Хар тамхинд донтогчдыг эмчлэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Хар тамхинд донтогчдыг эмчлэх боломжгүй

Хар тамхинд донтогчдыг эмчлэх боломжгүй

Жил ирэх бүр нэмэгдэж буй хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж буй талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах дэслэгч С.Батзоригтой ярилцлаа.


-Хар тамхины хууль бус худалдаа арав дахин нугарсан бизнес болсон талаар яриагаа эхлүүлье.

-Ашиг олох зорилгоор иргэд хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нуун оруулж ирж байна. Тэр тусмаа амьдралын боломжгүй хүмүүс амар хялбар аргаар нэг дор их хэмжээний мөнгөтэй болохоор хар тамхи нууж оруулж ирж байна. Энэ л хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдэх том шалтгаан болоод байна.

-Мөн ОХУ, БНХАУ гэсэн хар тамхи үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр орны дунд байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх нэг шалтгаан бус уу?

-Үнэн. Энэ шалтгаанаас болж Монгол Улсад хар тамхины хууль бус наймаа, хэрэглээ дэлгэрч байна. Мөн Монгол Улсад ургаж буй каннабис тархац ихтэй. Хар тамхи донтогчдыг бүрэн эмчлэх эмчилгээ Монголд байхгүй гээд өөр олон шалтгаан байна.

Дэлхийн бусад улс оронд эдгэрэлт нь таван хувьтай, доод тал нь таван жилийн хугацаатай эмчилдэг эмчилгээ байна. Таван жилийн хугацаанд таван хувийн эдгэрэлтэй л гэсэн үг. Арай ядан эмчлэгдсэн таван хувь нь эргээд маш амархан хар тамхи, мансууруулах бодисоо хэрэглэж болзошгүй. Ер нь хар тамхи, мансууруулах бодисын донтолтоос эргээд гарах бараг боломжгүй, эдгэршгүй өвчин гэдгийг л иргэд ойлгоосой.

-Бусад улсад байдаг шиг таван жилийн хугацаанд хатуу хяналтдаа байлгаж, хар тамхинд донтогсдыг эмчлэх газар, эмнэлэг одоогоор Монголд байхгүй гэсэн үг үү?

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд зөвхөн хордлого тайлах эмчилгээ л хийдэг. Таван жилийн хугацаанд тууштай эмчлэх эмнэлэг байхгүйн улмаас хэрэглэгчийн тоо өсөх бас нэг шалтгаан. Үүнээс гадна өсвөр үеийнхэн, насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ даган дуурайж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх боллоо. Тэд цахим орчноос чөлөөтэй мэдээлэл авч байна.

-Цахим орчин дахь мэдээлэл ямар ч хяналтгүй, хар тамхи гээд л бичингүүт холбоотой бүх мэдээлэл, зураг, бичлэг нь гараад ирдэг дээ…?

-Хайж байж олсон, харсан, уншсан мэдээллээ эргээд хүүхдүүд даган дуурайдаг. Цааш нь өөрийнхөө үзэж, уншсан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой мэдээллээ нэг нэгэндээ дамжуулдаг.

-Нэгнээ даган дуурайх шалтгаан нь юу байх уу?

-Сонирхол. Цахим орчноос харсан, зурагтаар гарсан. Нэг нь сонирхоод татаж үзсэн бол нөгөө нь дуурайгаад би нэг сороод үзье гээд л нэгнээ байнга даган дуурайж, гэнэн зангаасаа болж хэрэгт холбогдоод байна.

-Жил ирэх тусам хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч болоод энэ гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тоо 25-30 хувийн байнгын өсөлттэй гарчээ?

-Сүүлийн гурван жилд бүртгэгдсэн гэмт хэргийг авч үзвэл 2015 онд 79 хэрэгт 169 хүн, 2016 онд 109 хэрэгт 224 хүн, 2017 онд 117 хэрэгт 282 хүн холбогдон шалгагдсан. Насны хувьд хэрэгт холбогдсон иргэдийн 80-82 хувийг 19-35 насныхан эзэлж байна.

