Тамирчид шагийн тасалбараас сэргийлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Тамирчид шагийн тасалбараас сэргийлжээ

Тамирчид шагийн тасалбараас сэргийлжээ

Үндэсний бөхийн чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх бямба гаригт “АСА” циркэд болох юм. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан, “Жудаг” группээс санаачлан зохион байгуулж буй 30 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнээс олсон орлогыг чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулсан ‘НЭГ СЭТГЭЛ’ аянд хандив болгоно.

Халз барилдааны тасалбарыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар борлуулж эхэлжээ. Тамирчид өөрсдийн фэйсбүүк хаягаараа захиалгыг авч байгаа бөгөөд тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй аж.

Шилдэг бөхчүүдийн халз барилдааны тасалбарыг шагийн үнэд хүргэхгүйн үүднээс тамирчид ийнхүү өөрсдөө борлуулж эхэлсэн байна.

Бямба гаригт болох 16 бөхийн барилдааны үеэр чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн тамирчин Т.Төмөрхүлэг нар үндэсний бөхөөр барилдах юм.

Чөлөөт бөхийн замналаа 22 насандаа өндөрлүүлсэн ч дасгалжуулагчийн албанд шилжсэн Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулсан ‘Нэг сэтгэл’ аяны хандивыг Хаан банкны 5027815270, Төрийн банкны 108801412849 дансаар болон 98000211, 99908448 дугаарт залган тодруулж болох юм байна.  

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж