Г.Мандахнаран 74 кг-ын жинд барилдана

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран 74 кг-ын жинд барилдана

Г.Мандахнаран 74 кг-ын жинд барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд боллоо. Энэ оны улсын аваргад олон шилдэг бөхчүүд барилдсаны дунд 32 настай, гавьяат тамирчин Г.Мандахнаран байсан. Тэрбээр 74 кг-ын жинд барилдаж, улсын аваргад түрүүлсэн юм. Түүний хувьд улсын аваргын долоо түрүү авснаас гадна дөрвөн өөр жинд түрүүлсэн анхны эрэгтэй бөх болсон нэгэн хосгүй амжилтын эзэн болжээ. 

Ингээд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, ‘Рио 2016’ олимпийн наадмын шагналт V байрын эзэн, Азийн наадмын аварга Г.Мандахнарантай тэмцээний үеэр цөөн хором ярилцсанаас хүргэе.

-Энэ жилийн улсын аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

– Жил ирэх тусам улсын аваргын тэмцээн өрсөлдөөн ихтэй байдаг. Энэ жил ч ялгаагүй тамирчид маш сайн бэлтгэлтэй байсан. Би зооны аваргын төлөө “Аваргууд академи” клубын Г.Идэрхүүтэй барилдлаа. Энэ барилдаан их хүнд болсон доо.

-Шинэ жинд барилдах ямар байна вэ?

-Дэлхийн бөхийн холбооны шинэчилсэн дүрмээр жинд өөрчлөлт орсон. Мөн тэмцээний өглөө жингээ үзүүлдэг боллоо. Жин багасгах хэрэгтэй болж байна. Шинэ дүрэм таалагдаж байгаа. 74 кг бол олимпийн жин. Тиймээс энэ жиндээ цаашид барилдана.

-Ойрын үед оролцох олон улсын ямар тэмцээн байгаа вэ?

-Нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотноо болох Иван Ярынгиний гранпри тэмцээн байна. Энэ тэмцээнд оролцоно. 

-Шигшээ барилдааны үеэр Ц.Цогтбаяр багш дасгалжуулагчийн суудалд суухыг хүссэн. Тухайн үед тэмцээний дүрмийн дагуу Ц.Хосбаяр багш суусан байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Дэлхийн бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг Дээд шүүхээс хүчингүй болгосон юм билээ. Энэ бичгийг багш холбооныхонд өгсөн. Уг нь түүний хувьд дасгалжуулагчийн суудалд суух хүсэлтэй байсан. 

-Таны “Рио 2016” олимпийн наадамд харамсалтай алдсан хүрэл медалийн асуудал юу болж байна?

-Олон улсын арбитрын шүүхэд хандсан байгаа. Шүүхийн явц удаан үргэлжлэх учраас дахин 1-2 жилийн хугацаа орох шаардлага гарч байна. Өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тухайн барилдааныг шүүж байсан шүүгчтэй таарсан. Бидэнтэй энгийн харьцаж байсан. 

Гэрэл зургийг Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж