Монголын спорт, олимпийн нэрт зүтгэлтэн, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын Банди 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын спортын гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Өнөөдөр спортынхон Спортын төв ордондоо боксын алдарт дасгалжуулагч, багштайгаа салах ёс хийв. Боксын спортын нэрт тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүд салах ёс гүйцэтгэхээр ирсэн байлаа.
Монголын боксын спортын түүхэн дэх олон амжилтын анхдагч болсон, нэрт дасгалжуулагч Д.Бандийн хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээжээ. Дасгалжуулагчдын дасгалжуулагч гэгддэг, боксын гэр бүлийн хамгийн эрхэм түүнийг өөрийнх нь олон жил бэлтгэл, сургуулилт хийсэн боксын заалнаас шавь нар нь ийн бурхны оронд үдлээ. Оршуулах ёслол маргааш болох аж.
Дамдинжавын Банди
(1948-2018)
Тэрээр 1948 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт төрж, 195 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэжээ. Тэрбээр МУИС-д элсэж, тус сургуулийн боксын секцээс спортын гараагаа эхэлсэн түүхтэй. 1966-1976 онд боксчны замналаа үргэлжлүүлж, Монгол улсын долоон удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн “Мюнхен 1972”, “Монреаль -1976” олимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ.
“Бээжин 2008” олимпийн наадамд Монголын боксын үндэсний шигшээ багийг амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртэхэд боксын багийн ахлагчаар Д.Банди багш ажилласан юм. Түүний олон шавь олимп, дэлхий, тивийн медальтнууд болсон.
Монголын боксын спортын түүхэн дэх анхны Азийн наадмын аварга, анхны Азийн аварга, анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль, анхны олимпийн аваргын алтан медаль гээд анхдагч бүхэн түүний амжилттай салшгүй холбоотой юм.
Спортынхон бүгд ‘Банди багш’ хэмээн дотночлон дууддаг түүний эх оронч, спорт, олимпизмийн төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, хичээнгүй, шулуун шударга зан тамирчид болон спортод зүтгэлтэй олон түмний сэтгэл зүрхэнд үүрд дуурсагдах болно.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