2017 оны тухайд насанд хүрээгүй 19 хүн хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдож шүүхээр хэрэг нь шийдвэрлэсэн байна. Насанд хүрээгүй 10 хүүхэд 2015 онд, зургаан хүүхэд 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож шалгагдсан. Хар тамхины хэргээр одоо 139 хүн ялаа эдэлж байна. Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодис Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн есөн холбогдогчтой зургаан хэрэг, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авсан 128 холбогдогчтой 52 хэргийг шалгаад, шүүх яллагдагчдад тохирсон ялыг нь холбогдох хуулийн дагуу оноосон гэсэн үг.

-Эрүүгийн шинэ хуулиар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хууль бусаар тээвэрлэсэн иргэдэд оноох ялыг 12 жил болгож багасгасан байсан?

-25 жил байсныг 12 болгож багасгасан. Мөн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлбэл 2-8 жилийн ял оноохоор заасан. Гэхдээ төрийн бус байгууллага, цагдаа, гааль, боловсролын байгууллага яаж ажиллах вэ гэдгийг нарийвчлан тусгасан. Ингээд өнгөрсөн 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр Засгийн газар баталсан.

-Хэрэглэгч, донтогчийг шээс, цусны шинжилгээгээр илрүүлэх үү?

-Дэлхий нийтийн жишиг нь шээсний шинжилгээ. Шаардлагатай тохиолдолд цуснаас авна. Яагаад цусыг нь нийтлэг шинжилдэггүй юм бэ гэхээр цус нь амархан муудаж бүлэгнэдэг. Цусыг заавал хүйтэн агаарт хадгалах шаардлагатай. Шээс бол найдвартай. Шээснээс бид шинжилгээ хийдэг. Хумс, үс зэргийг шинжлэн тодорхойлох шинжилгээний багажтай болох талаар БНСУ-тай хамтарч нэг төсөл боловсруулсан. Авах саналаа тавьсан. Удахгүй ирэх байх аа. Шинжилгээний багаж, хариуны тухайд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 3-5 хоногийн дотор шинжилгээний хариуг эцэслэн гаргадаг. Цагдаагийн мөрдөгчдөд зургаан төрлийн мансууруулах бодисыг илрүүлдэг шинжилгээний тандалтын багаж бий. Тест тавьдаг. Энэ тандалтын тест тухайн сэжигтнийг гурван минутын дотор хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шинжилдэг. Энэ тест рүү шээлгээд, дээж аван шинжилнэ. Үр дүн нь жирэмсний тест шиг гараад ирнэ. Хоёр зураастай бол мансууруулах бодис хэрэглээгүй, нэг зураастай бол хэрэглэсэн байна гэсэн үг. Өөр нэг шинжилгээний багаж бий. Хүний гарын арчдасыг шинжилдэг БНСУ-д үйлдвэрлэсэн багаж. Энэ бол 20-30 секундийн дотор ямар төрлийг хар тамхи, мансууруулах бодис вэ гэдгийг шууд гаргаж ирнэ. Ширээ, тавиур гээд биет зүйлс дээр тогтсон үл мэдэгдэх зүйл /тоос, үртэс/ зэргийг арчаад тавихад ямар төрлийн бодис вэ гэдгийг тогтоодог. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, ямар нэгэн байдлаар барьсан иргэний гараас арчдасын шинжилгээ авахад барьсан бодис, тамхиных нь төрөл нь гарч ирдэг.

-Монголд тархац ихтэй каннабисыг мөнгөгүй шалтгаанаар сүүлийн хоёр жил устгаж чадаагүй гэсэн үү?

-2013-2015 онд каннабисыг орон нутгаар явж устгасан. Гурван жил дараалан устгахад энэ мансууруулах ургамал хэдэн га-гаараа татарсан. Устгал хийхээс өмнө шигүү ургадаг байсан бол дараа нь татуу ургадаг болсон гээд үр дүн гарсан. 2016 онд төсөв байхгүй шалтгаанаар устгаж чадаагүй. Ингээд тухайн онд каннабисын төрлийн гэмт хэргийн тоо өссөн. Каннабис үрээ хаясан тохиолдолд салхинд туугдаад газрын хөрснөөс доош нэг см-т орсон тохиолдолд дараа жил нь шууд ургах чадвартай байдаг. Ганц устгах арга нь үндсээр нь авч устгах хамгийн үр дүнтэй. Гэхдээ бид бол хөрсийг нь хуулж шатаадаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж