үүдэнд ирээд хүнээр дотогш хэлүүлсэнд Цай Мин гарч ирээд баримтыг нь аваад буцсанаа, төдий л удалгүй мөнгөний тоо, он сар зэргийг зөвшөөрүүлэн бичүүлж, зарцуулах эрхийн тэмдэгтэй хамт авчирч өгөв.Жя Юнь бичгийг аваад үзвэл, хоёр зуун лан мөнгө зөвшөөрсөн тул ихэд баярлан, тэр даруй мөнгөний хүүд очиж мөнгөө аваад, гэртээ харьж болсон явдлаа ээждээ хэлээд бөөн баяр болцгоов. Маргааш нь үүрийн таван жингээр босож, Ни Эрийг олж мөнгийг нь өгөөд тэндээсээ явж баруун их хаалганы гаднах цэцэрлэгч Фан Чүнийхээс тавин лангаар тарих мод аваад буцсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Бао Юй тэр нэгэн өдөр Жя Юньтэй уулзаад, маргааш ирж уулзаарай гэж хэлсэн боловч тэр нь угаасаа баян эрхэм агь нарын ам хэлний үзүүрийн үг тул юунай эргэж санах вэ.Аль хэдийн мартжээ. Энэ өдрийн орой харин Умарт Жюань вангийн ордноос эргэж ирээд Жя Мү, Ван Фүрэнь нарт бараалхсаны дараа, хүрээлэнд очиж дээл хувцсаа солиод, биеэ угааж цэвэрлэх гэтэл, Ши Рэнийг Бао Чай товч шилбэ зангидуулах гэж урин аваачсан, Чю Вэнь, Би Хэнь хоёр ус авахаар явсан, Тань Юнь өвдсөн ээжээ эргэхээр явсан үе таараад хар бор ажлын хэдэн зарц охид үлдсэн ч биднийг хэн дуудааж гэж бодоод найз нараараа тарсан учир ганцхан Бао Юй л гэр сахьсан шинжтэй байжээ. Бао Юй цай уух гэж зарц нараа дуудсанд хоёр гурван эмгэн орж ирэв. Бао Юй тэднийг хараад: “Хэрэггүй, цаашаа, цаашаа” гэж гараар затав. Тэд ч дорхноо буцав. Бао Юй зарц охид харагдахгүй болохоор арга буюу өөрөө доош бууж аяга аваад цай аягалах гэтэл гэнэт араас нэгэн хүн:

-Эр Еэ гараа халаагууз.Би аягалж өгье гэсээр ирж аягыг нь авав. Бао Юй хэрдхийн цочиж,

-Чи хаана байгаад гэнэт гарч ирж цочоов гэсэнд тэр зарц охин инээж: 

-Би хойт хүрээнд байв.Сая дотор өрөөний арын үүдээр орж ирлээ.Эр Еэ хүний хөлийн чимээ сонссонгүй юү гэж асуув.

Бао Юй цай уух зуураа, охиныг ажиглаж байв.Энэ охин хуучивтар хувцас өмссөн боловч хөө хар гэзгээ шанхлан ороосон нь гонзгор царайдаа зохьсон, өндөр нарийхан биетэй, гоолиг цэвэрхэн төрсөн ажээ. Бао Юй:

-Чи бас манайд байдаг юм уу гэж асуусанд охин:

-Тиймээ гэв. Бао Юй:

-Чи миний гэрийн хүн юм бол би яагаад таньдаггүй билээ гэхэд нь охин хүйтнээр инээгээд:

-Агийн танихгүй хүн яалаа гэж ганц би байхав даа, олон л байгаа. Би бас цай ус, энэ тэрийг зөөдөггүй, ер ойр зуурын ажил хийдэггүй болохоор яалаа гэж таних вэ гэсэнд Бао Юй:

-Чи яагаад ойр зуурын ажил хийдэггүй юм бэ гэж асуусанд охин,

-Би үүнийг хариулж мэдэхгүй.Ганц нэг учрыг өөрт чинь хэлбэл, өчигдөр Юнь Эр гэж хүн, өөрийг чинь эрээд ирэхээр нь би “Эр Еэ завгүй” гэж Бэй Мингээр хэлүүлсэн.Тэр өнөөдөр бас ирсэн.“Умарт Жюань вангийн ордонд очихоор явсаан” гэж хэлсэн гэж ярилцаж байтал Чю Вэнь, Би Хэнь хоёр хаах, хөөх хөхрөлдсөөр, нэг гараар хормойгоо шууж суулга ус дамнаад, хайвалзан дайвалзан, асгаж цутгасаар орж ирэхийг яаран очиж тосож авав.Тэр хоёр биенээ “Чи хувцас норгов”, “Үгүй, чи миний хөл дээр гишгэсэн” гэж зэмлэн орж ирэхдээ, гэнэт нэг охин гарч ирээд усыг нь тосон авсаныг харвал Шяо Хун байв.Тэд гайхан усаа тавиад яаран дотогш орвол Бао Юй ганцаараа байхыг хараад дотор нь эвгүй болов.Тэгээд тэд угаалгын хэрэгсэл, энэ тэрийг нь Бао Юйд бэлтгэж өгөөд, дээл хувцсыг нь тайлуулаад гарч ирэв.Тэгээд тэртээх байранд очиж Шяо Хунийг эрж олоод “Сая чи тэр гэрт юу хийж байсан бэ” гэж асуув. Охин,

-Юуны чинь, гэр дотор байх.Би алчуураа гээгээд эрж дотогш орохоор явж байтал, санамсаргүй Эр Еэ цай уух гэж эгч нарыг дуудсанд хэн ч байсангүй учир би яаран очиж цай хийж өгч байтал та нар хүрч ирсэн гэсэнд, Чю Вэнь нүүр рүү нь нулимж “Ичдэггүй муу өлөгчин!Чамайг ус авахаар оч гэхээр би ажилтай гэж шалтаглан биднийг явуулчихаад сэлүү завтайг далимдуулна гэнээ чи.Бага багаар ахиж даварсаар байгаад мацаад гарах санаатай юү.Бид чамаас дутуу болчихов уу.Тэр толинд чи царайгаа хар.Чи цай ус зөөхөд тэнцэх нүү” гэж асуув. Би Хэнь:

-Маргааш би тэдэнд хэлнэ.Алив цай ус энэ тэрийг зөөх бол ганцхан энүүгээр л зөөлгөе. Бид хараад сууж байя гэнэ” гэсэнд Чю Вэнь:

-Тэгэх юм бол бид бүгдээрээ тараад ганцхан үүнийг л энд байлгая гэж би ч хэлнэ гэв.

Тэр хоёр ийнхүү, бие биенийхээ үгийг дэмжин, мөнөөх охиныг ад үзэж байтал нэг эмгэн орж ирээд Фөн Жед хүргэх захиаг өгөөд: “Маргааш цэцэрлэгч авчирч мод тариулна. Та нарыг угаасан хувцас, хормойвч мэтээ хамаагүй битгий дэлгэж хатаа.Хиймэл ууланд халхавч хөшиг татсан тул дураар тэнэж болохгүй гэж байна” гэв.

-Тэр цэцэрлэгчийг авчирч мод тариулах ажлыг хэн хариуцаж байгаа юм бэ гэж Чю Вэнийг асуухад, эмгэн:

-Зэргэлдээ айлын Юнь агь гэнээ гэв.Тэр хоёр түүнийг танихгүй учир ийн асуухад Шяо Хун, өчигдөр гадаах бичгийн гэрт харсан залуу гэдгийг хэдийн мэдчихсэн ажээ.Энэ Шяо Хун бол чухамдаа Линь овогтой багын нэр нь Хун Юй хэмээгч бөлгөө.Ганцхан тэр Юй л Бао Юй, Дай Юй нарын нэртэй харгасан учраас Шяо Хун болгосон ажээ.Угаас Рун Гуофү ордны ууч боол9 бөгөөд түүний эцэг нь эдүгээ энэ газрын тариа төмс, гэр хоргын ажлыг хариуцдаг.Энэ Шяо Хун арван дөрөв хүрээд л ордонд орж шивэгчин болоод И Хун Юаньд томилогдсоноор харин ч амар жимэр байх боломжтой болсон ажээ.Сүүлд Бао Юй болон эгч дүүс цугаар Гуань Юань хүрээлэнд нүүж ирээд энэ сууцыг Бао Юйн нэрээр нэрлэжээ.Энэ Шяо Хун хэдийгээр хэрэг явдалд гүн ороогүй шивэгчин боловч бусдаас давуу өнгө зүс сайтай учир дотроо дээшээ ахих санаа агуулж, Бао Юйн өмнө байн байн биеэ харуулж гайхуулахыг оролдоно.Гэвч Бао Юйн дэргэдэх бүлэг охид хэл ам ихтэй хэцүү учир хаанаас түүнд зай завсар олгох вэ.Санаандгүй өнөөдөр нэг завшаан таартал Чю Вэнь нарт довогдуулаад жаахан цөхрөх янз оржээ.Тийн байтал гэнэт хөгшин эмгэн, Жя Юний тухай хэлэхийг сонсоод сэтгэл хөвхөсхийж дуугаа хураагаад орон дээрээ хэвтэн, урваж хөрвөн элдвийг эргэцүүлэхэд огт урамгүй санагдав. Гэтэл нэг хүн цонхны цаанаас “Хун Юй ээ, чиний алчуурыг би оллоо” гэж хэлбэл цаадах нь:

-Чи наашаа хүрээд ир.Тэгэхээр чинь хэлье гэхтэй зэрэг хүрч очив.Цаадах нь шууд ирээд ханцуйнаас нь бариад авах гэсэнд бие зайлж зугтах гээд ухасхийснээ босгонд тээглэж унав. Тэгээд юу болсныг мэдье гэвэл дараах бүлгийг үзэгтүн!


Тайлбар:

  1. Халаа эхлэх үе-Шөнийн таван жин эхлэх үе.

  2. Их гэр-Хуучны сурвалжит айл өрхийн олон салбар угсаа нь уг сурвалжит гэрээ ийн нэрэлдэг

  3. Жаахан доогуур амьсгах-Биеэ хөнгөлөх

  4. Нярав-Хөрөнгө сан хадгалагч

  5. Чойжин-Догшин дүрт бурхан

  6. Хөндий бүс-Торгоор хийсэн мөнгөхийгээд зүүдэг сэв. Эрт үед даалин ч гэдэг байв.

  7. Нийлэн шүүгч-Шүүх яамны ноёны туслагч

  8. Урт сэжим орхих-Холын ашиг тусын төлөө урьдчилж арга зам хайх

  9. Уг боол-Үеийн үед албат шивэгчин бологчид

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж